Jump to content

Хошой чин ван

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хошой чин ван (манж: ᡥᠣᡧᠣᡳ
ᠴᡳᠨ
ᠸᠠᠩ
, галиг: hošoi cin wang; хятад: 和硕亲王, пиньинь: Héshuò qīnwáng) нь манжийн Чин гүрний хааны агь, ах дүү зэрэг язгууртад, Монголын хошууны засаг ба засаг бус ноёдод эзэн хааны зарлигаар соёрхож байсан тэргүүн зэргийн цол хэргэм. Уг цолыг Манжийн төр улс байгуулсны дараа хааны удмын гавьяа зүтгэл ихтэй, угсаа гарал өндөртэй ханхүүд олгодог байснаа, ар өвөр Монгол, Хятадыг эзэлсний дараагаас монгол, хятад ноёдод олгодог болжээ. 1673-1681 онд Хятадын У Сангүй, Гэн Жинжун, Шан Жишинь гэх гурван вангийн удирдсан зэвсэгт бослого гарч, дарагдсаны дараа хятад түшмэлд ван, бэйл, бэйс цолыг олгохоо больж, зөвхөн манж, монголын ихэс ноёдод өгдөг болсон. Манж хэлээр хошой гэдэг нь зах хязгаар гэсэн утгатай, чин ван нь эртний Хятадын хаад ноёдын хэрэглэж байсан цол юм. Манжийн үеийн хошой чин вангууд нь өндөр хэмжээний цалин мөнгө, эд баялаг хүртдэг ч, эзэн хааны зарлиггүйгээр дураар шийдвэр гаргах, цэрэг хөдөлгөх, алс холын замд гарах эрх мэдэлгүй амьдарч байснаараа, өмнөх Хятадын төрт улсуудын чин вангуудаас ялгардаг.

Чин гүрний хуулиар манж, монгол ноёдын цол хэргэмийг залгамжлуулахдаа "нэг үе залгамжлах", "үе улиран залгамжлах" гэсэн хоёр төрлөөр олгож байсан. Нэг үе гэдэг нь анхны эзэмшигч нь л чин ван цолтой байгаад, түүний хүү эцгээ залгамжлахад жүн ван болж, нэг зэрэг буурдаг бөгөөд зарим онцгой тохиолдолд хааны соёрхлоор үе улиран залгамжилдаг байсан. Чин гүрний 12 хаадын ихэнх агь нь хошой чин ван болдог ч, түүний хүү юм уу ачийн үед хэргэм нь жүн ван, бэйл зэргээр залгамжлах бүрд буурсаар 5 үеийн дараа түшээ гүн хэргэмтэй болдог байв. Харин тухайн үед Манжийн хааны удам дотроос үе улиран залгамжлах эрхтэй 12 вангийн 10 нь хошой чин ван байсныг хятад бичигт нийтэд нь "төмөр малгайт ван" (铁帽子王) (цол хэргэм буурахгүй дархан эрхтэй гэсэн утгатай) гэдэг байсан. Ар өвөр монголд 13 хошой чин ван, Шинжаан уйгурын нутагт зөвхөн Хамилийн засаг ноёныг хошой чин ван болгожээ.

Хошой чин вангийн хатныг "хошой хатан", чин вангийн угсаа залгамжлах хүүг "шизи" буюу тэргүүн зэргийн тайж, чин вангийн охиныг "хошой гэгэ" гэдэг байсан.

