Харьцуулсан хууль
Харьцуулсан хууль Харьцуулсан хууль гэдэг нь өөр өөр улс орнуудын хууль болон хууль зүйн тогтолцоонуудын ижил төстэй болон ялгаатай талыг судалдаг шинжлэх ухаан юм. Илүү нарийвчилбал, дэлхий дахинд оршин буй янз бүрийн хууль зүйн тогтолцоо (эсвэл “хууль зүйн аймаг, гэр бүлүүд”)-г судлахыг хэлдэг. Үүнд англи-америкийн эрх зүй (common law), романо-германы эрх зүй (civil law), социалист эрх зүй, каноны эрх зүй, еврейн эрх зүй, исламын эрх зүй, хиндүгийн эрх зүй, хятадын эрх зүй зэрэг орно. Харьцуулсан хууль нь заавал шууд харьцуулалт хийлгүйгээр ч гэсэн гадаадын хууль зүйн тогтолцоог тайлбарлах, шинжлэх ажлыг багтаадаг. Орчин үеийн олон улсын харилцаа болон эдийн засгийн даяаршлын эрин үед харьцуулсан хуулийн ач холбогдол асар ихээр нэмэгдсэн. Түүх Орчин үеийн харьцуулсан хуулийн үүсэл нь 1667 онд Готфрид Вильгельм Лейбниц-ийн латин хэлээр бичсэн Nova Methodus Discendae Docendaeque Iurisprudentiae (“Хууль зүйг судлах, заах шинэ арга зүй”) хэмээх бүтээлээс эхтэй гэж үздэг. Тус бүтээлийн 7-р бүлэгт (“Хууль зүйг бүх улс орон, газар нутаг, цаг үеийг хамарсан төсөл болгон танилцуулах нь”) хууль зүйн тогтолцоог хэд хэдэн гэр бүлд ангилах санааг дэвшүүлсэн байдаг. Үүнээс хэдэн жилийн дараа Лейбниц мөн хэлний аймаг, гэр бүлийн тухай санааг гаргасан юм.