Jump to content

Хэлэлцүүлэг:Айн Жалутын тулалдаан

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Айн жалутад Монгол цэрэг ялагдсан нь

[кодоор засварлах]

On toli 2007.7.16


Айн Жалут гэх газар Монгол цэргийг бут ниргэж Татаруудын омог сүрийг дарсан хэмээн Арабын түүхчид хөөрөлдөн бичиж, Лалын шашинтан хүн болгон бахархаж онгирдогын учир юу билээ. Чухам тэнд юу болсон вэ? Одоогоос 746 жилийн өмнө буюу 1260 оны 9 сард эх нутагт нь намрын налгар шар нар төөнөж айрагны амт чимчигнэн байхад элс шуурсан Айн Жалут гэж одоогийн Сири Израйлын хил дээрх Голаны өндөрлөг гэх хүний нутгийн тэнгэрт Монголын цэргийг муу ёрын сүүдэр дайрч байлаа. Энэ цэргүүд бол Лалын ертөнцөд эр зоригын тууль болон үлдсэн Монгол Жанжин Хэт Буха Ноёны удирдсан цэргүүд байсан юм. 1260 онд Хүлэг хаан Лалын ертөнцийг эзлэн дуусгаж Их Хаан Мөнхийн тушаалыг биелүүлж Газрын дундад тэнгисийн эрэг дээрээс морио усалж Лалын ертөнцийг бүрэн эрхшээлдээ оруулахад хагас алхам дутуу байлаа. Гэтэл яг энэ үед Мөнх Хаан өвчний учир таалал төгсөж Хаан ахаа алдсан Хүлэг хаан дайнаа зогсоож хорин мянга орчим цэргийг гарамгай жанжин Хэт Буха Ноёноор удирдуулан орхиж гол хүчээ аван буцжээ. Бас нэг шалтгаан нь Алтан Ордны улсын Хаан Бэрхтэй Кавказын нуруу орчмын орнууд түүн дотроо Армян Азербайжаныг булаацалдан муудсанаас тодорхой цэрэг гэдрэг татах шаардлага гарсан гэдэг.

