Хадаг

Хадаг- монголчуудын эртнээс нааш дээдэлж, хүндэтгэж ирсэн зүйл бөгөөд эдийн дээд гэж үздэг. Хадаг тогтвол буян тогтоно гэдэг.

Хадагний билэгдэл. Монголчууд Хадгийг тэнгэрээс гаралтай ертөнцөд байдаггүй эд учир өнгө нь үүрийн цагаан гэгээ татах үеийн тэнгэрийн хаяаны өнгийг жинхэнэ тэнгэрийн өнгө гэж үзэж түүнтэй адил өнгөтэй хадгийг хэрэглэж байсан байна. Тэнгэрийн эд учраас хөнгөн, зөөлөн, уян бас бат бөх чанарыг бэлэгдэн ертөнцөд түүнээс илүү эд байхгүй байх билэгдлийг агуулан хэрэглэж байжээ.

Хадагний уламжлалт хэрэглээ. Монголчууд эрт дээр үеэс эхлэн хэв хадгийг хэрэглэж байсан тул аж амьдралд нь гүн нөлөөлсөн байдаг. Жишээлбэл, хүүхэн гуйх, бэр мөргүүлэх, бурханд хадаг барих, айлчин гийчинд бэлэг өгөх, шинэ гэр барьж хадаг уях, хурим найр, даахь үргээх зэрэгт хэргэлдэг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

“Хадгийг Энэтхэг уран Бишүү-Гарма мяндсаар хийсэн мэтээр 14-р зууны үеийн монголын ”Хонжин дэвтэр”-т тэмдэглэж байжээ.

Харин Энэтхэгийн Лосолин дацангаас эрхэлэн гаргасан “сайн оюунт таалалийн чимэг үзэсгэлэнт сувдан эрх” цувралийн 47-р дэвтэрт /ху 123/ Хадаг нь өлзий хутгийн шүтэн барилдлагыг бэлгэдсэн эд юм. Анхлан үүсэхдээ “үлэмж ариун цагаан сэтгэл”-ийг бэлгэдэж үүссэн гэдэг.

Хадаг анх Энэтхэгт МЭӨ 6-р зуунд үүсч 12-13-р зууны үед Төвдөөр дамжин монголд Бурханы шашинаар нэвтэрсэн гэж үзэх үндэстэй. Хожим нь Түвдийн хадаг гэсэн нэрийг авч хэрэглэсэн гэж үздэг.

Нэрний гарал үүсэл[засварлах | кодоор засварлах]

Хадаг хэмээх нэрийн утга Монголоор “хадаг”, Төвдийн “хада”, хятадаар “харимж “ гэсэн утгатай үг юм. Чинисийн өчигт: “Хивт сум”, “Хивт тарвалага”, Хоёр загалын туужинд: “Хив татах ёс”гэсэн нэр томьёо гардаг. Нууц товчоонд хадаг нэрээр гардаггүй бөгөөд "хэв" гэсэн утгаар монголчууд анх хэрэглэж байсан ажээ.

Хадагны төрөл[засварлах | кодоор засварлах]

БАРАНЗАД ХАДАГ- Хүндэтгэлийн хадаг. Төр, шашны томоохон зан үйлд хэрэглэнэ. Мөн хэмжэзгээрээ ч хамгийн урт хадаг юм. Уг хадаг нь тойрсон хамар угалз бадраа хээ болон өлзий, жанцан, бумба, лянхуа, шүхэр, лавай, загас, хорол тэргүүтэй өлзий хутгийн найман тэмдэгтзй.

БАГА АЮУШ ХАДАГ- Уг хадгийг өргөн хэрэглээнд хэрэглэж ирсэн уламжлалтай. Луун хээтэй: сэнтий түшлэгтэй. Түшлэгийн оройд бадраа угалз зэндмэнэ эрдэнэтэй арслант ширээ лянхуан дээр тэгш оршсон Авид бурхантай. Баруун зүүн талдаа шавьтайгаа, өмнөө сангийн бойпор, хумх цэцэгтэй, шашныг хамгаалагч махранз тэргүүтэй оршино. Дээрээ хан гарьд шувуу, туүний хоёр буланд хорол, голд нь өлзий хээ бий. Хангарьд нь сүр хүчийг, Авид бурхан нь амар амгалан, аз жаргал, сайн сайхныг бэлгэддэг. Ваар цэцэг нь хүндэтгэлийг илэрхийлж буй утгатай юм.

