Jump to content

Фриц Шменкел

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Фриц Шменкел Зөвлөлт Холбоот Улсын Баатар цол, Улаан тугийн одон, Лениний одонгоор шагнуулсан Нацист Германы цорын ганц цэрэг.

Фриц Шменкель 1916 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Германы хилийн ойролцоох Штеттин (дайны дараа Польшид өгсөн энэ хотыг өдгөө Щецин гэж нэрлэх болсон) хотод төрж өссөн байна. Түүний эцэг Германы Коммунист намын гишүүн байсан бөгөөд өөрөө түүний харьяа залуучуудын байгууллага болох Эрнст Тельманы намд элсчээ. 1932 онд эцэг нь нацист залуучуудтай хийсэн мөргөлдөөнд амь үрэгдэв. Фриц Шменкель 1938 онд Вермахтын цэрэгт татагдах хүртлээ тоосгоны үйлдвэрт ажиллаж байжээ. Тэрээр нацистуудын талд алба хаахыг хүсээгүй бөгөөд өөрийгөө өвчтэй хэмээн хэлж цэргийн албанаас чөлөөлөгдөхийг оролдсон ч эмч нар түүнийг худал ярьж байгааг мэдэн цэргийн албанаас зайлсхийсэн хэргээр 2 жил албадан хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлсэн юм. Харин Зөвлөлт Холбоот Улс руу нацистууд цэргээ оруулсны дараа Фриц Шменкель сайн дурын армид элссэн байна. Үнэндээ Зөвлөлтийн коммунистуудын талд орж тэдэнтэй хамт "нацистуудыг бут цохихоор" шийдсэн нь тэр. Түүнийг Вермахтын 186 дугаар явган цэргийн дивизэд хуваариласан бөгөөд Зүүн фронтод байхдаа Зөвлөлтийн партизанууд ойр хавьд нь байгааг сонсоод оргохоор шийдсэн байдаг. Гэхдээ тэрээр орос хэл мэддэггүй нь том асуудал болсон юм. Фриц Шменкель Смоленск мужийн Ярцевский дүүргийн Подмошье тосгонд ирснийхээ дараа нэгэн байшингийн хаалгыг тогштол өндөр настай эмэгтэй онгойлгосон байна. Тэр даруйд Герман эр өөдөөс нь "Ленин! Сталин! Тельман!" гэж хэлжээ. Ийнхүү нутгийн иргэдийн итгэлийг олсон тэрээр 3 сарын турш нуугдаж, тосгоны хүмүүсийн ар гэрийн ажилд туслангаа партизануудыг хүлээв. Мэдээж партизанууд гэнэт гараад ирсэн нацистын оргодолд эхэндээ итгэсэнгүй, маш хатуу хяналт дор байлгажээ. Харин Фриц бага багаар оросуудын итгэлийг олсон бөгөөд удалгүй партизануудын эгнээнд элсэн үнэнч шударга нэгэн болохоо хэд хэдэн удаа баталсан байна. 1942 оны 8 дугаар сард Германы цэргийн дүрэмт хувцастай Фриц Шменкель нацистуудын талд зүтгэж байсан орон нутгийн 11 цагдааг ганцаараа баривчилсан юм. Мөн 1942-1943 оны өвөл маш хүйтэн байсан учраас партизанууд хүнсгүй болж өлбөрч үхэх аюулд ороход Фриц дахин герман офицерын дүрд хувиран нацистуудын хангамжийн цувааг ойн гүн рүү отолтод оруулж чадсан байна. Энэ мэтээр тэрээр хэд хэдэн удаа дайсны цэргүүдийн бүхэл бүтэн анги нэгтгэлүүдийг партизануудын занга руу "хөтөлж" оруулсан байна. Гэтэл удалгүй хилийн ойролцоох тосгодод “Цэргийн оргодол, урвагч Фриц Шменкелийг эрэн сурвалжлаж байна. Үхсэн амьд хамаагүй түүнийг барьсан орос хүнд 8 га газар, герман хүнд 2,000 марк, 2 сарын чөлөө олгоно" гэсэн зарлал тарж эхлэв. Фриц Шменкел Зөвлөлтийнхөнд үнэлж баршгүй тус хүргэсэн тул партизануудын жинхэнэ зэвсэг нэгт нөхөр болсон төдийгүй "Иван Иванович" гэдэг хоч хүртэл авчээ. Партизануудын байрлаж байсан нутгийг Зөвлөлтийн арми чөлөөлсний дараа түүнийг Москва руу илгээн “Улаан туг”-ийн одонгоор шагнажээ. Тэр үүний дараа шууд тагнуулын сургуульд элсэж бэлтгэгдэн 1943 оны 12 дугаар сард одоогийн Беларусь Улсын нутаг дээр хорлон сүйтгэх, тагнуулын үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээсэн тусгай ангийн командлагчаар томилогдов. Гэвч 1944 оны 1 дүгээр сард Фриц Шменкель нацистуудад баригдсан юм. Беларусийн партизануудын дунд урвагч байсан бөгөөд тэрээр цөөнгүй нөхдөө барьж өгсний нэг нь Фриц байсан аж. Фриц Шменкелд цаазын ял оноож 1944 оны 2 дугаар сарын 22-ны өдөр нацистууд түүнийг буудан алжээ. Фриц цаазаар авахуулахынхаа өмнөхөн шоронгоос эхнэртээ бичсэн захидалдаа гэр бүлдээ төвөг учруулсандаа хүлцэл өчсөний зэрэгцээ шударга ёсны төлөө тэмцсэнээ илэрхийлсэн байв. Фриц Шменкелийн баатарлаг гавьяаг үнэлэн 1964 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Зөвлөлт Холбоот Улсын Баатар цол, “Лениний одон”-гоор нэхэн шагнасан түүхтэй. Өдгөө Оросын Холбооны Улсын “Нелидово”, “Белый” хотуудад Фриц Шменкелийн нэрэмжит гудамж байдаг бөгөөд Минск хотод түүнийг шүүж, цаазаар авах ял оноосон барилга дээр түүний дүрс бүхий дурсгалын хөшөө босгожээ. Мөн Зүүн Берлинд Фриц Шменкелийн нэрээр нэрлэсэн гудамж байсан боловч 2 Герман нэгдсэний дараа Rheinsteinstraße буюу "Болор гудамж" гэж нэрийг нь өөрчилсөн байна.