Хэт Буха Ноён Хэт Буха Ноён бол Хүлэг Хааны шадар жанжин байж түүний хамт Багдадыг эзэлж Халифыг дарж, Иранд Исмайлын улсыг мөхөөсөн туршлагатай жанжин байсан юм. Хүлэг Хаан буцмагц Хэт Буха Ноён өөрийн элчийг 40 нөхрийн хамт Египет луу илгээж Мөнх Хөх тэнгэрийн зарилгаар Хөхрөгчид хөх тэнгэр Хөрстөд Монголчууд эзэн суух таалалтайг сануулж, үүний эсрэг зогссон хэн бүхэн, тэдний гэр бүл бүхэлдээ хүйс тэмтрэгдэх бөгөөд бидний хүч чадал Истандариийн Рустамаас илүү болно. Та нар бууж өгч элчээ ирүүлж хүндлэл үзүүл эс бөгөөс байлдахад бэлтгэ гэжээ. Энэ үед Египетд байсан Мамлукын улс бол Монголын эрхшээлд ороогүй Лалын сүүлчийн улс байсан бөгөөд Түрэгүүд Египет Сири Иорданы арабуудыг эзлэн байгуулсан Дамаск төвтэй улс байлаа. Хаан нь Кудуз гэх түрэг хүн байсан агаад ихэд шударга хаан хэмээгдэж ард түмний талархлыг хүлээсэн байж. Түүний цэргийн гол хэсэг нь Хорезмын сүүлчийн Хан Хүү Жалал Ад Дины цэргийн үлдэгдэл, тэдний үр сад байсан гэжээ. Монголын элч мөн нэмж ингэж хэлжээ. Хүлэгү Хаан Туранаас Иранд ирэхэд ганц ч Халиф, Султан, Малик түүнийг сөрж зогсож чадаагүй бөгөөд тэр Дамаскийг эзлэхээр ирэхэд түүний ах Их Хаан Мөнх Хаан нас барсан мэдээ ирж тэр буцсан болно. Гэвч түүний Арслангийн зоригт Луугийн хүчит Хэт Буха жанжин цэргийг одоо удирдаж байна. Тэр Дамаскийг дайрвал түүнийг хэн ч зогсоож чадахгүй бөгөөд та нар үтэр түргэн бууж өг гэж шаарджээ. Харин Мамлукын хаан өөрийн шадар түшмэдүүдийн хамт зөвлөж бид бууж өгсөн ч байлдсан ч биднийг зөвхөн үхэл хүлээж байна, иймд байлдая гэжээ, ухрах газар бидэнд үгүй ар талд Хойд Африкийн элсэн цөлөөс өөр ухрах газаргүй гэж ярилцаад Монголын элчийн толгойг авч дайн хийе гэж тогтжээ. Энэхүү зоригтой шийдвэрт нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол Хүлэг Хаантай муудалцсан Алтан Ордны Хаан Бэрх энэ үед элч илгээж Мамлуктай цуг Хүлэгийг дайлая гэжээ. Бэрх Лал шашинтан гэж өөрийгөө нэрийдэж байсан боловч үнэндээ түүнд Хүлэгтэй муудах гол шалтгаан бол Чингисхааны үеэс Зүчийн үр садад хүртээсэн Кавказын нурууны өмнөд хэсгийн бэлчээр сайт нутгыг Хүлэгтэй булаацалдсан явдал бөгөөд энэ нь ч бас зөвтгөх талтай байсан бөгөөд , дайран дээр давс гэж Хүлэгийн цэрэгт хүч өгч Багдадыг эзэлж явсан Зүчийн удмын 3 Хан Хүү учир битүүлэгээр Хүлэгийн ордонд нас барж тэдний албат нар Хан Хүү нар хор ууж үхсэн гэж баталсан аж. Бэрх Хаан Лал шашинд талтай байсан нь үнэн боловч үндсэн шалтгаан нь дээрх шалтгаан гэж үзэх бүрэн үндэстэй гэнэ. Үүгээр ч зогсохгүй чухамдаа Єгөдэйн удмаас Хаан ширээг Тулуйн удмын Мөнх Хаанд авч өгсөн гол хүн бол Батын заавраар гардан гүйцэтгэсэн Бэрх байсан бөгөөд тэжээсэн бяруу тэрэг эвдлээ гэж хэлэхээр байдал үүсжээ. Мамлукууд Айн Жалутад байсан монгол цэргийн тоог ч бас багцаалж байсан учраас айхгүйгээр байлдах шийдвэр гаргасан бол Хэт Буха жанжин ч бас байлдахгүйгээр айлгаад буулгаж авах бодолтой байсан байх талтай. Монгол цэргийн ангийг толгойлж байсан Байдар гэх жанжин Єгүл Бек гэх цэргээр элч зарж Мамлукын цэргийн хөдөлгөөнд орж байгааг мэдээлсэнд Хэт Буха байрлалаа орхихгүй байхыг тушаажээ. Гэвч Хэт Буха жанжинг амжмж ирэхэд Байдарын цэрэг цохигдож ухарсан байсан ч Хэт Буха өөрийн хүчинд эрдэж цэргийн хамт шууд довтолжээ. Энэ үед дайсан байрлалаа өөрчилж нууц отолтонд хэсэг хүчээ оруулан ухарч улмаар бүсэлж цохисон нь Монгол цэргийн аргаар өөрийг нь цохисон хэрэг болжээ. Энэ үед Хэт Буха жанжин цэргээ зоригжуулан Хүлэг Хаандаа ялагдлын мэдээ дуулгаж түүний урмыг хугалснаас баатар зоригыг үзүүлэн байлдаж дуусая, бид баатар зоригтой байлдаж амиа алдсанаар Хааны цэргийн эхнэрүүд бэлэвсэрнэ, үнасан азарга маань үрэгдвэл Хааны адуун сүргийн гүү нэгэн жил унагалахгүй, гэвч Хаан биднээр бахархаж бидний өшөөг авах болно гэж хэмээн цэргээ зоригжуулж хэлээд цэргээ толгойлон байлдсан ч цэргүүд нь ухарч тэрээр мянган цэрэг мэт аймшиггүйгээр байлдсаар улмаар амьдаараа олзлогдсон гэжээ. Мамлукын цэрэг ойд орж бүгсэн Монгол цэргийг ойг шатаан шахаж хядаад улмаар Монгол цэргийн хүрээг эзэлж тэнд байсан хүүхэд, эмэгтэйчүүд түүний дотор Хэт Буха ноёны Хатанг олзлон, бусад хүмүүсийг бүгдийг тарчилган цаазалжээ. Хэт Буха Ноёныг Мамлукын Хаан Кудузын өргөөндөө авчирч ингэж хэлжээ, Худал үг хоосон амлалтаар хууран бидний орон гэрийг устгаж, олон баатар эр эхнэр хүүхдийг хөнөөсний төлөө буруу номтон чамайг цаазаар авна гэжээ, үүний хариуд хүлээтэй байсан Хэт Буха эгц өндийн босож ирээд огтхон ч айсан шинжгүйгээр бид ялан дийлэх болно, хэрвээ чи намайг цаазалвал би үүнийг чи биш бурхны таалал гэж үзнэ, чиний өнөөдрийн ялалт бол хэсэг зуурын юм, энэ мэдээ Хүлэг Хаанд хүрмэгц түүний хилэн бадарч Азербайжанаас Египет хүртэл өшөө хорслын тэнгис буцалж Мамлукын нутаг Монгол цэргийн морин туурайн дор талхигдан дуусна гэжээ. Хүлэг Хаанд над шиг цэрэг эр гучин түм бий бөгөөд түүний зөвхөн нэг нь би гэжээ. Түүний зоригтой байдал, баатарлаг чанар нь Кудузыг цочроож түүнийг үтэр цаазалж толгой гар хөлийг салган Мамлукын нутгаар шонд тараан өлгөсөн гэнэ. Үнэхээр Кудуз Султаны түрхэн зуур баярласан бөгөөд хэдхэн хоногын дараа өөрийн цэргийн жанжин Байбарын гарт амиа алдсан юм. Баатар зоригт эрээ алдсан Хүлэг Хаан ихэд харамсан гуниглаж, түүний нэрийг мөнхлөн үлдэж хоцросон гэр бүлийхнийг нь тэтгэж халамжилсан гэжээ. Харамсалтай нь Алтан Ордны Бэрх Хаан , Мамлукын шинэ хаан Байбартай 2 фронтод зэрэг байлдах нь хэцүү болсноос Хүлэг Хаан баатар эрийнхээ өшөөг авч чадаагүй ажээ. 1262 онд Бэрхийн цэргийг толгойлсон Ногай ноёнтой байлдаж нэлээн ялагдсан бол Түүний хүү Абага Ногайг дийлж түүний хүрээг эзэлжээ. Гэвч Абага Бэрхэд цохиулан ухарчээ, удалгүй Хүлэг Хаан нас барж дайн түр зогсоод 1265 онд Бэрх дахин томоохон хүчээр Ил Хааны улсыг довтолсон боловч энэ үедээ өөрөө нас барж дайн зогссон гэжээ. Энэ дайныг Хүлэгийг залгамжилсан Абага хаан үргэлжлүүлж 1270 онд Бэрхийг залгамжилсан Хайдуг төлөөлж байлдсан Барак Хааныг цохиж байжээ. Энэхүү дайн бол Чингисийн үр сад хоорондоо байлдаж эхэлсэн эхний том тулаан болсон бөгөөд 1264 онд Хубилай Аригбөхтэй байлдсан аж.

