Хенри Форд

Хенри Форд 1919 он

Хенри Форд (Англи: Henry Ford, 1863 оны 7 сарын 30 - 1947 оны 4 сарын 7) нь дэлхийд алдаршсан АНУ-ын Форд Мотор компаний үндэслэгч бөгөөд анх удаагаа үйлдвэрлэлд угсралтын дамжлагыг нэвтрүүлсэн хүн юм. Түүний үйлдвэрлэсэн Форд Т загвар нь Америкийн нийгэм, аж үйлдвэрлэлийн салбарт хувьсгал хийсэн. Тэрээр цуцашгүй ажил хэрэгч, зохион бүтээгч байсан бөгөөд АНУ-ын патентын албанаас 161 патент өөрийнхөө нэр дээр авч байжээ. Форд мотор компаний эзэн гэдгийнхээ хувьд тэрээр дэлхийн хамгийн баян, алдартай хүмүүсийн нэг байв. Форд үйлдвэрлэлийнхээ зардлыг бууруулж, аль болох хямд боломжийн үнэтэй машин бүтээн, илүү олон хүнд машинтай болох боломж олгохыг хичээж байв. Нас нөгчих үедээ Форд өөрийн хөрөнгийнхөө нилээн их хувийг Форд санд үлдээсэн ч өөрийнхөө гэр бүлд Форд Мотор компанийг удирдаж, эзэмших бүх эрхийг үлдээсэн ажээ.