Фредерик Шопены музей

Фредерик Шопены музей (польш. Muzeum Fryderyka Chopina) - Польшийн нийслэл Варшав хотод байрладаг, 1954 онд байгуулагдсан, алдарт Польшийн хөгжмийн зохиолч Фредерик Шопенд зориулагдсан музей юм. 2005 оноос хойш уг музейг Фредерик Шопены хүрээлэн ажиллуулж байна.
Музейн нэг салбар тэнхим нь Фредерик Шопены төрсөн газар болох Желазова Вола хотод байдаг юм. Мөн тус музей нь Варшавын Краковские гудамжинд байрлах Шопены гэр бүлийн зочны өрөөг 2014 онд хаагдах хүртэл ажиллуулж байжээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Варшав хотод Фредерик Шопены Нийгэмлэгийн дэргэдэх Фридерик Шопены музей 1930-аад онд байгуулагдсан. Карол Шимановски, Йозеф Бек, Аугуст Залески тэргүүтэй соёл, улс төрийн 32 нэрт төлөөлөгчийн байгуулсан Фредерик Шопены хүрээлэн 1935 онд алдарт хөгжмийн зохиолчийн хэрэглэж байсан эд зүйлсийг цуглуулж эхэлсэн байна. Тухайн үед Ф.Шопены эгч Людвика Енджевичийн ач охин Людвига Чехомска болон Богуслав Крашевски нараас маш үнэ цэнтэй 13 гар бичмэлийг худалдаж авсан байна.
1945 онд Варшавын Згода гудамжинд Фредерик Шопены хүрээлэн дахин нээгдэж, 1953 оноос хойш Острогскийн ордонд байрлаж байв. Энэ нь мөн Фредерик Шопены музей, номын сан, гэрэл зураг, бичлэгийн цуглуулга байрладаг газар болсон юм. Музей нь Шопены түүх, бүтээлүүдийг хамардаг бөгөөд хөгжмийн зохиолчийн бичсэн эх гар бичмэл, баримт бичиг, түүний гэрэл зураг, баримал, захидлуудыг агуулдаг. Мөн төгөлдөр хуурын тоглолт, Шопены бүтээлүүдийн уралдааныг зохион байгуулдаг байна.
Фредерик Шопены мэндэлсний 200 жилийн ойд (2010) зориулан засварласан энэхүү мультимедиа музей нь Польшийн хамгийн орчин үеийн музейнүүдийн нэг болсон юм. Түүний цуглуулгууд нь 15 өрөөнд байрлах үзэсгэлэнгийн таван түвшинд дэлгэгдсэн байдаг.