Jump to content

Халхын сүмийн мөргөлдөөн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Халхын сүмийн мөргөлдөөн
Хамаарах дайн: Зөвлөлт–Японы хилийн мөргөлдөөнүүд
Огноо1935 оны 1–3 сар
Байршил
Буйр нуур, Халхын гол, орчин үеийн Монгол
Нутаг дэвсгэрийн
өөрчлөлт
Халхын сүм орчмын нутгийг алдсан ба хожим Хятадын нутаг болсон
Байлдагч талууд
БНМАУ Японы эзэнт гүрэн
Манж-го
Командлагч болон удирдагчид
Д.Дондов
Г.Янжив
тодорхой бус
Цэргийн хүч
Хилийн цэрэг, Монголын ардын армийн ангиуд, цэргийн тоо тодорхойгүй 41 машин, цэрэг
53 морин цэрэг, их буу
Хохирол
тодорхой бус тодорхой бус

Халхын сүмийн мөргөлдөөн нь Монгол-Япон хилийн дайн буюу Япон/Манж-Го-Монгол/Зөвлөлтийн хооронд болсон хилийн мөргөлдөөны нэг юм.Халхын сүм гэж Буйр нуурын зүүн хойд талд орших Буддын шашны хийд ажээ.

Шалтгаан, нөхцөл

[засварлах | кодоор засварлах]

Халхын сүмийн хилийн мөргөлдөөн 1935 оны нэгдүгээр сараас эхэлсэн түүхтэй. Учир нь Монголын тал хуучин Цэцэн хан аймгийн хилийн зааг шугмаар улсын хилийг авч үзэж байхад Япон\Mанж-Гогийн тал Халхын голоор хилийн шугмыг тооцож байсантай холбоотой.

Хилийн мөргөлдөөний үйл явц

[засварлах | кодоор засварлах]

Халхын сүмийн орчимд болсон хилийн будилаантай холбоотой асуудлыг тодруулахаар VI морьт дивизийн 15 дугаар хорооны штабын дарга Д.Дондов таван цэргийн хамт 1935 оны 1 сарын 24-нд Халхын сүмийн харуул дээр очжээ.Халхын сүмийн лам нар дам худалдаа хийдэг байсан учир тэднийг 1931 оны үед Тамсагийн өмнө зүгт байдаг гэр дуганд шилжүүлсэн байдаг. Тэр үеэс л Халхын сүм эзэнгүй болжээ. Монгол загасны харуулаас Халхын сүмд, Буйр нуурын зүүн эрэг орчимд хилийн харуул гарч, өдөр шөнөгүй дархан хилээ манадаг байв. Гэтэл өдрийн 13.00 цагт Япон, Манж-Гогийн зэвсэглэсэн 17 этгээд БНМАУ-ын хилд 20 км нэвтрэн Халхын сүмийн орчимд ирсэн тухай мэдээ ирсэн байна. Байдлыг лавлахаар Д.Дондов, хилийн харуулын дарга Г.Янжив, дөрвөн цэргийн хамт очиход хил зөрчигчид эхлэн буудсанаас харилцан буудалцах үеэр Д.Дондов, Г.Янжив нар амь үрэгдсэн байна. Хил зөрчигчид, манай цэргүүд рүү гал нээж, тулалдах үеэр таван цэргээс штабын дарга Д.Дондов, харуулын дарга Г.Янжив нар амиа алдаж, гурав нь үлдсэн байна. Энэ үйл явдлыг түүхэнд хил дээр гарсан анхны буун дуу гэж тэмдэглэжээ. Энэ тулалдаанд манай цэргүүд зүгээр ч нэг амиа өгчихөөгүй. Хүчний харьцаа зөрүүтэй байсан ч дайсны цэргүүдтэй хүч тэнцүү тулалдаж, штабын дарга Д.Дондов толгойлж явсан хүнийг нь хороож, өөрийн алтан амиа өргөсөн байна. Үүний дараа 1935 оны 1 сарын 31 өглөөний 08.00 цагт Япон, Манж-Гогийн 41 машин цэрэг, 53 морин цэрэг артиллерийн галаар дэмжүүлэн Халхын сүм рүү дайрчээ. Бүх цэргийн жанжны "Хил дээр буун дуу гаргаж болохгүй" гэсэн тушаалаар монголын хилийн харуул ухарч, Монгол Загасны харуул дээр ирсэн байна. Өдрийн 12.00 цагт Манж-Гогийн тал Халхын сүмийг эзлэн улмаар Монгол Загасны харуул руу довтолж 13.00 цагт эзэлсэн байна.

