Хайнрих Химмлер

Хайнрих Лу́итпольд Хи́ммлер (герман. Heinrich Luitpold Himmler, герман: [ˈhaɪnʁɪç ˈluːɪtˌpɔlt ˈhɪmlɐ]; 1900 оны 10-р сарын 7-нд Германы эзэнт улсын Баварын вант улсын Мюнхен хотод төрсөн — 1945 оны 5-р сарын 23-нд Британий эзэмшлийн Германы Доод Саксонийн Люнебург хотод нас барсан) — германы улс төрийн болон цэргийн зүтгэлтэн, нацист Германы удирдагчдын нэг бөгөөд СС-ийн райхсфюрер (1929—1945), Райхын Дотоод хэргийн сайд (1943—1945), Эзэнт улсын аюулгүй байдлын ерөнхий газрын дарга (1942—1943). Нацист Германы хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан тэрээр нацистын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон бөгөөд Холокостын гол зохион байгуулагчдын нэг байв.
Дэлхийн нэгдүгээр дайны үеэр тэрээр нөөц батальонд байсан бөгөөд тулалдаанд шууд оролцоогүй. Тэрээр Мюнхений Техникийн Их Сургуулийг агрономич мэргэжлээр төгссөн. Тэрээр 1923 онд намд элсэж, хоёр жилийн дараа СС-ийн гишүүн болжээ. 1929 онд Адольф Хитлерийн тушаалаар түүнийг СС-ийн Райхсфюрерээр томилсон. Дараагийн арван зургаан жилийн хугацаанд Химмлер СС-ийг 290 байлдагчтай батальоноос сая гаруй хүний бүрэлдэхүүнтэй цэргийн байгууллага болгон хувиргаж чадсан юм. Хитлерийн төлөвлөгөөний дагуу төвлөрсөн хорих лагерийг байгуулан хамгаалдаг нь СС байв.
А.Хитлерийн дэмжлэгтэйгээр Хайнрих Химмлер Зүүн Европ болон ЗХУ-ын эзлэгдсэн нутаг дэвсгэрт энгийн иргэдийг олноор нь хөнөөх үйл ажиллагаа явуулдаг үхлийн отрядууд болох Эйнсатцгруппенийг зохион байгуулсан. Хорих лагерийн үйл ажиллагааг хариуцаж байсан Химмлер ойролцоогоор 6 сая еврей, 200,000-500,000 цыган болон бусад сая сая хоригдлыг устгах тушаал өгсөн юм. Тус дэглэмийн нийт алсан хүмүүсийн тоо 11-14 сая орчим гэж тооцоолж байна. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь Польш болон Зөвлөлт Холбоот Улсын иргэд байсан юм.
Дайны эцэст ялагдал зайлшгүй гэдгийг ухаарч ойлгосон Хайнрих Химмлер Барууны холбоотнуудтай энхийн хэлэлцээр эхлүүлэхийг оролдсон. Үүнийг мэдсэний дараа Хитлер 1945 оны 4-р сарын 29-ний өдрийн улс төрийн гэрээслэлдээ түүнийг бүх албан тушаал, цол хэргэмийг нь хурааж, баривчлах тушаал гаргасан байна. Дайн дууссаны дараа Химмлер нуугдах гэж оролдсон боловч 1945 оны 5-р сарын 21-нд Британичуудад баригджээ. Хоёр хоногийн дараа тэрээр өөрийн хэн болохыг илчилж, калийн цианид ууж амиа хорлосон.