Jump to content

Херберт А.Саймон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Херберт Александер Саймон

Херберт Александер Саймон (англи. Herbert A. Simon; 1916 оны 6-р сарын 15-нд АНУ-ын Милуокид төрж, 2001 оны 2-р сарын 9-нд АНУ-ын Пеннсилвани мужийн Питтсбург хотод нас барсан) — Америкийн нийгэм, улс төр, эдийн засгийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэн. Тэрээр компьютерын шинжлэх ухаан, эдийн засаг, танин мэдэхүйн сэтгэл судлалын салбарт нөлөөлсөн эрдэмтэн байв.

АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн гишүүн (1967), Америкийн шинжлэх ухаан урлагийн академийн гишүүн (1959). Нобелийн эдийн засгийн шагналтан (1978), Тюринг шагнал (1975) хүртсэн.

Херберт Саймон хиймэл оюун ухаан, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх, зохион байгуулалтын онол, нарийн төвөгтэй систем зэрэг орчин үеийн шинжлэх ухааны хэд хэдэн салбарын анхдагчдын нэг байсан гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Херберт Саймон 1916 оны 6-р сарын 15-нд АНУ-ын Висконсин мужийн Милуоки хотод төрсөн. Түүний эцэг Артур Саймон (1881–1948) нь еврей гаралтай цахилгааны инженер байсан бөгөөд 1903 онд Дармштадтын Техникийн дээд сургуульд инженерийн зэрэг хамгаалж, Германаас АНУ-д цагаачлан иржээ. Артур мөн зохион бүтээгч, бие даасан патент эзэмшигч байжээ. Хербертийн эх Эдна Маргарета Меркель (1888-1969) нь Прага, Кёльн хотоос гаралтай эцэг, эхийн охин бөгөөд төгөлдөр хуурч байсан юм. Эхийнх нь отгон дүү эдийн засагч Харольд Меркель (1892—1922) түүний үзэл бодолд их нөлөө үзүүлсэн байна.

1933 онд Саймон Чикагогийн их сургуульд элсэн орж, сонирхолдоо хөтлөгдөн нийгмийн шинжлэх ухаан, математикийн чиглэлээр суралцахаар шийджээ. Саймон бага насандаа "өнгөний сохор" гэдгээ мэдсэн бөгөөд бодит орчин ертөнц нь хүлээн зөвшөөрөгдсөн ертөнцтэй адилгүй болохыг олж мэдсэн байна.

Херберт Саймон 1936 онд бакалавр, 1943 онд Чикагогийн их сургуульд улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэ нь түүний судалгааны ажилтнаар (1936–1938) орсон анхны албан тушаал юм. 1942 онд Иллинойсын Технологийн дээд сургуулийн профессор, 1947 онд тэндээ улс төрийн шинжлэх ухааны профессор болжээ.

Х.Саймоны удирдлагын шинжлэх ухаанд оруулсан онолын чухал хувь нэмэр нь 1978 онд "эдийн засгийн байгууллага, пүүсүүдийн шийдвэр гаргах үйл явцыг анхдагч судалгаа" ажил нь зохих ёсоор үнэлэгдэж Эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртэхэд хүргэсэн байна.

Херберт Саймон үнэхээр чухал зүйл тохиолдвол хэн нэгэн түүнд энэ тухай заавал хэлнэ гэж итгэдэг байсан тул хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цаг алдах нь утгагүй гээд сонин уншдаггүй, зурагт үздэггүй байжээ.

Анх 1947 онд хэвлэгдсэн бөгөөд олон жилийн турш шинэчлэгдсэн "Захиргааны зан байдал" ажил нь Саймоны докторын диссертацид үндэслэсэн болно. Энэ нь түүний амьдралын ажлын гол үндэс болсон юм. Энэхүү номд оновчтой шийдвэр гаргагчдын зан үйл, танин мэдэхүйн үйл явцад анхаарал хандуулдаг байна. Түүний тодорхойлолтоор үйл ажиллагааны захиргааны шийдвэр нь зохицуулалттай арга хэрэгслээр хэрэгжихэд зөв, үр дүнтэй, практик байх ёстой гэжээ. Улмаар тэрээр "Зорилгодоо хамгийн бүрэн дүүрэн хүрэхэд хүргэх боломжит бүх хувилбаруудаас үргэлж сонгож ав" гэж товч тодорхойлсон байна.