Францын Энэтхэг-Хятад

Францын Энэтхэг-хятад (франц. Indochine française, вьет. Đông Dương thuộc Pháp, лаос. ອິນດູຈີນຝຣັ່ງ, кхмер. ឥណ្ឌូចិនបារាំង, хятад. 法屬印度支那, пиньинь Fǎshǔ Yìndùzhīnà, палл. Фашу Иньдучжина) — Францын колоничлолын эзэнт гүрний нэг хэсэг бөгөөд Энэтхэг-Хятадын хойг дахь Францын хуучин колони юм.
1887 оноос хойш энэ газар нутаг нь 1858-1884 онд Францад эзлэгдсэн Тонкин, Аннам, Кохинхин зэрэг өнөөгийн Вьетнамын нутаг дэвсгэрийг багтаасан Энэтхэг-Хятадын Холбоо (франц: Union indochinoise, вьетнам: Liên bang Đông Dương) гэсэн албан ёсны нэртэй байсан. Мөн Францын Энэтхэг-Хятадад 1860-1890-ээд онд эзлэгдсэн Камбожийн протекторат, Лаосын протекторат, мөн Хятадаас түрээсэлж авсан Гуанжоуваны нутаг дэвсгэр мөн багтаж байжээ.
1887 оны 10-р сарын 17-ны өдрийн зарлигаар Энэтхэг-Хятадын хойг дахь Францын бүх эзэмшил газар нутаг Энэтхэг-Хятадын Холбоо болж нэгтгэгдсэн бөгөөд энэ нь бүхэлдээ Францын Колоничлолын яамны харьяанд байв. Ерөнхий амбан захирагчийг Энэтхэг-Хятадын Холбооны тэргүүнээр томилсон бөгөөд тэрээр эхэндээ зөвхөн яамныхаа харьяанд байсан ч сүүлд 1891 оноос хойш түүний эрх мэдэл өргөжиж эхэлсэн: Францын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийн цорын ганц төлөөлөгчийн хувьд тэрээр засаг захиргаа, санхүү, эдийн засаг, цэргийн бүрэн эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн байна.
1940 оны 9-р сард Японы цэргүүд Энэтхэг-Хятад руу орж 1941 оны 7-р сард бүрэн хяналтаа тогтоосон юм.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Францын Энэтхэг-Хятадын нутаг дэвсгэрт үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнүүд ялсны үр дүнд Вьетнам, Камбож, Лаос гэсэн тусгаар улсууд байгуулагдсан байна.