Хэлэлцүүлэг:Базарын Хатанбаатар

Page contents not supported in other languages.

Базарын Хатанбаатар

Төрөлхийн авъяастай шатарчин. 1989 оны намар Улаанбаатар хотод болсон “Тоншуул” сэтгүүлийн нэрэмжит 7-р тэмцээний үеэр “Б” ангиллын тэмцээнд түрүүлсэн шатарчинг дараа жилийн тэмцээнд шууд оруулахаар шийдвэрлэв. Эхний өрөгт хашир дэд мастер Д.Дамдинг бэрсээ сул хаян хэдэн нүүдлийн дараа уран гоё мадалсан жижгэвтэр биетэй хүүгийн өрөг олны анхаарлыг татаж байв. Энэ хүү бол ирээдүйн их мастер Б.Хатанбаатар байлаа. Ингэж тэр монголын шатрын ертөнцөд хөл тавин орж ирлээ. Тэрээр 1973 онд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төржээ. Улсын аварга шалгаруулах 31-р тэмцээнд 18 настайдаа анх удаа оролцохдоо түрүүлэн улмаар хамгийн олон буюу найман удаа түрүүлж, нийт үзүүлсэн хувийн амжилтаараа манлайлж, нэг тэмцээнд 80 хувиас дээш амжилтыг есөн удаа үзүүлсэн зэрэг түүний тогтоосон дээд амжилтуудыг дурдвал нэлээд цаг орно. 1992 онд Катар улсын Доха хотноо болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд алт, 1995 онд Сингапур улсад болсон Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд ширээндээ алтан медаль хүртэж, “Цагаан сар -96”, “Цагаан сар -99” олон улсын тэмцээнүүдэд түрүүлжээ. Дэлхийн шатрын олимпиадад найман удаа амжилттай оролцохдоо 1992 онд Филиппин улсын Манил хотноо болсон 30-р олимпиадад 6-р ширээнд, 2004 онд Испани улсын Пальма де Мальоркад болсон 36-р олимпиадад 2-р ширээнд тус тус хүрэл медаль хүртсэн юм. 1991 онд спортын мастер, 1993 онд олон улсын мастер, 1999 онд Монгол Их мастер цол хүртжээ. Тэрээр 1999 онд Монгол улсын шилдэг тамирчин болсон бөгөөд 2005 онд Монгол улсын гавъяат тамирчин цолоор энгэрээ мялаажээ.