Монголын хилийн харуул мөн л буун дуу гаргалгүй ухарсаар Нарийн нуурт байрласан байна. Манж-Гогийн тал 2 сарын 1-нд ухарч, Халхын сүмд байрлал эзлэн хориглосон байна.

Мөргөлдөөны дараах байдал

[засварлах | кодоор засварлах]

1936 онд уг мөргөлдөөнийг судлах комисс байгуулж, нарийвчлан шалгуулсан байдаг. Амьд үлдсэн цэргүүд, тухайн бүс нутгийнхантай уулзаж юу болсон тухай судалжээ. Үүний үр дүнд Японы талаас өдөөн хатгаж, Монголын цэргийн даргыг олзолж, тухайн бүс нутгийн хүчийг сааруулах төлөвлөгөөтэй байсан. Түүнчлэн тэдний энэ ажиллагаа амжилттай болсон бол яг мөргөлдөөн болсон хил орчмоор томоохон цэргийн хүч Монголд орж ирэх байсан. Үүнийг таслан зогсоож чадсан нь VI дивизийн XV Морьт хорооны штабын дарга Д.Дондов болон түүний цэргүүдийн бас нэгэн гавьяа байсан юм. Генерал Ж.Лхагвасүрэн хожим дурсамж номдоо бичсэн байдаг. Түүний дурсамжид “…Тулалдааны талбарт алагдсан япон цэргийн бага дарга Ши Юо зэрэг гурван үхдлээс олдсон бичиг баримтаас өдөөн хатгалга үйлдсэн дээрх бүлэг манай хилийн манаа болон Халхын сүмийн харуулыг устгаад түүгээрээ олон тооны цэрэг цөмрүүлэн оруулж ирэх төлөвлөгөөтэй байжээ. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Дүгэржавын Дондов гэгч энэхүү чин зоригт эр бол намайг анх цэрэгт ирэхэд хүлээж авсан халамжит дарга нарын минь нэг байлаа. Тэгж харамсалтай амиа алдсан мэдээг сонсоод гүнээ эмгэнэн гашуудаж билээ. Цэргийн амьдралд хөтөлж оруулсан энэ гавьяат хүний ачийг би насан туршдаа санаж явдаг. Ахлах офицер Дондов нь штабын ажлын дадлага туршлагатай. Цэргийн жинхэнэ дарга, ах дүүгийн ёсоор харьцдаг байсан. Өөрийн чадах бүхнийг цэргүүддээ зааж зөвлөдөг. Үргэлж амгалан тайван уурлаж уцаарлахыг мэддэггүй нэгэн байв. Дайчин зоригтой эрэлхэг нэгэн байв…” гэжээ. Мөн тухайн үед Д.Дондовын талаар зарим хүн зориг нь дэндсэн хүн хэмээн ярьдаг байсан гэдэг. Тиймдээ ч тухайн өдрийн тулалдаанд дайснуудад бууж өгөлгүй, зугаталгүй, урагш тэмүүлж баатарлагаар амиа алдсан гэдэг. Япон-Манж Гогийн тал Д.Дондов нарын шарилыг өгөхгүй байсны улмаас оршуулахгүй хоёр сар орчим болсон гэдэг. Учир нь Дондовын гарт амиа алдсан хүн нь алтан вагонтой, хоёр таван хошуутай, гуулин патлизтай офицер хүн байжээ. Тиймээс дайсны томоохон албан тушаалтан Монгол цэргийн гарт амиа алдсан асуудлыг нэлээд нууцалж байсан гэдэг. Ийнхүү хоёр сар орчмын дараа Д.Дондов, Г.Янжив нарын алтан шарилыг тал нутагт нутаглуулсан байна. Хэдий хожим нутаглуулсан ч гэлээ тухайн үеийн бүх цэргийн жанжин онцгой ач холбогдол өгч цэрэг хүний ёсоор хүндэтгэн оршуулсан байдаг. Мөн тэдний баатарлаг гавьяаг тухайн үеийн төр, засаг өндрөөр үнэлж, БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолд “өөрийн эх орон хил хязгаарыг дайсан этгээдийн түрэмгийллээс өмгөөлөн хамгаалж баатарлагаар амь үрэгдсэн дарга Дүгэржавын Дондов, Готовын Янжив нарын гавьяаг мөнхжүүлэн Халхын сүмийн харуулыг Г.Янживын нэрэмжит, Монгол загасны харуулыг Д.Дондовын нэрэмжит болгожээ.

