Уяхан замбутивийн наран (дуу)
“Их замбуу тивийн наран” буюу “Уяхан замбуу тивийн наран” Монгол Ардын уртын дуу юм.
Энэ дуунд монголчуудын олон мянган жилийн турш уламжлагдаж ирсэн өдөр тутмын аж амьдралын баяр баясал, шүтээн, нарыг эрхэмлэн дээдлэх үзлийн дээд илэрхийлэл болон үүссэн уртын дуу юм.
Монголчууд балар эрт үеэс нааш нарыг эрхэмлэн дээдлэх онцгой зан үйлтэй билээ. “Эртний Сяньби нар гэр орныхоо үүдийг наран мандах зүгт харуулан барьдаг” байсан нь "Нар"-аа дээдлэх заншлын илэрхийлэл байжээ. Монголчууд аливаа ажил үйлс, баяр ёслолыг мандах нарнаар эхэлдэг нь нарыг дээдлэн хүндэтгэж байгаагийн тод жишээ юм. Энэ нь мандаж буй нар адил ажил үйлс нь дэлгэрэн дэвжихийг бэлгэддэл гэж үздэг. Тиймдээ ч Монголчууд нараа магтсан домог үлгэр, дуу дуулал, ерөөл магтаал, сан даллага зохиож зан заншлийнхаа дээд түвшинд хүртэл хадгалж хөгжүүлсээр иржээ. Эдгээрээс “Уяхан замбуу тивийн наран” гэдэг айзам уртын дууг Монголчуудын наранд өргөсөн “Нарны дуулал” гэж үздэг бөгөөд зуун зууны турш дуулсаар өнөө хүрчээ.
“Уяхан замбуу тивийн наран” дуу нь гэрийн найрын зан үйлээс төрийн дуу, мэргэжлийн дуу, дуулал болон хөгжиж улмаар ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд Монгол уртын дууг бүртгүүлэхэд “Уяхан замбуу тивийн наран” дууг Монголын алдарт хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж, Бямбасүрэнгийн Шарав нарын найруулснаар ЮНЕСКО-ийн хөгжмийн сан хөмрөгт оруулсан байдаг.
Их дууч Намжилын Норовбанзад бол Жигзавын Дорждагва багшаараа “Уяхан замбуу тивийн наран” дууг заалгасан гэдэг. 1993 онд Японы Фукуокогийн Азийн соёлын наадамд Норовбанзад гуай “Уяхан замбуу тивийн наран” дууг дуулаад шагнал хүртсэн. Тэр үед Японы судлаачид тухайн дуу юуны тухай өгүүлж байгааг сонирхсон байдаг. Япончууд нар, дэлхий сансар огторгуйн тухай дуу гэдгийг нь мэдээд дэлхийгээс тасраад явчих шиг тийм мэдрэмж төрсөн гэж хэлсэн байдаг.
Шуранхай нь уртын дууны хөгжлийн дээд шатыг харуулсан хэлбэр төдийгүй дуулах арга юм. Уртын дуу болгон шуранхайтай байдаггүй. Шуранхайг дотор нь дан шуранхай, давхар шуранхай гэж 2 ангилдаг. Дан шуранхай нь бэсрэг уртын дуунд голдуу дохиолдоно. Давхар шуранхай нь айзам уртын дуунд зонхилдог. Шуранхай нь хэлбэрийн хувьд тухайн дууныхаа утга агуулгын оргил хэсэгт байдаг. Аргын хувьд хүч хассан хоолойгоор уран тунгалаг өнгө эгшиг гаргахыг хэлнэ. Шуранхайлж байгаа яг тэр хэсгийг төгсгөхөд 2 янзын хэлбэр байдаг. Нэгдүгээрт шуранхайг төгсгөх "шавхах " арга гэж байна. Энэ нь тухайн шуранхайгаа хамгийн дээд эгшигт хүргэж шавхаж дуусгах, хоёрдугаарт шуранхайгаа дээд эгшиг рүү шавхахгүйгээр буцаан эргүүлж хамгийн дээд эгшгээс доош нь буулгаж дуусгах. Буулгаж дуусгах энэ арга хэлбэрийг "шуранхайг эгээх" гэж нэрлэдэг уламжлалтай юм. Шуранхай бол уртын дуугаар дамжин илэрхийлэгддэг монгол хүний хязгааргүй уужим “орон зайн сэтгэлээ”-ний илэрхийлэл билээ. Тийм ч учраас нүүдэлчин монголчуудын оюун сэтгэхгүйн мөн чанарыг илтгэсэн “Их замбуу тивийн наран” гэдэг дуунд “шуранхай” шигтгээстэй байдаг. Ер нь эртний гарамгай уртын дуучид шуранхайлж сураагүй хүнийг уртын дуучинд тооцдоггүй байжээ. Нүүдэлчин монголчуудын тэнгэрлиг, оюунлиг, бас бодит, эрчимлэг сэтгэлгээг “Их замбуу тивийн наран” дуунаас сонсож болно.
Уг уртын дууг олон хүн сайхан дуулсан байдаг. Үүний дотор Жигзавын Дорждагва, Солийн Цоодол маш гоё уран чамин дуулсан. Мөн Мягмарсүрэнгийн Дорждагва уг дууг өвлөн залгамжилж бүрэн эхээр нь дуулсан юм. Алдарт дуучин Д. Гончиг мөн Дамчаа болон, Авгаанжамбал нар уг дууг сайхан дуулж байжээ.