Хуа Гофэн
Хуа Гофэн (хялбаршуулсан Хятад: 华国锋; уламжлалт Хятад: 華國鋒; пиньинь: Huá Guófēng, жинхэнэ нэр Су Жү; 1921 оны 2-р сарын 16-нд төрсөн - 2008 оны 8-р сарын 20-нд нас барсан) БНХАУ-ын төрийн зүтгэлтэн. БНХАУ-ын Коммунист намын дарга Мао Зэдунгийн албан тушаалыг залгамжлан авсан (1976—1981) удирдагч. БНХАУ-ын гурван дээд албан тушаалыг нэг дор хашиж байсан цорын ганц хүн: Хятадын Коммунист намын дарга, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд (1976—1980) бөгөөд БНХАУ-ын Цэргийн Төв Зөвлөлийн дарга (1976—1981).
Мао Зэдун нас барсны дараа тэрбээр 1976 оны 10-р сарын 6-нд "Дөрвийн бүлэг"-ийг удирдлагаас зайлуулан баривчилж "Соёлын хувьсгал"-ыг зогсоосон. Бусад удирдагчдаар өөрийгөө хүрээлүүлж чадаагүй Хуа Гофэнийг улс оронд зах зээлийн өөрчлөлтийг эхлүүлсэн Дэн Сяопин 1978 оны эцэс гэхэд удирдлагаас аажмаар холдуулсан байна. 1981 онд Хуа Гофэнг Хятадын коммунист намын даргын албан тушаалаас буулгажээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Хуа Гофэн 1921 оны 2-р сарын 16-нд Шаньси мужийн Зяочэн нутагт төржээ. Түүний жинхэнэ нэр нь Су Жү (хялбаршуулсан Хятад: 苏铸; уламжлалт Хятад: 蘇鑄; пиньинь: Sū Zhù) гэдэг байсан. Нутагтаа анхан шатны боловсрол олж аваад тэндээ Худалдааны мэргэжлийн лицей буюу дунд сургуульд сурсан байна.
Хятад-Японы дайны үед Японы эзлэн түрэмгийлэгчидтэй тэмцэж яваад 1938 онд коммунистуудтай нэгдсэн байна. Тэр үеийн Хятадын коммунист хөдөлгөөний төлөөлөгчдийн нэгэн адил Хуа Гофэн гэж нууц нэр авсан байна. Энэ нэр нь «Чжунхуа канжи цзюго сяньфэндуй» (хятад. 中华抗日救国先锋队) гэж «Японы эсрэг эх орноо авран тэмцэх Хятадын тэргүүлэх хүчин» гэсэн үгнүүдийн товчлол ажээ.
Генерал Жу Дэгийн удирдаж байсан 8 дугаар армид 12 жил алба хаасны дараа 1947 онд мужийн Коммунист намын салбар хорооны үзэл суртлын хэлтсийн даргаар томилогдсон байна. 1949 оны 1 дүгээр сард тэрбээр Хань Жицюнь (韩芝俊)-тай гэрлэжээ. Тэр жилдээ Хунань мужийн Сянтань дүүргийн Намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдсон байна.
Албан тушаалын өсөлт
[засварлах | кодоор засварлах]Хуа Гофэн удирдагч Маогийн бодлогыг дэмжиж Хунань мужийн нмын хорооны дарга болж 1969 онд ХКН-ын Төв хорооны гишүүн болсон байна.
1973 онд тэр ХКН-ын Төв хорооны гишүүнээр дахин сонгогдож ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн болоод удалгүй 1973 онд БНХАУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдаар томилогдсон байна.
1976 оны 1 дүгээр сард Жоу Эньлай нас барсны дараа нэг талаас Дэн Сяопиний бүлэглэл, нөгөө талаас "Дөрвийн бүлэг"-ийн хооронд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын албан тушаалын төлөөх тэмцэл ширүүн өрнөж эхлэв. Ийм нөхцөлд 1976 оны 2-р сарын 8-нд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр дундыг баримтлагч Хуа Гофэн томилодсон байна. Үүний зэрэгцээ "Дөрвийн бүлэг"-ийн хяналтад байсан Хятадын төв хэвлэл мэдээллийн хэрэгслээр Дэн Сяопиныг шүүмжилж эхэлсэн байна.
1976 оны 10-р сард Мао Зэдун нас барсны дараа Хуа Гофэн "Дөрвийн бүлэг"-ийг баривчлах ажлыг санаачилж хэрэгжүүлэв. Хуа ХКН-ын Төв Хорооны даргын албан тушаалыг эзлэв.
1979 оны 10 дугаар сард Хуа Европ руу албан ёсны айлчлалууд хийжээ. Тэрбээр Герман, Францад айлчилж 10-р сарын 28-нд Их Британид Ерөнхий сайд хатагтай Маргарет Тэтчертэй уулзаж, Хонконгийн ирээдүйн хувь заяаны талаар ярилцаж, Оксфордын их сургуульд зочилсон байна. Гадаад бодлогодоо Хуа Гофэн ЗХУ-тай сөргөлдөх шугамыг үргэлжлүүлэн баримталсан байдаг.
Ерөнхий сайдын орлогч Дэн Сяопингийн нөлөө намд нэмэгдэхийн хэрээр Хуаг нам, улс орныг гутаан доромжилсон маоизмын замаар удирдаж байна гэсэн ойлголт ард түмний дунд хүчээ авч эхэлсэн юм.
Албан тушааласаа буусан үе
[засварлах | кодоор засварлах]1980 оны 9 дүгээр сард Хуа Ерөнхий сайдын абан тушаалаа Жао Зыянд шилжүүлж, 1981 оны 6 дугаар сард түүнийг ХКН -ын Төв хорооны даргын албан тушаалаас халж Ху Яобанд өгчээ. Гэсэн хэдий ч Хуа Гофэн 2002 оны 10 дугаар сар хүртэл ХКН-ын Төв Хорооны гишүүн хэвээр үлдсэн юм.
2007 оны 10 дугаар сард Хуаг ХКН-ын 17-р Их хурлын төлөөлөгчөөр урьж оролцуулсан байна. Хуа ХКН-ын Төв Хорооны даргаас огцорсны дараа намын бусад бага албан тушаалуудыг хашиж байсан ч Хятадын шинэ үеийн удирдагчдын явуулж буй бодлогод хөндлөнгөөс оролцоогүй юм. Хуа усан үзэм тариалах сонирхолтой болж, улс төрийг зөвхөн сониноос уншдаг байжээ.
2008 он гэхэд Хуагийн эрүүл мэнд эрс муудаж зүрх, бөөрний өвчний хүндрэлээс болж гурван удаа эмнэлэгт хэвтсэн. Хуа 2008 оны 8 дугаар сарын 20-нд чимээгүйхэн таалал төгссөн байна.
Тэрбээр 2008 оны Бээжингийн Олимпын наадмын үеэр нас барсан тул Хятадын хэвлэл мэдээллийнхэн түүний үхэлд анхаарал бага хандуулсан.