Хилийн хэлэлцээр

[засварлах | кодоор засварлах]

Хилийн будлианыг зохицуулахын тулд талууд БНМАУ ба Манж-Гогийн хооронд хилийн хэлэлцээр эхэлсэн байна.

Энэхүү хэлэлцээр нь 1935 оны 6 сарын 3-наас 1937 оны 9 сарын 13 хүртэл үргэлжилсэн түүхэнд "Манжуурын бага хурал" гэж нэрлэгджээ. Манжуурын бага хурал нь гурван удаа хуралдсан байна.

Тус хэлэлцээрийн анхдугаар бага хурлын төлөөлөгчдийн Монголын талын тэргүүнээр Бүх цэргийн жанжны орлогч Гончигийн Самбуу, МАХЦ-ийн II корпусын дарга Гомбожавын Дамба, нарийн бичгийн даргаар Онход Жамъяангийн Догсүрэн,комендантаар Цэргийн явдлын яамны ажилтан Чимэгийн Жагван, шуудан зөөгчөөр Дотоод явдлын яамны тасгийн дарга Нэрэндоогийн Чимэддорж, Самбуугийн хувийн нарийн бичгийн даргаар Жанлавын Лувсандэндэв,хятад хэлний орчуулагчаар Үйлдвэрчний төв зөвлөлийн орчуулагч Журамт, орос хэлний орчуулагч нэг, шифр утасны орчуулагч нэг, тэнд үйлчлэх жолооч хоёр, шуудангийн жолооч нэг, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч ажилласан байна.

Манж-Гогийн талаас Хойд Хянган мужийн захирагч Лин Шинь тэргүүтэй тус мужийн сэргийлэи хамгаалах цэргийн дарга, хошууч генерал Үржин Гармаоев, Манж-Го улсын Гадаад явдлын яамны Засгийн хэлстийн дарга Шинжи Жин И,Хайлаарын тагнуулын байгууллагын дарга Цай Тэн Жин Рүй болон Манж-Гогийн төлөөлөгчдийг дагалдан Манж-Го улсын Гадаад явдлын яамны зөвлөх, Японы Гадаад явдлын яамны хэрэг эрхлэх газрын ажилтан Канки, Цэргийн явдлын яамны зөвлөх Сайто,ажилтан Сакурай, орчуулагч Иногүчи, Монгол Засгийн яамны хэрэг эрхлэх тушаалтан Жүнжүүржав (япон хэлний орчуулагч, холбоо баригч), Хадаа, Хайлаарын цагдаагийн газрын салааны дарга Чүн Дэй болон нарийн бичгийн даргаар Хуа Минтай, Хойд Хянган мужийн сэргийлэн хамгаалах яамны ажилтан Жү Кавсан Зан (монгол хэлний орчуулагч, холбоо баригч), Хойд Хянган мужийн сэргийлэн хамгаалах яамны орчуулагч Эрхэмбаяр болон хурлын тэмдэглэгчид зэрэг арваад хүн оролцсон байна.

