Франц хүний нэр
Францын хүний нэрний тогтолцоо Европын нийтлэг нэршлийн тогтолцоотой олон талаараа төстэй байдаг юм. Франц хүн өөрийн овогноос гадна ихэвлчэн нэг буюу хэд хэдэн хувийн нэртэй байдаг. Уламжлал ёсоор ихэнх франц хүмүүс Ромын католик шашны гэгээнтнүүдийн нэрээр нэрлэгдсэн байдаг. Франц хэлний дуудлагын дүрмийн дагуу үгний нэгэн адил хүний овог, нэрний сүүлийн эгшиг тээр өргөлт өгдөг.
Хувийн нэр
[засварлах | кодоор засварлах]Францын хуулиар нэг хүн хэд хэдэн хувийн нэртэй байхыг зөвшөөрдөг. Тэдгээрийн зөвхөн нэгийг нь (ихэвчлэн эхнийх нь) өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладаг бол бусад нэрийг зөвхөн төрсний, нас барсан, гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт албан ёсны баримт бичигт ашиглагддаг байна. Мөн Жан-Клод, Жан-Жак зэрэг католик шашны уламжлалын дагуу нийлмэл нэр байдаг. Эдгээр нийлмэл нэрийг Жан болон Клод гэж салгаж тусад нь дуудагдахгүй зөвхөн хамт нэг үг хэлбэрээр хэлж дуудна.
Бараг бүх уламжлалт нэрс нь хүйсийн онцлог буюу эрэгтэй буюу эмэгтэй гэж ялгаж салгаж өгдөг байна. Гэсэн хэдий ч Доминик (Dominique, хүйсийн хувьд бүрэн төвийг сахисан), Клод (Claude, уламжлал ёсоор эрэгтэй нэр) болон Камий (Camille , уламжлал ёсоор эрэгтэй, одоо ихэвчлэн эмэгтэй нэр байсан) гэх мэт зарим нэрийг эрэгтэй, эмэгтэй хүмүүст өгдөг байна. Зарим нэр нь адилхан дуудагддаг боловч Фредерик (Frédéric, эрэгтэй, Frédérique эмэгтэй) гэж өөрөөр бичдэг байна. Дундад зууны үед эмэгтэйчүүдийг ихэвчлэн Филипп (Филиппа) гэж нэрлэдэг байсан бөгөөд одоо зөвхөн эрэгтэй хүнийг Филипп гэж нэрэлдэг болсон. Мөн өмнө Энн (Ann) гэх эрэгтэй нэрийг одоо зөвхөн эмэгтэй хүнийг нэрлэдэг болсон байх жишээтэй. 19-р зууны дунд үеэс 20-р зууны эхэн үе хүртэл Мари гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь өгдөг түгээмэл нэр байсан боловч сүүлдээ бараг зөвхөн эмэгтэйчүүдэд өгдөг болсон байна. Гэвч заримдаа, ялангуяа сүсэг бишрэлтэй католик гэр бүлүүдэд эрэгтэй хүүхдэд хоёр буюу гурав дахь нэр болгож өгөх нь түгээмэл байдаг юм.
Хүүхдэд өгөх нэрийг эцэг эх сонгож өгдөг юм, гэвч 1993 оноос өмнө нэрийг католик шашны гэгээнтнүүдийн нэрсээс сонгож авах ёстой гэсэн хязгаарлалт байсан юм. Гэхдээ эцэг эх нь хүүхэддээ бусдад шоолуулж тохоорхуулж болзошгүй нэр өгөх гэвэл Улсын бүртгэлийн газар бүртгэхээс татгалзах эрхтэй байдаг ажээ.
Овог
[засварлах | кодоор засварлах]Францад овог бий болсон албан ёсны эхлэлийг 1539 он гэж үздэг байна. Учир энэ оноос эхлэн Хааны зарлигаар Франц хүн бүрт овог нэр (хоч) оноох шийдвэр гарсан бөгөөд энэ овогоор (мөн өөр ямар ч биш) тухайн хүн болон түүний үр удам нэрлэгдэж, сүмийн бүртгэлийн номонд үүрд бүртгүүлэх ёстой болсон байна. Уг овогийг дур зоргоороо өөрчлөхийг хориглосон байна.
Франц улсын үндэсний статистик, эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн (фанц. Institut national de la statistique et des études économiques, INSEE) мэдээлсэнээр 1891-1990 оны хооронд тус улсад нийт 1 сая 300 мянга орчим овог бүртгэгдэж байсан ажээ. Зарим гэр бүлүүд цагаачилж ирсэн учраас зарим овог нь франц гаралтай бус байдаг юм.
21 зуун хүртэл төрсөн хүүхэд эцгийнхээ (эцэг нь тодорхойгүй байхаас бусад үед) овогийг уламжилж авдаг байсан. 2005 оны Францын иргэний хуулийн дагуу эцэг эхийн аль нэгний эсвэл хоёр овог хооронд зураас тавьж хамтатган авах боломжтой болсон.
Франц улсад хамгийн их түгээмэл овогнууд бол- 1) Мартен-Martin, 2) Бернар-Bernard, 3) Робер-Robert, 4) Мишэл-Michel, 5) Тома- Thomas, 6) Ришар-Richard, 7) Дюран-Durand, 8) Дюбуа-Dubois, 9) Морөө-Moreau, 10) Лоран-Laurent, 11) Симон-Simon, 12) Пети-Petit зэрэг юм.