Jump to content

Хишигжавын Цогтбаатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хишигжавын Цогтбаатар (1956 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн) Монгол Улсын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, Шинжлэх ухааны доктор, дэд профессор, палеонтологич. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн.

Х.Цогтбаатар нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. Эцэг Цэгмидийн Хишигжав Алтанбулагийн Хяраан зүгийн хүн, элэнц өвөө нь тэнд харуул занги Өнөхишиг гэж хүн байжээ. Эцэг Ц.Хишигжав нь УБДС (МУБИС)-ийн түүх, газар зүйн анги төгссөн багш. Сэлэнгэ аймагт олон жил дунд сургуулийн захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад, 1970 оноос Алтанбулагийн музейг анх байгуулсан. Музейн ажлыг барилга бариулахаас нь эхлүүлсэн Ц.Хишигжав 1990 он хүртэл захирлаар ажилласан.

Х.Цогтбаатар Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг 1976 онд, МУИС-ийн биологийн ангийг 1981 онд тус тус төгссөн. Мөн Япон улсын Кагошимагийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

БНМАУ-ын ШУА-д 1981 онд томилогдон ирсэн. Эрдэм шинжилгээний ажлын гарааг тухайн үеийн Байгалийн түүхийн музейн палеонтологийн тасгаас эхэлж ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал хүртэл ажиллажээ.

2022 оны 12-р сарын 20-нд Монгол, Япон хоёр улсын хооронд палеонтологийн судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулан хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн гавьяаг үнэлэн ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Х.Цогтбаатарт Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртээсэн.

2025 оны 11-р сарын 25-нд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.