Хэлэлцүүлэг:Алтай ястан

Page contents not supported in other languages.

Г.Золбаяр, доктор/Ph.D/

Монголын түүх бичлэгт эрдэмтэн судлаачдын санал нэгдэж хараахан нэг мөр болоогүй асуудал нилээд байгаагийн нэг нь “Алтан нуурын урианхайчуудын” асуудал юм. Манай түүхчид Алтан нуурын урианхайн тухай заримдаа товч тодорхой дурддаг, заримдаа огт байгаагүй юм шиг ор тас дурдахгүй өнгөрч иржээ. Түүхч Д.Гонгор “Ховдын хураангуй түүх” бүтээлдээ “Манжийн ноёрхлын үед Монголын баруун хязгаарт урианхайн 9 хошуу байсан нь Алтайн урианхайн 7, Алтан нуурын урианхайн 2 хошуу болно. Алтайн урианхай нь Тэнгэр тэтгэсний 20 /1755/ онд, Алтан нуурын урианхай нь мөн хааны 29 /1764/ онд тус тус Манжийн эрхэнд орсныг Ховдын амбанд захируулсан/1,49/ байна. XVIII зууны эцэст Алтайн урианхайн 7 хошууны өрх 2708, Алтан нуурын урианхайн 2 хошууны албан барих цэргийн өрх 176 байжээ. /2,49/. Доктор На.Сүхбаатар “Ойрад монголын түүхэнд холбогдох сурвалж бичгүүд” цуврал бүтээлийн 2,3-р ботид Алтан нуурын урианхайн түүхтэй холбоотой чухал мэдээ нийтлүүлжээ. Уг бүтээлд “ Манжууд Зүүнгарын хаант улсыг мөхөөсний дараахан 1760-аад онд Ховдын хязгаарыг ойрадуудаар байгуулж Ховдод суух сайдын газартаа захируулав. Үүнд дөрвөд 3, хойд 2, хошууд 1, торгууд 1, өөлд 1, алтайн урианхай 7, алтан нуурын урианхай 2, мянгад 1, баяд 11, захчин 2 хошуу нийт 32 хошуугаар бүрдүүлсэн юм” /3,5/ гэж тодорхой өгүүлжээ. Мөн түүнчлэн “Ховдын засгийн хэргийн бүгд цэс” түүхэн сурвалжид “Алтан нуурын урианхай Тэнгэрийг тэтгэсний 29-р онд дагаж орсон. Харуулын гадна нутаглан суумой. Үхэри да Цэвэг Басангийн тэжээсэн хөвүүн. Отго өөуй, пүнлүү мөнгө адил, албан барих өрх жаран өрх хэв хууль өрх бүр булга 2 хуудас, хэрэм болбоос 40 хуудсыг нэгэн хуудас булга нугалмой. Нэгэн зүйл. Жил бүр цагаан сард Алтан нуурын урианхайн барих үст албыг хураамой” гэсэн байна./4,30/. Эдгээр түүхэн эх сурвалжуудын мэдээнд тулгуурлан үзэх юм бол Ховдын хязгаарын харьяанд Алтан нуурын урианхайн 2 хошуу байсан нь батлагдаж байна. Гэтэл “Монгол улсын түүх” 5 боть бүтээлд “Ховдын хязгаарт баяд 11, дөрвөд 3, хойд 2, урианхай 7, торгууд захчин хошоод, өөлд, мянгад хошуудын нэжгээд бүгд 30 хошуу багтаж байжээ” гэж дурджээ. Энд Алтан нуурын урианхайн 2 хошууг зохиогчид оруулсангүй. Уг нь эх түүхийн урт удаан хугацаанд /1207 оноос хойш/ нэгдсэн Монгол улсын бүрэлдэхүүнд багтаж явсан тэднийг түүхчид яагаад гоочлон хассан нь ойлгогдохгүй байна. Манжийн дарангуйллын жилүүдэд ч гэсэн Ховдын Хэбэй амбанд захирагдан Улиастайн амбанаар дамжуулан Манжийн хаанд үслэгийн алба барьж байсан тухай түүхэн сурвалжид тодорхой дурдан үлдээжээ. Түүхэн сурвалжийн мэдээгээр бол 1770 онд Алтан нуурын урианхайн 2 хошууны ноёдоор Басангийн Цэвэг, Эмгэний Мөнхжиг нар сууж байсан байна. Манж нар ойрад монголчуудыг эзэлж авмагцаа Алтайн урианхай, Алтан нуурын урианхай, Тагнын урианхай гэсэн шинэ нэр томъёог ашигласан нь зарим талаар түүхийн судлалд хүндрэл учруулдаг. Алтан нуурын урианхайчуудыг урьд нь монголчууд тэлэнгидүүд хэмээн тодорхой нэрлэж байсан билээ. Тэлэнгид нь Ойрад монголын нэгэн аймаг байсан тухай түүхэнд тодорхой тэмдэглэгдсэн байдаг. “Эсэн тайш, Агваржин жонон ах Тайсун хаантайгаа ийнхүү зөрчилдсэнийг мэдэх тул Тэлэнгүд аймгийн Абдул сэцэнийг жононгийнд томилон очуулж “Жонон таны баатар хүчнээс бид бүхэн эмээж байна. Гэвч ах Тайсун хаан чинь чамайг тэнэг мунхаг гэж доромжлон үзэж буй. Та ахаасаа урваад манай ойрадад орж өгвөл таныг бүх монголчуудын хаан болгоё. Дөчин дөрвөн хоёр бид гагцхүү чиний албат болно. Эдүгээ жонон