Хэвлэлийн үйлдвэрлэл
Монголчууд XII-XIII зууны үеэс ном барлан хэвлэж ирсэн бөгөөд ном хэвлэх ажиллагааг урлагийн бүтээл болгож алт, мөнгө зэрэг есөн эрдэнээр бүтээж байсны илрэл нь “Сундуйн жүд”, “Доржзодов”, “Жадамба”, “Алтан Данжуур, Гажуур” зэрэг бүтээл юм. Тухайн үед хулсан үзэг, бийрээр судар ном бүтээдэг байв.
1912 онд “Монголын хэвлэлийн хороо” хэмээх хэвлэх үйлдвэрийг тугалган үсэг өрж хэвлэдэг 1 гар машин, 3 ажилтантайгаар байгуулснаар орчин цагийн хэвлэлийн салбарын үндэс суурь тавигдсан байна. Энэ үеэс анхны сэтгүүл “Шинэ толь”, “Нийслэл хүрээний сонин бичиг” сонинуудыг хэвлэхээс гадна “Цаасан шувууны үлгэр”, “Оюун түлхүүр”, “Бага хөвгүүдийн сургуулийн сурах бичиг” зэрэг номуудыг хэвлэж байжээ.
1921 онд “Монгол үсгийн хэвлэлийн хороо” байгуулагдаж, монгол ном хэвлэх боломж нээгдэж, нэг номын хэвлэх хувь өсөж, орос хэлнээс ном орчуулан хэвлэх болжээ.
1941 он хүртэл улсын хэмжээнд ганц үйлдвэр (Улсын хэвлэлийн комбинат) ажиллаж байсан бол 1940-1950-иад онуудад бүх аймагт хэвлэлийн үйлдвэр байгуулагдаж, зарим албан байгууллага өөрийн хэвлэх үйлдвэртэй болж, гараар үсэг өрөхөөс машинаар үсэг өрөх зэрэг дэвшил гарсан юм.
1990-ээд оноос хойш олон жижиг хэвлэх үйлдвэр байгуулагдаж, орчин үеийн шинэ технологи нэвтэрч, технологийн шат дамжлага цөөрч, хэвлэх ажиллагаа хялбарчлагдсантай холбоотойгоор ном болон хэвлэлийн бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилээс жилд өсөж, хөнгөн үйлдвэрийн салбарт хэвлэлийн үйлдвэрлэл хамгийн эрчимтэй хөгжиж байгаа салбар бөгөөд 2012 онд 100 жилийнхээ ойг тэмдэглэв.