Дайны зорилго ба түүхийн давталт Монголын Эзэнт гүрний ил тунхагласан нэгэн тунхаглал бол Мөнх Тэнгэрийн таалалаар Монголчууд ертөнцөд эзэн суух ёстой гэсэн онол байсан бөгөөд Хөхрөгчид Хөх тэнгэр Хөрстөд Монголчууд эзэн гэж тамгаа сийлсэн нь чухам ийм л учиртай билээ. Єгөдэй Хаан Хятадыг бүрэн эрхшээлдээ оруулхын сацуу баруун Оросоор дамжин баруун европыг эзлэн авч улмаар Лалын орнуудыг эзлэх бодлоготой байсан бол Мөнх Хаан Иран Иракийг эзлэн улмаар газрын дундад тэнгис Түркээр дамжин баруун Европод хүрч дэлхийд эзэн суух дээдсийн гэрээслэлийг биелүүлэхээр зэхэж байсан юм. Их Монгол гүрний өмнөө тавьсан зорилго тухайн үед дэлхий дахинд гүйцэтгэж байсан үүрэгийг ойлгохыг хүсэж байгаа хүмүүс өнөөгийн Америк буюу Супер Повертэй харьцуулж үзэхийг барууны түүхчид зөвлөсөн байдаг. Үүний жишээ нь 1252 онд Мөнх хааны зарлигаар Иран болон Арабын орнуудыг төвхнүүлэх үүрэгийг төрсөн дүү Хүлэг Хаанд өгчээ. ХүлэгХаан Иран Ирак Гүрж Армян Азербайжан улсуудыг эзлэн дуусгаж Иранд төвтэй Табриз гэх хотоор нийслэлээ хийж дэлхийн түүхэнд Ил Хаадын улс хэмээн нэрээ мөнхөлсөн хүчирхэг бөгөөд Монгол хүн болгон мэдэж бахархаж баймаар нэгэн улсыг байгуулсан юм. Яах аргагүй тухайн үед эзлэн түрэмгийлэл нь энх амгалан байдал авчирч худалдаа наймаа цэцэглэж олон хэл шашны хүмүүс нэг дээвэр доор эвтэй амьдрах боломж олгосон нь онцлог билээ. Нэгэн жишээ татахад 1258 онд Багдад хотыг эзлэхэд хотын оршин суугчид, зарим удирдагчид хүсэлт тавин харгис хэрцгий Халифийн дарлалаас чөлөөлөх хүсэлт тавьсан байдаг. Халиф олзлогдсоныхоо дараа арвин их алт мөнгөөр хахууль барьж амиа гуйхад нь Хүлэг хаан ард түмнээсээ харгис ширүүн аргаар хурааж авсан баялгаа ид хэмээн түүний ам луу алт мөнгө цутгахыг тушаасан байдаг. Харин 525 жилийн хастай Аббасидын гүрний сүүлчийн хааныг Монгол ёсоор хүндэтгэж цусыг нь газарт дусаалгүй нойтон эсгийд боож хороосон гэдэг. Ийнхүү Монголчууд дэлхийг эзлэн нэг дээвэр дор нэгтгэн энх амгалан байдлыг тогтоон дундад зууны үед газар авсан үндэстэн ба шашны ялгаан дээрээс үүссэн эцэс төгсгөлгүй дайныг зогсоогч хүчин болж байжээ. Хэдийгээр монголчууд дайн хийж байсан боловч дайны дараагаар тухайн улс орнуудын байдал хурдан сэргэж худалдаа наймаа улам хөгжиж байсныг судлаачид харьцуулан баталсан байдаг. Харамсалтай нь Мөнх Хаан Хятадад дайн хийж яваад халуун орны өвчний учир амиа алдсан бөгөөд тэрээр жижигхэн хот шиг юм эзлэх гэж яваад хэтийн том зорилгодоо хүрч чадагүйдээ нас барахын өмнө ихэд харамссан байдаг нь түүхэнд үлджээ. Монголын орчин үеийн томоохон түүхч Ч.Далай гуай ч Эзэнт гүрний Хаан хүн жижиг дайнд өөрийн биеэр дайн толгойлон явж байж амиа алдсан нь алдаа болсон гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Мөнх Хаан нас барснаар Монголын эзэнт гүрэн задралын шатандаа орсон төдийгүй Хубилай Хаан ширээнд сууж нийслэл хотыг Хархорумаас Бээжинд шилжүүлснээр Монгол нутаг давааны арын орон болж улс төр эдийн засгийн ач холбогдлоо алдсан билээ. Түүх давтагддаг гэж үү хэмээн хүмүүс гайхан асуудаг, хааяа тохиолддог байж болох юм. 1241 онд Дунай мөрний эрэг дээр Унгарын Бэллэ хааны цэргийг бут ниргэж улмаар Легнитцд Польшийн армийг бутцохин Баруун Европыг эзлэн дуусгахад алхам дутуу байсан Монгол цэргийг гэдрэг эргүүлэн татсан шалтгаан Єгөдэй Хааны тэнгэрт хальснаас болсон билээ. Ийнхүү Лалын ба Христийн ертөнц Тэнгэр шүтээнт Монголчуудын бүрэн эрхшээлд ордогын даваан дээр Монголын Эзэнт гүрний 2 Хааны үхэл тэднийг аварсан байдаг. Дээрх хоёр тохиолдолд аль алинд нь цэрэг дайны байдлыг судалсан судлаачид Монгол цэргийн хүчийг зогсоож чадах цэргийн хүч эсрэг талуудад байгаагүй гэдэг дээр санал нэгддэг билээ. Энэхүү Айн Жалутын тулалдаан өнгөцдөө харахад дэлхийг эзлэх Монгол цэргийг зогсоосон мэт боловч Хааны үхэл, Алтан Орд Ил Хааны улсын зөрчил л Монголчуудыг зогсоосон билээ. Үнэхээр Монголын эзэнт гүрнийг байгуулсан эзэд нь болох монголчууд хоорондоо байлдаж мөхөөсөн билээ.

