Jump to content

Францын кино урлаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Францын кино урлаг (франц. Cinéma français) — Францын үндэсний кино урлаг бөгөөд кино аж үйлдвэрийг хэлнэ.

1895 оны 12-р сарын 28-нд Парис хотын Капучины гудамж дахь Гранд Кафе салонд ах дүү Люмьер нарын кино олон нийтийн үзвэр болж, кино урлаг анх Францад үүссэн юм. Түүнээс хойш Францын кино урлаг Франц болон гадаадад нэр хүндээ хадгалсаар ирсэн бөгөөд олон орнууд дотроос кино орлогоороо Америк, Энэтхэгийн кино урлагуудын дараа ордог юм.

Дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө Патэ (франц. Pathé) Гомон (франц. Gaumont) компаниудын хүчин чармайлтаар Францын кино урлаг дэлхийн кино урлагийн бүтээгдэхүүний 90 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг байсан юм.

Орчин үеийн түүх

[засварлах | кодоор засварлах]

Францын кино урлагийн орчин үеийн дүр төрх Дэлхийн хоёрдугаар дайны дараа дайны гай гамшиг болон Германы эзлэн түрэмгийлэл зэргийг эргэцүүлсний үндсэн дээр бий болсон гэж үздэг.

1946 оноос хойш Каннын олон улсын кино наадам 2 жил тутамд, 1951 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн байна.

1940-өөд оны сүүл, 1950-иад оны эхээр Жерар Филипп, Бурвиль, Жан Марэ, Мари Касарес, Луи де Фунес, Серж Режиани болон бусад жүжигчид алдар нэрээ олж авсан.

Дайны дараа "Пармагийн амьдрал" (франц. La chartreuse de Parme, 1948), "Улаан ба Хар" (франц. Le Rouge et le noir, 1954), "Тереза ​​Ракен" (1953) зэрэг Францын дэлгэцийн сонгодог бүтээлүүд дэлхий даяар алдаршсан байна. 1950-иад оны сүүлчээр Ален Ренэгийн "Хирошима, миний хайр" (франц. Hiroshima mon amour, 1959) нэртэй шинэлэг кино Францын кино урлагийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн.

1950-иад оны "Шинэ давалгаа"

[засварлах | кодоор засварлах]

"Шинэ давалгаа"-ны оргил үед (1950-иад оны сүүлчээр) богино хугацаанд Францын кино урлагт 150 гаруй шинэ найруулагч орж ирсэн бөгөөд тэдний дунд Жан-Люк Годар, Франсуа Трюффо, Клод Лелуш, Клод Шаброль, Луи Маль нар тэргүүлэх байр суурийг эзэлсэн байна.

1960, 1970-аад онд Францын кино урлагт олон шинэ жүжигчин гарч ирсэн бөгөөд тэдгээрийн дотроос хамгийн алдартай нь: Жанн Моро (франц. Jeanne Moreau), Жан-Луи Тринтиньян, Жан-Поль Бельмондо, Жерар Депардьё, Катрин Денёв, Ален Делон, Анни Жирардо, Жак Перрен, Жан-Пьер Кассель, Энни Дюпре, Брижит Фоссе, Мишель Пикколи, Франсуаза Дорлеак, Изабель Аджани, Изабелле Хупперт нар. Инээдмийн жүжигчид Пьер Ришар, Колүш нар мөн алдартай болсон.

1976 онд Америкийн кино урлагийн "Оскар" шагналтай төстэй Үндэсний "Сезар" шагналыг жил бүр зохион байгуулдаг болсон.

Орчин үеийн Францын кино урлаг нь сэтгэл зүйн болон драмын үйл явдлуудыг урлагийн өндөр хэмжээний зураглаачийн үйл ажиллагаатай хослуулсан маш нарийн утга агуулгатай байдаг. Эдгээрийг үргэлж загварлаг найруулагчид тодорхойлж иржээ; 21-р зууны эхэн үед Люк Бессон, Жан-Пьер Жене, Франсуа Озон, Серж Бозон, Филипп Гаррель нар хамгийн алдартай найруулагчдыг нэрлэж болно. Алдартай жүжигчдийн тоонд Жан Рено, Одри Тоту, Софи Марсо, Кристиан Жан-Мари Клавье, Луи Гаррель, Матьё Кассовиц нарыг дурдаж болно. Төрөл жанрын кино найруулагчдын дунд Паскаль Ложье онцгойрч, аймшгийн кино жанрыг ашиглан гүн философи, ёс суртахууны асуудлуудыг судлахыг оролддог "Зовогчид" (франц. Martyrs, 2008).

Францын Засгийн газар үндэсний кино урлагийг хөгжүүлэн дэлхийд дэлгэрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлдэг.

Францын кино инээдмийн кинонууд болон тэдгээрт тоглосон инээдмийн жүжигчид болох Фернандел (40-60-аад он), Бурвил (50-60-аад он), Луи де Фунес (60-70-аад он), Пьер Ришар, Жерар Депардьё (70-80-аад онууд) их алдар нэртэй болсон юм.