Чин гүрний 12 "төмөр малгайт чин ван"
Манж цол хэргэм Манж бичиг Хятад ханз Цаг хугацаа Харьяалагдах хошуу Угсаа гарал
1 Хошой доронго[1] чин ван ᡥᠣᡧᠣᡳ
ᡩᠣᡵᠣᠩᡤᠣ
ᠴᡳᠨ
ᠸᠠᠩ
Хошой Ли чин ван

和碩禮親王, Héshuò lǐ qīnwáng

1636-1945 Манжийн Шулуун улаан хошуу Нурхач хааны хүү Дайшан вангийн угсаа
2 Хошой мэргэн чин ван ᡥᠣᡧᠣᡳ
ᠮᡝᡵᡤᡝᠨ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ
Хошой Рүй чин ван

和硕睿亲王, Héshuò ruì qīnwáng

Манжийн Шулуун цагаан хошуу (1636-1651)

Манжийн шулуун хөх хошуу (1651-1912)

Нурхач хааны хүү Доргоны өргөмөл хүү Дорбогийн угсаа
3 Хошой эркэ[2] чин ван ᡥᠣᡧᠣᡳ
ᡝᡵᡴᡝ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ
Хошой Юй чин ван

和硕豫亲王, Héshuò yù qīnwáng

Манжийн шулуун хөх хошуу Нурхачийн хүү Додо вангийн угсаа. Дорбогийн төрсөн эцэг.
4 Хошой үжэн чин ван ᡥᠣᡧᠣᡳ
ᡠᠵᡝᠨ
ᠴᡳᠨ
ᠸᠠᠩ
Хошой Жөн чин ван

和硕郑亲王, Héshuò zhèng qīnwáng

Манжийн хөвөөт хөх хошуу Нурхачи хааны дүү Шурхач бэйлийн хүү Жаргалан вангийн угсаа
5 Хошой фафунга[3] чин ван ᡥᠣᡧᠣᡳ
ᡶᠠᡶ᠋ᡠᠩᡤᠠ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ
Хошой Сү чин ван

和碩肅親王, Héshuò sù qīnwáng

Манжийн хөвөөт цагаан хошуу Дээд эрдэмт хааны том хүү Хөөгэ вангийн угсаа
6 Хошой амбалингуй[4] чин ван ᡥᠣᡧᠣᡳ
ᠠᡤᠠᠮᠪᠠᠯᡳᠩᡤᡡ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ
Хошой Жуан чин ван

和碩莊亲王, Héshuò zhuāng qīnwáng

1644-1945 Манжийн хөвөөт улаан хошуу Дээд эрдэмтийн 5-р хүү Шосэ вангийн угсаа
7 Хошой үргүн[5] чин ван ᡥᠣᡧᠣᡳ
ᡠᡵᡤᡠᠨ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ
Хошой И чин ван

和硕怡亲王, Héshuò yí qīnwáng

1722-1945 Манжийн шулуун хөх хошуу Энх-Амгалан хааны 13-р хүү Иньшян вангийн угсаа
8 Хошой фэншэн[6] чин ван ᡥᠣᡧᠣᡳ
ᡶᡝᠩᡧᡝᠨ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ
Хошой Цин чин ван

和硕庆亲王, Héshuò qìng qīnwáng

1789-1945 Манжийн хөвөөт хөх хошуу Тэнгэрийн тэтгэсэн хааны 17-р хүү Ёнлин вангийн угсаа
9 Хошой гүннэчүкэ чин ван ᡥᠣᡧᠣᡳ
ᡤᡠᠩᠨᡝᠴᡠᡴᡝ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ
Хошой Гун чин ван

和碩恭親王, Héshuò gōng qīnwáng

1850-1945 Манжийн хөвөөт хөх хошуу Төр гэрэлт хааны 6-р хүү Ишинь вангийн угсаа
10 Хошой гүлү чин ван Хошой Чүнь чин ван

和碩醇親王, Héshuò chún qīnwáng

1872-1945 Манжийн хөвөөт цагаан хошуу Төр гэрэлт хааны 7-р хүү Ишюань вангийн угсаа, Чин улсын сүүлийн хоёр хааны гэр бүл