Айн Жалутын ялагдал, үр дагавар Энэхүү тулалдааны ач холбогдолыг лалын түүхчид өндрөөр үнэлдэг боловч энэ тулалдаан Лалын Ертөнцийг Ноёрхох Монголын санаархалд саад болоогүй билээ. Үүнтэй ижил төстэй нэгэн жишээ бол 1280 онд Куликовын талд Монгол цэргийг цохисон хэмээн хөөрдөг Оросын түүхчдийн жишээ билээ. Энэ тулалдаанд Мамай Хааны удирдсан Монгол цэрэгт хүч өгөх ёстой байсан Литвын цэрэг хоцорч Монголчууд хохирлоос сэргийлж ухарсан юмуу ялагдсан юм уу гэдгийг ялгах хэрэгтэй бөгөөд даварсан Москваг дараа жил нь Тохтамыш Хаан амархан эзэлж аваад шатааж шийтгэсэн байдаг. Үүнээс хойш 1480 хүртэл Москва татвараа Алтан Ордод өгсөн байдаг бөгөөд хэрвээ ач холбогдолтой гэж үзвэл 200 жилийн дараа л энэ байлдаан жинхэнэ утгаараа ач холбогдлоо өгсөн байх гэж бодогддог. Ил Хааны улс Мамлуктай 1269, 1277,1280,1299, 1300, 1302 онуудад олон удаа байлдсанаас 1299 онд Ил Хааныхан Дамаскийг эзэлж Хэт Буха жанжныхаа өшөөг авсан байдаг, 1399 онд Доголон Төмөр Хаан бас нэгэн удаа Дамаскийг шатаасан байдаг. Энэхүү удаан үргэлжилсэн амжилтгүй дайныг судалсан эрдэмтэд олон хүчин зүйлийн нөлөөг авч үзэхийг санал болгосон байдаг. Сирийн нутаг бэлчээрийн даацгүй байсан, Мамлукын удирдагчид монгол цэргийн бүрэлдхүүнд байлдаж явсан монгол цэргийн тактикийг мэддэг байсан, Ромын Паптай холбоо тогтоосон Ил Хааныхан түүнийгээ ашиглаж чадаагүй, Нөгөө фронтод Алтан Ордны Хаадтай давхар байлдаж байсан, зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн байдаг.

