Хабблийн хууль

Хабблийн хууль (эсвэл Хаббль–Леметрийн хууль) нь физикийн сансар судлалд галактикууд Дэлхийгээс зайтай байх тусам илүү хурдан холдож байгааг ажигласан ажиглалт юм. Өөрөөр хэлбэл, галактик Дэлхийгээс хэр хол байна, төдий чинээ хурдан холддог. Галактикийн холдох хурдыг ихэвчлэн улаан шилжилтийг хэмжих замаар тодорхойлдог. Энэ нь тухайн галактикаас гарч буй гэрлийн давтамжийн шилжилт юм.
Хабблийн хуулийг 1929 онд Эдвин Хабблийн хэвлүүлсэн судалгааны ажлаар тайлбарладаг боловч огторгуй тодорхой хэмжээгээр тэлж байж болох тухай санааг анх 1922 онд Александр Фридман ерөнхий харьцангуйн тэгшитгэлээс гарган авсан юм. Фридманы тэгшитгэлүүд огторгуй тэлж байж болохыг харуулж, хэрэв тийм бол тэлэлтийн хурдыг тооцоолсон байдаг. Хабблиэс өмнө, 1922 болон 1924 онд одон оронч Карл Вильгельм Виртц өөрийн цуглуулсан өгөгдөл дээр үндэслэн жижигхэн, бүдэг харагддаг галактикууд илүү их улаан шилжилт үзүүлдэг болохыг, үүгээрээ илүү холын галактикууд ажиглагчийн зүгээс хурдан холддог болохыг дүгнэсэн.
1927 онд Жорж Леметр алслагдсан биетүүдийн холдох хурд ба тэдгээрийн зайны пропорциональ харьцааг ажигласнаар огторгуй тэлж байж магадгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Тэрээр энэ харьцааны утгыг тооцоолж, хоёр жилийн дараа Хаббль огторгуйн тэлэлтийг баталж, илүү нарийвчилсан утгыг тодорхойлсны дараа энэ утгыг Хабблийн тогтмол гэж нэрлэх болсон.
Хаббль обьектуудын улаан шилжилтээс тэдгээрийн холдох хурдыг гаргаж авсан. Улаан шилжилтийг 1917 онд Весто Слифер хэмжиж, хурдтай хамаатуулан тайлбарласан байдаг. Слиферийн хурдны утгуудыг, мөн Хенриетта Сван Левиттийн галактикуудын зайг тооцоолсон аргачлалтай нэгтгэснээр Хаббль огторгуйн тэлэлтийн хурдыг илүү нарийн тооцоолох боломжтой болсон юм.