ИХ АЮУШ ХАДАГ-Эртнээс нааш хамгийн түгээмэл хэрэглэж ирсэн хадаг. Хуучны ном сударт ноёд түшмэл, багш, эцэг эхдээ хүндэтгэлийн журмаар барина хэмээн тэмдэглэжээ. Луун хээтэй, сэнтий түшлэгтэй. Түшлэгийн оройд бадраа угалз зэндмэнэ эрдэнэтэй арслант ширээ, лянхуан дээр тэгш оршсон Авид бурхантай. Баруун, зүүн талдаа Бурхан багш шавь нар болон олои бодьсадва тэргүүтэй заларсан байна. Дээрээ хан гарьд шувуу, түүний хоёр буланд хорол, голд нь өлзий хээ бий. Хангарьд нь сүр хүчийг, Авид бурхан нь амар амгалан, аз жаргал, сайн сайхныг бэлгэддэг. Шавь нар нь өнө мөнхийн аз жаргал, амар амгаланг бэлгэддэг.

СОЁМБО ХАДАГ- Соёмбо хадгийг төрийн албанд харилцааны шугамаар түлхүү хэрэглэж байжээ. Бадам лянхуа бадраа угалз гэрлэнгийн солонгын дунд төрийн алтан соёмбо оршсон. Эргэн тойронд нь өлзий хээтэй. Хадагны дээд, доод төгсгөлд хамар угалз, бадраа хээтэй угалз, доод зах нь голдоо өлзий хээтэй хамар угалзтай. Энэхүү хадгийг наймдугаар Богд захиалан хийлгэж байсан түүхтэй.

ДАШ ХАДАГ- Даш хадаг гэдэг нь өлзий хутгийн хадаг гэсэн утгатай түвд үг юм. Амар мэнд мэдэх болон шашны зан үйлд хүндэтгэл үзүүлэхэд хэрэглэнэ. Өргөн хэрэглээнд хэрэглэж болох уг хадгийг зарим үед төлбөрийн хэрэгсэл болгон жишиг тогтоодог байсан үе бий. Бадам лянхуа цэцгэн дээр хорол өлзий лянхуа шүхэртэй, дээд доод захдаа алхан хээтэй. Апхан хээний хажууд "Ум сайн амгалан болтугай" хэмээн монгол бичгээр бичсэн. Мөн хажуу талдаа алхан хээтэй, "Өлзий хутгийн хадаг" гэсэн утгатай түвд үг бичсэн байна.

ХИЙМОРИЙН ХАДАГ- Хий салхи хөлөглөсөн, нуруундаа гал бадарсан эрдэнийн зэндмэнэ хөлөглөсөн алтан хазаар чимэг тоног сэлтэй. Түүний баруун дээдэд орших Хангарьд нь огторгуйн махбод бөгөөд амандаа могой сунган барьсан. Энэ нь хүний сэтгэл оюуны хийморийг бадраадаг, лусын хорлолыг номхотгодог болой. Зүүн дээдэд хөдөлж эрчлэхийн хүйн ялгамжтай, хязгааргүй үүлэн дундаас хүржигнэх дууг дуурсгасан луутай. Луу нь усан махбодийг бэлгэддэг, их эрдэмтэй амьтан гэгддэг. Түүний дор орших бар нь хий махбодийг бэлгэдэх ба бусдыг сүрээр дарагч хурц хумс, дүүлэхэд хоромхон зуур хаа ч хүрэх барын хийморийг бэлгэджээ. Шороон махбодийг арслангаар бэлгэшээсэн буй. Үс зогдороо хөдөлгөн, хүрхэрч буй цастын цагаан арслан оршино. Ийнхүү дөрвөн хүчтэн байгаа нь хүний цог хиймор, сэтгэл санааг тэгш байлгадаг. Хадагны дээд, доод буланд хамар угалз, бадраа угалзын дунд шүхэр хорол жанцан өлзий хумх, лавай, загас, цэцэг бий.

Хадагны хийц, хэмжээ[засварлах | кодоор засварлах]

Хадгийг цэвэр хүр хорхойн мяндсан шүлсээр нэхэж хийдэг байна. Яс чанар сайнтай, муутай, янз бүрийн хэмжээтэй, таван янзын өнгөтэй байна.