Хэдийгээр Монголчууд Мамлукын улсыг бүрэн мөхөөж чадаагүй ч Лалын ертөнцийг бүхэлд нь эхшээлдээ байлгасан юм. Ил Хааны улсын Хаад өөрсдөө Лалын шашинд 1295 онд албан ёсоор орсон бөгөөд Лалын ертөнцийг удирдан чиглүүлэгч гол хүчин болон хувирсан бөгөөд түүний халааг авсан Доголон Төмөр Хаан ба Монгол угсааны Жалайрид улсууд нийтдээ 200 гаран жил 1460 оныг хүртэл энэхүү үүргийг гүйцэтгэж байсан юм. Түүхийг өөр өөрийн өнцгөөс харан тайлбарлах нь үндэстэн бүрийн эрх бөгөөд монголын залуу хүн болгон ийм нэгэн тулалдаан болсоныг мэдэж, Хэт Буха хэмээх баатар эрийг сэтгэлдээ хүндэлж явахад илүүдэхгүй бизээ. Түүхийн хүрд эргэсээр өнөөдрийг хүрэхэд Лондонд цагаачилж ирсэн хөгшин залуу арабууд биднийг дарлаж байсан Монголын охид биднийх боллоо гэсэн шинжтэй залуу монгол охидыг хөтлөн маадгар алхахад, эцэг өвгөдийн түүхээ мэддэгүй охидууд маань үүнийг глобалчлал гэх аястай байх юм. Төрийг бидний өмнөөс түшиж байгаа 76 түшээ маань сайд болж хахууль авахын тулд нүдэн дээр хэд хувирч уурлаж бас уйлж байхыг харахаар, аль эсвэл ноднин намар Монгол сонин дээрээс Ардчилсан нам Хувьсгалт намтай Ємнөговь хэмээх жижигхэн аймгийн засаг даргын суудлыг булаацалдаж байлдах шахлаа гэж уншчихаад Кавказын нуруунд орших Азербайжан ба Армян гэх бүхэл бүтэн улсыг Алтан Ордны улс Ил Хааны улстай булаацалдаж байлдаж байсантай харьцуулахад бид хичнээн жижигхэн болоо бэ дэлхийн хэмжээг тодорхойлж явсан хүмүүсийн үр сад Хурд хамтлагын дуулдаг шиг дэлгэсэн дээлний хэмжээнд орчихсон юмуу гэж асуумаар санагддаг. Түүх өөрөө өнгөрч баларсан зүйл мэт боловч сургамж нь үргэлж шинэ байдаг гэж нэгэн хүн ухаантаны хэлсэн үгээр дуусгая