Манжуурын бага хурлаар Халхын сүм хэний нутаг болохыг шийдэх, хилийн шугамыг нягтлан тогтоох гэсэн хоёр үндсэн асуудал хэлэлцсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

Хэлэлцээнд оролцсон Монголын талын төлөөлөгчдийг Зөвлөлтийн талаас хардаж улмаар Их Хэлмэгдүүлэлт (Монгол)ийн үед хилс хэргээр хэлмэгдүүлсэн байна

Мөн Манж-Гогийн талыг ахлан оролцсон Хойд Хянган мужийн захирагч Лин Шинь тэргүүтэй төлөөлөгчдийг япончууд хардаж буруутгаж буудан хороосон байна.

Халхын сүмтэй холбоотой дараагийн үйл явдлууд

[засварлах | кодоор засварлах]

Халхын голын дайн ид дүрэлзэж байсан 1939 оны 6 сарын 18-ны өдөр 57-р корпусын оператив хэлтсийн туслах Ю.Пракафев, 9-р заставын дарга Р.Дулмаа нарын удирдсан тагнан байлдах групп /149-р хорооны нэг рот 70 хүн, 2 хүнд, 6 хөнгөн пулемёт, 9-р заставын 30 хилчин, 2 хөнгөн пулемёт/ бүхий хүчээр Японы эзэлсэн байсан Халхын сүмийг дайран эзэлж улмаар нэмэлт хүч иртэл тогтоон барьж тулалдаж байсан нь Халхын голын дайны түүхэнд суурин газрын төлөө тулалдсан цорын ганц байлдаан болж үлджээ . Монгол Оросын цэрэг Халхын сүмийг гэнэтийн дайралтаар эзэлж тэнд байсан Манжгогийн заставыг хөөн улмаар сүмийг эзэлж хориглолт хийж бэхэлж сүмээс япончуудын хүнс хэрэглэл, агтны тэжээл, олон тооны галт хэрэгсэл сум олзолжээ. Үүний хариуд Япончууд 75 мм-ийн их бууны батарейн галаар дэмжүүлэн явган цэргээр дайралт хийхэд манай тал ширүүн галаар угтан авч байлдаан болов. Энэ үед Оросын нисэх хүчин сүмд байсан өөрснийхөө цэргүүдийг андуурч агаараас дайрч зарим цэргүүд болон цэргийн агт морьд ихээр алагджээ. Тэр үед сүмд байсан гурилыг тараан асгаж өөрсдийнхөө таних тэмдэг үзүүлж байж андуурал зогссон байна. Орой болж нар шингэхийн үед Г.Жуковаас "1 батальон цэрэг, 5 танк явууллаа. Халхын сүмийг алдалгүй барьж бай" гэсэн тушаал ирсэнээс 1 танк амжин ирж туслан япончуудыг ухраасан бол үлдсэн танкууд нь халхын голд шаварт суусан байснаас сүүлд тулалдаанд оржээ. Энэ тулалдаанд гарамгай байлдсан хилийн заставын хөнгөн пулемётчин Бат-Очир, Төрбаяжих болон 5 хүнийг байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаж, хамгийн түрүүнд ирсэн танкийн 11-р бригадын 2-р батальоны ротын захирагч А.Васильев ЗХУ-ын баатар цол олгожээ. Энэхүү 1935-1936 онд Халхын сүм, Монгол загас, Булан дэрс, Адаг дулаан зэргийн олон газрын байлдаан тулалдаанд Японоос Монгол талын 33 цэргийн амь насанд хүрч , эд материалын хохиролыг тооцоход 11 сая 390 мянган төгрөг болжээ. Үүнийг бүүр сүүлд Чөлөөлөх дайны дараа Монгол Улс 1946 онд Алс Дорнодын комисст Япон улсаас дээрх хохиролыг 1939, 1945 онуудад учирсан хохиролтой хамтатган дайны төлбөр нэхэмжилж нот илгээсэн байдаг юм байна. Гэхдээ 1935 онд алдсан бүх газрыг 1939 онд буцаан авч чадаагүй зарим хэсэг нь одоо Хятадын газар нутагт үлдсэн , харин бидний ярьдаг Халхын сүмийн туурь одоогийн хилийн заставын харуулын цамхагийн яг хажууд байдаг


Урлагийн бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]