Jump to content

Хайдавын Сүрэнжав

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Улаанбаатар хотын Барилга трестийн бригадын дарга Х.Сүрэнжав нь 1945 оны 2 дугаар сарын 2-нд Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг, Нисэх гэдэг газар ард Хайдавын ууган хүү болон мэндэлжээ.

Монгол улсын барилгын салбарт залуу нас, эрч хүчээ зориулан нийслэл хотын олон шинэ барилга дээр мужаанаас бригадын дарга хүртэл ажиллаж байсан. 1964 онд тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсад барилгын техник мэргэжлийн сургуульд мужааны мэргэжил эзэмшиж ирээд 1966 оноос Улаанбаатар хотын барилга трест (ХБТ)-д ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Ажил үйлсээрээ болон манлайллаараа олон нөхдийн дотроос тодрон ялгарч байсан бөгөөд 1970 онд В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойд зориулсан дурсгалын цогцолбор, музей байгуулах төсөлд Монголоос уригдан ажилласан баг хамт олны хамтаар ЗХУ-ын Улъяновск хотод очиж, Музейн барилгыг барьж байгуулалцсан юм.

1977 оноос ХБТ-д бригадын даргаар ажиллаж эхэлснээс хойш их барилгын салбарын олон гайхалтай барилга байгууламжууд дээр бригад хамт олноо удирдан, манлайлан ажиллаж байв. 1987 оноос Югославын барилгачдын хамтаар Чингис зочид буудлын барилгын цогцолбор дээр ажиллаж байгаад ид хийж бүтээх 45-хан насандаа 1991 онд өвчний улмаас зуурдаар нас барсан билээ.

1975 онд Монгол улсын аварга мужаанаар шалгарч байсан. 1985 онд Алтан гадас одонгоор шагнагдсан.