Jump to content

Хуучин хот (Варшав)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Варшавын Хуучин хот (польш. Stare Miasto, ярианы хэл. «Starówka») — Варшав хотын хамгийн эртний түүхэн төв юм. Энэ нь хуучин хотын хэрэм, Висла мөрний цутгалуудын нэг болох одоо үгүй болсон Камионка голын урсгалын мөр (өнөөгийн Бржозова гудамжны доор), мөн Гродзка, Мостова, Подвале зэрэг гудамжуудаар хүрээлэгдсэн байдаг. Хуучин хот бол Варшавын хамгийн алдартай жуулчдын сонирхлыг татдаг газруудын нэг юм.

Варшавын Хуучин хот нь 13-р зуунд байгуулагдсан. Анх шороон хэрмээр хүрээлсэн байсан бол хожим 1339 онд уг хэрэм тоосгон болсон байв. Хот нь анх Мазовийн гүнгийн цайзын эргэн тойронд өргөжин тэлж, хожим нь Хааны цайз гэгддэг болжээ. Хуучин хотын зах (польш. Rynek Starego Miasta) нь 13-р зууны сүүл, 14-р зууны эхэн үед Хааны цайзыг хойд зүгт орших Шинэ хоттой холбосон гол замын дагуу баригдсан ажээ.

1918 онд Хааны цайз дахин Польшийн дээд удирдлага болох Польшийн Ерөнхийлөгч болон түүний албаны ордон болжээ. 1930-аад оны сүүлээр Ерөнхийлөгч Стефан Старшинскийн засаг захиргааны үед хотын захиргаа Хуучин хотын өмнөх сүр жавхланг сэргээхийн тулд засвар хийж эхэлсэн. Барбикан болон Хуучин Захын талбайг хэсэгчлэн сэргээн засварласан. Гэсэн хэдий ч 1939 онд Дэлхийн хоёрдугаар дайн эхэлснээс болж эдгээр ажил зогссон байна.

Дайны үеэр Варшав хот бүхэлдээ бөмбөгдөлтөнд өртөж түүний дотор Хуучин хот бараг бүрэн нурсан байна. Дайны дараа маш их хүч, хөрөнгө зарж Хуучин хотыг сэргээсэн байна.

Варшавын Хуучин хотыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад "13-20-р зууны хоорондох түүхэн үеийг бараг бүрэн сэргээн босгосны онцгой жишээ" болгон бүртгүүлсэн байдаг.