Фрэнсис Пауэрс

Фрэнсис Гэри Пауэрс (англи. Francis Gary Powers; 1929 оны 8-р сарын 17-нд АНУ-ын Кентакки мужийн Женкинс хотод төрсөн—1977 оны 8-р сарын 1-нд Калифорни мужийн Лос-Анжелес хотын Энсино дүүрэгт нас барсан) — АНУ-ын Тагнуулын төв газрын даалгараар Зөвлөлтийн агаарын орон зайнд тагнуулын нислэг үйлдэж байсан нисгэгч.
Пауэрсийн жолоодож байсан тагнуулын "Lockheed U-2" онгоц 1960 оны 5-р сарын 1-нд Свердловскийн ойролцоох Зөвлөлтийн нутаг дэвсгэр дээгүүр нисч явахад нь пуужингаар буудаж унагаахад нисгэгч Пауэрс амьд үлдсэн байна. Зөвлөлтийн шүүх тагнуул хийсэн хэргээр 10 жилийн хорих ял оноосон байна. Тэрээр Владимир хотын төв шоронд 1,5 жил ял эдэлсэний дараа түүнийг АНУ-д илчлэгдэн баригдсан Зөвлөлтийн тагнуулын ажилтан Рудольф Абелтай сольжээ.
Нислэг
[засварлах | кодоор засварлах]ЗХУ-ын нутаг дээгүүр хийх нислэгийн зорилго нь Зөвлөлтийн цэрэг, үйлдвэрлэлийн байгууламжууд, тэр дундаа Байконурын туршилтын талбай, Зөвлөлтийн радиолокацын станцуудын дохиог илрүүлэн бүртгэх байсан. Нислэгийн маршрут нь Пешаварын агаарын цэргийн баазаас эхэлж, ЗХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр урд зүгээс хойд зүгт Сталинабад - Арал тэнгис - Челябинск - Свердловск - Киров - Архангельск - Кандалакша - Мурманск гэсэн маршрутаар 20,000 метрийн өндөрт Афганистаныг дайран өнгөрч, Норвегийн Бодё дахь цэргийн нисэхийн баазад дуусахаар байв.

Пауэрсын жолоодсон "U-2" онгоц Москвагийн цагаар 5:36 цагт ЗХУ-ын улсын хилийг давсан. Москвагийн цагаар 8:53 цагт Свердловскийн ойролцоо онгоцыг "С-75" зенитийн пуужингийн системын пуужингаар 8 удаа харвасан байна.
U-2 онгоц ойролцоогоор 20,700 м-ийн өндөрт харвуулсан бөгөөд пуужингийн цэнэгт хошуу нь онгоцны сүүл хэсгийг гэмтээжээ. Ийнхүү Пауэрс шүхрээр бууж чаджээ. Түүнийг унасан онгоцны сэгийн ойролцоо нутгийн иргэд барьж саатуулжээ. Түүнээс дуу намсгагчтай гар буу, ангийн хутга, хийлдэг аврах завь, хоол хүнс, ус, галын бамбар, луужин, Зөвлөлтийн рубль олдсон байдаг. Пауэрсыг Москва руу хүргэж, цэргийн мөрдөн байцаагчдад мэдүүлэг авчээ.
1960 оны 8-р сарын 19-нд Фрэнсис Гэри Пауэрс ЗХУ-ын Дээд шүүхийн Цэргийн зөвлөлөөс "Төрийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай" 2-р зүйлийн дагуу 10 жил хорих ял оноож, эхний гурван жилийг нь шоронд хорих ялаар шийтгэжээ.
1962 оны 2-р сарын 10-нд Пауэрсийг Берлин дэх Глиенике гүүрэн дээр Зөвлөлтийн тагнуулын ажилтан Рудольф Абель (Уильям Фишер) сольжээ. Энэхүү тагнуулуудын солилцоо нь Зүүн Германы хуульч Вольфганг Фогель, Америкийн хуульч Жеймс Донован нарын зуучлалаар болсон юм.
Пауэрсыг АНУ-д буцаж ирэхэд агаарын тагнуулын камер, ил гарсан хальс, нууц төхөөрөмжийг өөрөө устгах тэсрэх бөмбөг дэлбэлэх нисгэгчийн үүргээ биелүүлээгүй, мөн ТТГ-ын ажилтны өгсөн тусгай хордуулсан зүү ашиглан амиа хорлоогүй гэж буруутгагдаж байсан. Гэсэн хэдий ч цэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа болон Сенатын Зэвсэгт хүчний дэд хорооноос явуулсан мөрдөн байцаалтын дүнд түүнийг бүх буруутгаж байсан хэргээс чөлөөлсөн байна. Пауэрс цэргийн нисэх хүчинд үргэлжлүүлэн ажиллаж байсан боловч тагнуулын байгууллагатай цаашид хамтран ажилласан талаар мэдээлэл байдаггүй байна. 1963-1970 онд Пауэрс Lockheed-д туршилтын нисгэгчээр ажилласан.
Тэрээр 1977 оны 8-р сарын 1-нд Санта Барбара орчмын ойн түймрийн зураг авалтаас буцаж яваад нисдэг тэрэгний ослоор нас баржээ. Нисдэг тэрэгний ослын шалтгаан нь түлшний хомсдол байсан гэдэг. Энэ нислэгийн үеэр телевизийн зураглаач Жорж Спирс мөн нас баржээ.