Халимагийн үндэсний музей
Халимагийн үндэсний музей—ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын нийслэл Элст хотод байдаг орон нутгийн түүхийн музей юм. Энэ музейг халимаг судлалыг үндэслэгч Николай Пальмовын нэрэмжит болгосон байна.

Түүх
[засварлах | кодоор засварлах]Музей байгуулах шийдвэрийг Халимагийн Зөвлөлийн 1-р Их хурлаас 1920 оны 6-р сарын 9-нд гаргасан байна. Халимагийн Үндэсний музей нь 1921 оны 3-р сарын 25-нд Бүсийн Ардын боловсролын газрын архив-музейн тасгийн дэргэд байгуулагдсан ажээ. Музейг эрдэмтэн Николай Пальмов, Павел Рыков нарын санаачилгаар байгуулсан бөгөөд Николай Пальмов музейг удирдах үүрэг хүлээсэн юм. Удалгүй 1921 оны сүүлээр музей, архивыг салгахад Николай Пальмов архивыг удирдах болсон байна.
Тус музей анх 1931 оны зун үзмэрүүдээ дэлгэн нээж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Германчууд Элст хотыг эзлэх үед музей бүрэн сүйрсэн юм. 1960 оны 1-р сарын 1-нд Халимагууд цөллөгөөс буцаж ирсний дараахан музейн хоёр дахь нээлт болсон түүхтэй.
Зөвлөлтийн "Аугаа эх орны дайн" эхэлж, Халимагийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг нь Германд эзлэгдсэнээр Халимагийн орон нутгийн музейн үйл ажиллагаа түр зогссон. Музейн сан хөмрөгийг Германы армийн анги нэгтгэлүүд дээрэмдэж, авч явсан. 1943 оны 12-р сард халимагуудыг ЗСБНХУ-ын зүүн бүс нутаг руу цөлсөн нь 20-р зууны 40-50-аад оны үед музейн үйл ажиллагааг сэргээх боломжийг олгосонгүй.
Элст хотын Жангарын гудамжинд орчин үеийн шинэ барилга баригдахаас өмнө тус музей нь Сусеевын гудамжинд хоёр жижиг байшинд байрладаг байв.
Одоогийн байдлаар музей нь 15,000 м.кв талбай бүхий 6 үзэсгэлэнгийн танхимаас бүрддэг. Музейн цуглуулга сан хөмрөгөд 70,000 орчим эд зүйлс бий. Тус музейд Халимагийн ард түмний түүх, соёл, угсаатны зүйн холбогдолтой үзмэрүүдийг дэлгэн үзүүлдэг бөгөөд янз бүрийн соёлын арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн байна.