Филипп Петейн

Филипп Пете́йн (франц. Henri Philippe Benoni Omer Joseph Pétain ([filip petɛ̃]); 1856 оны 4-р сарын 24-нд Францын эзэнт улсын Па-де-Кале мужийн нэгэн тосгонд төрж, 1951 оны 7-р сарын 23-нд Франц улсын Порт-Жуанвиль хотод нас барсан) — Францын цэргийн болон төрийн зүтгэлтэн. Дэлхийн нэгдүгээр дайнд цэрэг удирдан оролцож байсан. 1917 онд Францын армийн ерөнхий командлагч, 1918 оноос Францын маршал болсон. 1925—1926 онд Испани, Франц-Мароккогийн буюу Рифийн дайнд Франц-Испанийн цэргийг удирдаж байсан. 1934 онд Цэргийн яамны сайд, 1939—1940 онд Испани дахь Францын Элчин сайд байсан.
1940 онд Германтай дайн дэгдэх үеэр Францын Ерөнхий сайдаар томилогдож, Франц улс унасны дараа дарангуйллын эрх мэдлийг олж авч, 1944 он хүртэл Францын Виши дэглэм гэгддэг, дайсантай хамтран ажилласан Засгийн газрыг тэргүүлж, Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа эх орноосоо урвасан, дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр цаазлуулах ял авсан. Гэвч Дэлхийн нэгдүгээр дайнд байгуулсан өмнөх гавьяа, өндөр нас зэргийг харгалзан үзэж ялыг бүх насаар хорих ялаар сольсон байна.