Хаммурапи
| Хаммурапи 𒄩𒄠𒈬𒊏𒁉 | |
|---|---|
| Вавилонийн хаан Орчлонгийн дөрвөн хязгаарын хаан | |
| Эртний Вавилонийн улсын хаан | |
| Хаанчлал | ойр. МЭӨ 1792 – c. 1750 |
| Өмнөх | Син-мубаллит |
| Удаах | Самсу-илуна |
| Төрсөн | ойр. МЭӨ 1810 Эртний Вавилонийн улс |
| Өнгөрсөн | ойр. МЭӨ 1750 (59–60 насласан) Вавилони |
| Хүүхэд | Самсу-илуна |
Хаммурапи (Аккад хэл:𒄩𒄠𒈬𒊏𒁉) бол МЭӨ ойр. 1792-с ойр. 1750 онд Эртний Вавилонийн улсын төрийг барьж байсан Амореи гаралтай зургаа дахь хаан. Өөрийн эцэг Син-мубаллитын орыг залгаж, хаан суух хугацаандаа Ларса, Эшнунна, Мари зэрэг хот улсуудыг дагуулсан. Ассирийн улсын хаан I Ишме-Дагантай олон жил тэмцэлдэн унагаж, түүний хөвүүн Мут-Ашкурыг хараат болгосноор Месопотамийг Вавилонийн нэгдсэн захиргаанд оруулав.
Тэрээр Хаммурапи хааны цааз хэмээх хуулиа тунхагласан байдаг ба Вавилонийн шударга ёсны бурхан Шамашаас хүлээн авсан хэмээн өгүүлдэг. Шумерын Ур-Наммугийн цааз зэрэг урьдын хуулиуд гэмт хэргийн хохирлыг барагдуулах дээр голлосон байдаг бол Хаммурапи хааны цаазад гэмт хэрэг бүрт оногдуулах шийтгэлийг нарийн тусгажээ. Мөн гэм буруугүйд тооцох зарчмыг анх нэвтрүүлснээр сэжигтнийг гэм буруутай нь тогтоогдох хүртэл залхаан цээрлүүлэхгүй байх болжээ. Хаммурапи хааны цааз Торад дурьдагдсан Мосегийн хуульд бичигдсэн олон төстэй заалт бий.
Түүнийг амьд ахуйд нь бурханчлан шүтэж байв. Өнгөрснийх нь хойно түүнийг соёл иргэншлийг түгээсэн агуу их эзэн хэмээн хүндэлж, Мардук бурхныг улс даяар тахин шүтэх болсон. Тэрээр байлдан дагуулагч бус шударга хууль тогтоосон хаан хэмээн дуурсагдан үлджээ. Хожим нь түүний байгуулсан улс гүрэн мөхсөн ч алдар суу нь тод үлдэж, Ойрх Дорнодын олон хаад өөрсдийгөө түүний удам гэдэг байв. Орчин цагийн археологичид 19-р зууны сүүлчээр Хаммурапи хааны тухай олж мэдсэн бөгөөд хууль эрх зүйн түүхэн дэх чухал хүн гэж үздэг болсон.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Роукс 1992, 266–267.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Роукс, Жоржс (1992) [1864]. Эртний Ирак. Лондон: Пенгвин Групп. ISBN 978-0-14-012523-8.
- Миллард, Алан (2004), "Хаммурапи", Оксфордын Библийн лавлах, Oxford: Оксфордын их сургуулийн хэвлэл, ISBN 978-0-19-504645-8, <https://www.oxfordreference.com/display/10.1093/acref/9780195046458.001.0001/acref-9780195046458-e-0309>