Хог ургамалтай тэмцэх (Органик хүнсний ногоо тариалах)
Хог ургамлаас урьдчилан сэргийлэхийн үндсэн зорилго нь хог ургамлын үрийг таримал ургамал ургах талбайд тархаахгуй байх болон тарах замуудыг таслан хаах ажлыг зохион байгуулахад чиглэнэ. Хог ургамалтай тэмцэхдээ нөхцлийг харгалзан урьдчилан сэргийлэх ба устгах арга хэмжээг авна. Доор урьдчилан сэргийлэх аргыг орууллаа:
• Таримлын үрийг хог ургамлын үрээс цэвэрлэх
• Үрийг хадгалах, агуулах, тээвэрлэхмашин болон сав, шуудай зэргийг цэвэр байлгах
• Тариалалтын хугацаа, норм зэргийг хамгийн тохиромжтойгоор хэрэгжүүлэх
• Хураалтын болон тарих техникийн ажиллагааг нарийн тохируулж, ялангуяа хураалтын машиныг хог ургамлын үр ялгарах боломжтойгоор тохируулах
• Хэрэв малын тэжээл бол сайн буталсан, уураар ариутгасан хэлбэрээр хэрэглэхийг чармайх
• Хог ургамал ихээр ургадаг талбайн зах, хоорондын зурвас зэргийг хадах буюу цэвэрлэх
• ХАА-н таримлын нэр төрлийг зөв сонгож, тариалах
• Бууц болон багсармал бордоог сайн ялзруулж, зөв бордож хэрэглэх
• Хог ургамлын үр талбайд тархах замуудыг хаах
• Нэг талбайд дараалан нэг овгийн ургамал тариалахаас зайлсхийх /ээлжлэн тариалах системийг баримтлах/
• Зарим төрлийн үнэрт ногоог ургамлын хоорондуур болон захаар тарих
• Аж ахуйн дотоодын болон гадаадын хорио цээрийн журмыг нарийн баримтлах
Хог ургамалтай тэмцэх биологийн арга: Хог ургамлын хор хөнөөлийг багасгах зорилгоор амьд организмуудыг ашиглан устгахыг биологийн арга гэнэ. Жишээ нь фитомын ялаа наранцэцгийн гувшаахайг идэж устгадаг байна. Мөн хүлэмжинд ургамлын хоорондуур болон захаар хилэн цэцэг тарьснаар өвөрмөц үнэр ялгаран, шавьжнаас хамгаалдаг байна.
Хог ургамалтай тэмцэх агротехникийн арга: Хог ургамлыг хөрс боловсруулалт хийж устгах нь тариаланчдын хэрэглэж заншсан хамгийн эртний арга бөгөөд одоо хүртэл зонхилон хэрэглэгдсээр байна. Энэ нь хөрсөнд соёолох чадвартай үр болон үржлийн эрхтэнг устгах арга дээр тулгуурлана.