Jump to content

Хабаровскийн шүүх хурал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хабаровскийн шүүх хурал - (орос. Хабаровский процесс) Дэлхийн хоёрдугаар дайны үеэр 1925 оны Женевийн протоколыг зөрчин биологийн зэвсэг боловсруулж, ашигласан хэрэгт буруутгагдаж буй хуучин Японы Квантуны армийн 12 цэргийн албан хаагчийг шүүсэн хурал юм. Энэ нээлттэй Шүүх хурал 1949 оны 12-р сарын 25-наас 30-ны хооронд Зөвлөлтийн Хабаровск хотод болсон. Шүүх хурлын дараа бүх шүүгдэгчийг (бүгд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн) албадан хөдөлмөрийн лагерьт янз бүрийн хугацаагаар хорих ял оноожээ. Долоон жилийн дараа 1956 он гэхэд эдгээр 10 ялтныг (шоронгийн эмнэлэгт нас барсан Т.Такахаши, амиа хорлосон Т. Карасава нараас бусад) Япон руу буцаасан байна.

  1. Ямада Отозо (山田 乙三) - генерал, Квантуны Армийн ерөнхий командлагч байсан (25 жилийн ял авсан).
  2. Кажицүка Рюүжи (梶塚 隆二) - Эмнэлгийн албаны дэслэгч генерал, анагаахын шинжлэх ухааны доктор, Квантуны армийн ариун цэврийн газрын дарга асан (25 жилийн ял авсан).
  3. Кавашима Киёши (川島 清) - Эмнэлгийн албаны хошууч генерал, анагаахын шинжлэх ухааны доктор, Японы Квантуны армийн 731-р ангийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга асан (25 жилийн ял авсан).
  4. Ниши Тошихидэ (西 俊英) -Эмнэлгийн албаны дэд хурандаа, бактериологич, Японы Квантуны армийн 731-р ангийн боловсролын хэлтсийн дарга асан (20 жилийн ял авсан).
  5. Карасава Томио (柄沢 十三夫) - Эмнэлгийн албаны хошууч, бактериологич, Японы Квантуны армийн 731-р ангийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга асан (18 жилийн ял авсан).
  6. Оноүэ Масао (尾上 正男) - Эмнэлгийн албаны хошууч, бактериологич, Японы Квантуны армийн 731-р ангийн 643 дугаар салбарын дарга асан (20 жилийн ял авсан).
  7. Сато Шүнжи (佐藤 俊二) - Эмнэлгийн албаны хошууч генерал, бактериологич, Японы Квантуны армийн 5-р армийн эмнэлгийн албаны дарга асан (12 жилийн ял авсан).
  8. Такахаши Така-ацү (高橋 隆篤) - Мал эмнэлгийн албаны дэслэгч генерал, химич-биологич, Японы Квантуны армийн Мал эмнэлгийн албаны дарга асан (20 жилийн ял авсан).
  9. Хиразакүра Зэнсакү (平桜 全作) - Мал эмнэлгийн албаны дэслэгч, малын эмч, Японы Квантуны армийн 100-р ангийн ш/у-ны ажилтан асан (10 жилийн ял авсан).
  10. Митомо Казүо (三友 一男) - Бага офицер, Японы Квантуны армийн 100 дугаар ангийн ажилтан асан (15 жилийн ял авсан).
  11. Кикүчи Норимицү (菊地 則光) - Японы Квантуны армийн 731-р ангийн 643 дугаар салбарын эмнэлгийн дадлагажигч, бага дэслэгч (2 жилийн ял авсан).
  12. Күрүшима Юүжи (久留島 祐司) - Японы Квантуны армийн 731-р ангийн 162 дугаар салбарын лабораторийн туслах асан (3 жилийн ял авсан).