Монгол чин вангууд

[засварлах | кодоор засварлах]
Манжийн үеийн Монголын хошой чин вангууд
Цол хэргэм Хугацаа[7] Захирсан хошуу Ноёдын угсаа гарал
1 Засаг, хошой түшээт чин ван 1636-1945 Хорчины баруун гарын дунд хошуу Ууба тайжийн угсаа
2 Засаг, хошой дархан чин ван 1650-1945 Хорчины зүүн гарын дунд хошуу Манзушир вангийн угсаа
3 Засаг, хошой бодлоготой чин ван 1855-1930 Хорчины зүүн гарын хойд хошуу Донгор гүнгийн удам Сэнгэринчин вангийн угсаа
4 Засаг бус, Хошой зоригт чин ван 1636-1945 Хорчины зүүн гарын дунд хошуу Угшан вангийн угсаа
5 Засаг, хошой сэцэн чин ван 1641-1945 Үзэмчин баруун хошуу Үзэмчиний Дорж сэцэн жононгийн угсаа
6 Засаг, хошой дархан чин ван 1655-1945 Улаанцавын чуулганы Халхын баруун гарын хошуу Рахул далай ноёны хүү Бунтар ноёны угсаа
7 Засаг, Хошой чин ван 1747-1923 Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин засгийн хошуу Түшээт хан Гомбодоржийн хүү Чамчугнамжилийн угсаа
8 Засаг, Хошой чин ван 1691-1923 Сэцэн хан аймгийн Дархан засгийн хошуу Норов ханы хүү Намжил-Эрдэнэ тайжийн угсаа
9 Засаг, Хошой чин ван 1691-1923 Сайн ноён ханы хошуу Данзан ламын ач Шамба дайчингийн угсаа
10 Засаг, Хошой чин ван 1721-1923 Сайн ноён хан аймгийн Сэцэн засгийн хошуу Эфү Цэрэнгийн угсаа
11 Засаг, Хошой чин ван 1697-1949 Алашаа хошуу Алашаагийн Хороли жононгийн угсаа
12 Засаг, Хошой чин ван 1752-1923 Дөрвөдийн Үнэн зоригт ханы хошуу Дөрвөдийн Цэрэн увшийн угсаа
13 Засаг, Хошой буянт чин ван 1771-1949 Үнэн сүжигтийн чуулганы хойд замын "ховог сайрын торгууд хошуу" Торгуудын Цэвэгдоржийн угсаа
14 Засаг, Хошой чин ван 1700-1755 Түшээт хан аймгийн Дархан засгийн хошуу Дархан чин ван Дондовдорж, Ренчиндорж нар
15 Чоросын Хошой чин ван 1757-1759 Чоросын Даваач хунтайж
16 Засаг, Хошой чин ван 1636-1675 Цахар хошуу Цахарын Лигдэн хааны угсаа
  • Хамилийн засаг ноёд 1696-1813 онд засаг, дархан хэргэмтэй байснаа 1813 оноос засаг, хошой чин ван цолыг хэрэглэх болжээ.

Хошой чин вангийн жилийн цалин пүнлүү нь Манжийн хааны удмын чин ван, хорчины чин вангууд, гадаад Монголын бусад чин ван гэсэн гурван зэрэглэлээр олгодог байсан.

  • Манжийн хааны удмын чин ван: жил бүр 10,000 лан мөнгө, 10,000 ху (1 ху нь бараг 100 литр болно) будаа
  • Хорчины чин вангууд: жил бүр 2500 лан мөнгө, 40 зах торго
  • Монголын бусад хошууны чин вангууд: жил бүр 2000 лан мөнгө, 25 зах торго
  1. Доронго гэдэг нь монголоор ёст гэсэн утгатай
  2. эркэ гэдэг нь монголоор эрэмгий гэсэн утгатай
  3. Фафунга гэдэг нь монголоор тод гэсэн утгатай
  4. амбалингуй нь монголоор амарлингуй
  5. үргүн гэдэг нь монголоор "баяр" гэсэн утгатай
  6. фэншэн гэдэг нь монголоор "ерөөлт" гэсэн утгатай
  7. Хошой чин ван хэргэмийг анх хүртсэнээс эхлүүлж бичив