Jump to content

Францын Виши дэглэм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Францын Виши дэглэм буюу Вишигийн засгийн газар (франц. Régime de Vichy), албан ёсоор Франц улс (франц. État français), — Францын өмнөд хэсэгт дэлхийн хоёрдугаар дайн эхлэх үед буюу 1940 онд Парис хот бууж өгсний дараа бий болсон, дайсантай хамтран ажилласан дэглэм байв. Үүний зэрэгцээ Атлантын далайн эрэг, хилийн зааг хүртэлх хойд Францыг Вишигийн засгийн газрын зөвшөөрлөөр нацист Герман эзэлж авсан юм. Уг дэглэм 1940 оны 7-р сарын 10-наас 1945 оны 4-р сарын 22 хүртэл (де-факто 1944 оны 8-р сарын 25 хүртэл) оршин тогтнож байжээ. Албан ёсоор төвийг сахих бодлого баримталж байсан боловч үнэн хэрэгтээ тэнхлэгийн орнуудын эрх ашигт нийцсэн бодлого явуулж байсан юм.

Виши гэх нэр нь 1940 оны 7-р сарын 10-нд Үндэсний Ассемблей хуралдаж, Маршал Филипп Петейнд онцгой байдлын эрх мэдлийг шилжүүлэхээр шийдсэнээр Гурав дахь Бүгд Найрамдах Улс дууссаныг тэмдэглэсэн Виши хэмээх амралтын хотоос гарал үүсэлтэй ажээ. Петейний засгийн газар Францын хойд хэсэг, түүний дотор Парисыг Германы цэргүүд эзэлж байхад Виши хотод төвлөрөн суусаар байсан. Улмаар 1942 оны 11-р сард Герман Францын үлдсэн хэсгийг эзэлсэн юм.

1944 оны 8-р сарын сүүлчээр Парис хотыг чөлөөлсний дараа Вишигийн засгийн газрыг нүүлгэн шилжүүлж, 1945 оны 4-р сарын эцэс хүртэл цөллөгт байсан.