Jump to content

Фигаро сонин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лё Фигаро (Франц: Le Figaro) бол 1826 онд байгуулагдсан Францын хамгийн эртний өдөр тумын хэвлэмэл сонин юм. Сонины энэ нэрийг Пьер Бомаршэ-гийн жүжгийн баатар болох Фигарод зориулж өгсөн ажээ. Тэрхүү Фигарогийн хурим жүжгээс “Шүүмжлэх эрх чөлөөгүй газар ямар ч магтаал үнэ цэнгүй байдаг” (фр. Sans la liberté de blâmer, il n’est point d'éloge flatteur) гэх, тус сонины уриа гарсан байна.

"Лё Фигаро" сонин.

1854 оны 4 дүгээр сар хүртэл сонин тогтмол бус бөгөөд 4 хуудастай жижиг форматаар хошин шогийн агууллагтай гардаг байжээ. Анхны редакторууд бол:

  • Феликс Дэвин;
  • Леон Гозлан;
  • Огюст Жал;
  • Жюль Жанен;
  • Альфонс Карр;
  • Нестор Рокплан;
  • Жорж Санд;
  • Жюль Сандо нар байсан.

1854 онд Ипполит де Вильмесан уг хэвлэлийг худалдан авч, сэргээн босгох гэж хэдэн арван удаа оролдсон байна. Парисын амьдралаас хамгийн дуулиан шуугиантай, сонин өнгө аястай бүх зүйлийг нийтэлж, хамгийн хөгжилтэй танилцуулга хийснээр хэвлэл амжилт олж, долоо хоног тутмын сэтгүүлээс том сонин болж өссөн бөгөөд 1866 оноос хойш өдөр тутмын сонин болжээ. 2005 онд 340 мянга орчим хувь хэвлэгдэж байсан.

Тус сонин нь одоогийн Францын Засгийн газар болон баруун-төвийн намуудын албан ёсны үзэл бодлыг тусгадаг гэж үздэг. Ийм ч учраас Le Figaro-г "зүүн" хэвлэлүүд ихэд шүүмжилдэг байна.

2004 оны байдлаар тус сонин нь Францын нисэхийн Dassault Aviation корпорацийн тэргүүн консерватив улстөрч, тэрбумтан Серж Дассо (франц. Serge Dassault, 1925—2018)- гийн хяналтад байсан. Радио ярилцлагадаа Дассо "Сонинууд эрүүл санаа бодол сурталчлах ёстой" гэж хэлсэн байдаг.

Сонины онлайн хувилбар 2006 онд гарсан. Хэвлэлийн уншигчид нь нийгмийн дунд анги, ахлах ажилтнууд, жижиг бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрддэг. Уншигчдынхаа сонирхлыг харгалзан тус хэвлэл нь улс орны олон нийтийн болон соёлын амьдралд болж буй үйл явдлыг сурвалжлахад илүү анхаардаг байна.