минь чи хаан суу. Жонон цолоо манай Эсэн тайшид соёрх” гэхэд жонон “Абдул сэцэн чиний энэ үг үнэн үү. Хэрэв үнэн бол таны хэлснээр болтугай” гэв. Абдул сэцэн “Би Эсэн тайш хийгээд ойрадын ноёд түшмэдийг төлөөлөн урьд өдрийн батыг өнөөдөр илэрхийлсэн билээ. Жонон та тунгаан бодоорой”/6,55/. Эндээс үзвэл Тэлэнгидүүд Ойрад монголын нэгэн аймаг болж явсан нь батлагдаж байна. Гэтэл манай түүхчид түүхэн сурвалжид бичигдэн үлдсэн Алтан нуурын урианхайн 2 хошууг яагаад Ховдын хязгаарын бүрэлдэхүүнд оруулахаас татгалзана вэ? Ховдын хязгаар анх байгуулагдахдаа 32 хошуутай байсан уу? 3 хошуутай байсан уу гэдгийг нягтлан тогтоомоор байна. Түүхэн сурвалжид 32 хошуу, орчин үеийн бичмэл түүхэнд 30 хошуу гэж зөрж байгаагийн учир шалтгааныг тогтоож нэг мөр болговол цаашдын судалгаанд хэрэгтэй билээ. Алтан нуурын урианхайчууд буюу Тэлэнгидүүд нь одоо Алтайд амьдарч байна. Тэд 1860 оны Манж Оросын нууц гэрээгээр Оросын цагаан хааныд харьяалагдах болжээ. 1930 аад он хүртэл өөрсдийгөө албан ёсоор ойрдууд гэж нэрлэж байжээ. Октябрын хувьсгалын дараах засаг захиргааны шинэ хуваариар “Ойратская автономная округ” гэж нэрлэж байсан ба нийслэлийг нь Ойрат тура гэдэг байжээ. Харин хожим 19040-өөд онд улсын нэрийг “Горный Алтай”, нийслэлийг нь “Горноалтайск” хэмээн дээрээс оноон нэрлэсэн нь их гүрний эзэрхийлэх бодлогын нэгэн илрэл байсан юм. Алтан нуурын Урианхайчууд буюу Тэлэнгидүүдийн ёс заншил бараг монголчуудынхтай ижил бөгөөд хэл ярианд нь унаган монгол үгс маш олноор тааралдаж байна. Үгсийн сангийн бараг 50 хувийг монгол үгс эзэлж байгаа гэхэд хилсдэхгүй. Энд хэдхэн үгээр жишээ авъя. “Сүрехей”/ сүрхий/, “бүрэнхэй” /бүрэнхий/, “нөкэр”/нөхөр/, “нигуур” /нүүр/, “улаган” /улаан/, “чидал”/чадал/, “бөке”/бөх/, “нояан” /ноён/, “Бурхаан” /бурхан/, “будан” /будан/, “делехей” /дэлхий/, “сүмэр”/сүмбэр/, “живар”/жавар/, “тоо”/ тоо/ гэх мэт. Алтан нуурын урианхайчуудын угсаатны байдлыг авч үзэхэд ирхэд, мэргэд, телес, найман, цагаанууд, хөвөг овогтнууд голлох үүрэгтэй байна. Хамгийн сүүлд Очирбат гэгч ноён Алтан нуурын урианхайчуудыг удирдаж байсан бөгөөд жил бүр Дөрвөд Далай ханы аймагтай наадам цэнгэл зохион байгуулж байжээ. Уг наадамд Дөрвөдийн бөх Цэрэн, Тэлэнгидийн бөх Бадмаатай сүүлийн 4 жил үзүүр түрүүнд үлдэж адилхан түрүүлж үзүүрлэж байжээ. Тэлэнгидүүд “Ак бурхан” хэмээх шашинтай. Энэ нь буддын шашин бөө мөргөлийн шашны холимог шинжтэй, голдуу байгаль дэлхий, хөх тэнгэрийг шүтээнээ болгон залбирдаг нь манай монголчуудын дундад эртний шүтлэгтэй ямар нэгэн шижмээр холбогдож болох юм. Эцэст нь тэмдэглэн хэлэхэд Алтан нуурын урианхайчууд буюу тэлэнгидүүд / одоогийн ойлголтоор бол уулын алтайчууд/ Алтан нуураа эргэн тойрон нутаглаж мал сүргээ өсгөн оросын сая живаа хүний дунд өөрийн үндэс угсаагаа авч үлдэхийн төлөө өвөг дээдсээс уламжилсан ариун ёс заншлаа хамгаалан эх хэлээ хадгалан амьдарч байна. Их Монгол улсын нэгэн тасархай тэлэнгидүүдийн тухай судалгааг тусгаар тогтносон Монгол улсад хөгжүүлж хөхиүлэн дэмжих аваас ураг элгэн, удам судар нэгтэй боловч өдрөөс өдөрт холдон байгаа тэлэгид түмэний монголоо гэсэн, ойрадаа гэсэн сэтгэлийн зулыг бадраахад ач тустай болов уу.

Ашигласан бүтээл 1. Д.Гонгор. “Ховдын хураангуй түүх”. УБ., 1964. 2. Д.Гонгор. “Ховдын хураангуй түүх”. УБ., 1964. 3. На.Сүхбаатар. “Ойрад монголын түүхэнд холбогдох сурвалж бичгүүд”. III боть. УБ., 2003. 4. На.Сүхбаатар. “Ойрад монголын түүхэнд холбогдох сурвалж бичгүүд”. II боть. УБ., 2001. 5. “Монгол улсын түүх”. II боть. УБ., 2003 6. “Монгол улсын түүх”. III боть. УБ., 2003