1. Хамгийн бага хэмжээтэй хадаг 24-28 см

2. Дунд хэмжээний хадаг 140-148 см

3. Хамгийн том хэмжээний хадаг 338-358 см байдаг бөгөөд 88 алд хадаг хүртэл байсан байна.

Хадгийн чимэг дараах хээтэй байдаг. Үүнд:

1. Бичээс: Түвд, Хятад, Манж, Монгол үсэг өгүүлбэр, өгүүлэлтэй.

2. Арвижиж үржих зүйлийн дүрс

3. Элдэв бурхдын хөрөг: Аюуш бурхан, Авид бурхан, арван зургаан Найдан зэрэг

4. Зураг угалзууд: (Түмэн насан хээ, үүлэн хээ, хаан бугуйвч, хатан сүйх, алхан хээ, тал алх, өлзий, хас, долоон эрдэнэ, найман тахил, хүслийн таван эрдэнэ), гал, дүг, бойпор, ваар, цэцэг, шувуу, эрвээхий, луу, барс, арслан, хан гарьд, хүний арьсан нөмрөг, очир, хөө хуяг, хий салхи мэт хурдан адгуус морь, ямаа, хонь, үхэр, уул, үүл, ус зэрэг ямагт сайн сайхныг бэлгэдсэн маш олон зүйл байдаг байна.

Хадаг барих ёс[засварлах | кодоор засварлах]

Монголчууд хадгийг энгийн байдлаар буюу хоёр гартаа тэнүүн сайхан бариахад зориулан, уртааш нь гурав нугалж эвхээд амыг барих хүний өөдөөс нь харуулж “Ариун сайхан сэтгэлийн үүднээс барьж байгаа бэлэг минь танд өлзийтэй бол” гэсэн утгатай буюу саваар зүйрлэн хэлэхэд, амыг нь онгойлгож өгөхтэй адил төстэй хэрэг юм.

Хадгийг хүлээн авч байгаа хүн хоёр гардан аваад хадгийн толгой талыг баруун гар дээрээ тавьж баруун гар талыг зүүн гар тал дээрээ эвхэн нугалахад, хадган дээрх утга төгөлдөр хээ үсэг зэргийн толгой талыг доош нь харуулахгүйг хичээж байгаа хэрэг ажээ.

Монголчууд хадгийг барих тавихдаа олон янзын нэрээр нэрлэнэ. Хадаг өгөх, тавих, барих, зүүх, хив татах, буюу сэтэрлэх, няндар өргөх, уях, гар цайлгах, бэлэг өгөх, дашдуулан барих мэтээр хэлдэг байна.

Бурхантай хадгийг эцэг, эхдээ, Тахилтай хадгийг бусад хүндэтгэх хүндээ, Намжвандантай хадгийг хүн нутаглуулах, оршуулах, газар гуйхад тус, тус хэрэглэдэг байна.

Хадгийг барихдаа энгийн маягаар барих, өвдөг сөхөрч барих хоёр янз байдаг. Ахлах, их хүнд өвдөг нугалж сөхөрч барих, ялангуяа лам, багш, эцэг эхээ хүндлэн өвдөг сөхрөх заншилтай байсан юм. Бас элдэв тахилга, аргадан гуйхад сөхрөн хадаг барих нь олонтаа байжээ.

Монголчуудад үргэлж хадгалдаг гурван зүйл нь,

1. Хадаг

2. Аргамж буюу сур

3. Усгүй хар архи байсан гэдэг.

Хадаг хадгалбал буян тогтоно. Аргамж хадгалбал малын заяа буян тогтоно. Архи хадгалбал юм бүгд тогтоно гэх мэтээр боддог байсан байна.

Монголчууд хадаг хадгалдаг байсанаас гадна дээр үед хадгийг угаах, огтлох, дээгүүр нь алхах гишгэхгүй байхыг мэрийдэг байжээ. Дээр цагаас эхлэн хадгийг манайхан шашин шүтлэгийн үүднээс хэрэглэж байхаас илүүтэй ард түмэн өөрсдийн үйлдэх ерийн зан үйл, аж байдалдаа сайн сайхныг хүсэх, найрсаг нөхөрсөг зочиндоо барих, бэлэг барих, энх тайвны бэлэг тэмдгийн эд болгож хэрэглэх нь хэвээр байгаа юм.