Хэлэлцүүлэг:Хоохүүгийн Цэвгээ
Сэдэв нэмэхМОРИН ТЭРЭГЧНЭЭС МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХҮРТЭЛ Олон ястны өлгий нутаг Увс аймагт урлаг соёлын тулгын чулууг тавилцсан уран бүтээлч, хөгжмийн зохиолч, БНМАУ-ын УГЗ Х.Цэвгээ агсан 1926 оны 10 сарын 03 – ны өдөр Увс аймгийн Тэс сумын “Жирээг” хэмээх газарт малчин ард Баньдын Хоохүүгийн (Хоохөвүүн) 2 – р хүү болон мэндэлсэн. Бага насаа нутагтаа мал хариулж өнгөрөөсөн бөгөөд 1940 онд эцэг эхийгээ даган Улаангом хотод шилжин ирж суурьшсан. Тэр цагаас Улаангом хотын ноос угаах газарт угаасан ноос сэвэх ажил, хотын хоршоонд морин тэрэгчин болж дэлгүүр, гуанзанд материал зөөх, уулнаас мод бэлтгэн тээвэрлэх зэрэг ажлуудыг хийж байгаад 1946 онд ардын цэргийн албанд татагдан 3 жил алба хаасан. Цэргээс халагдаж ирэнгүүт аймгийн Клубын дарга агсан Ц.Дамчаатай уулзаж, 1949 оны 9-р сараас эхлэн Клубын галч, хувцасны эрхлэгчийн ажлыг хийх болсон нь түүний олон жил хүсэж тэмүүлсэн хөгжим сурах, урлагийн хүн болох замыг нь нээсэн байна. Галчаар ажиллаж байхдаа хөгжим тоглож сурсан бөгөөд 1951 оноос аймгийн Клу�бын албан ёсны хөгжимчин болсон нь дууны ая зохиох хүслийг нь өдөөж өгсөн байна. Чухам энэ л урам зоригийн хүчээр аймгийн сонины эрхлэгчээр ажиллаж байсан Бизъяагийн “Хургачин” шүлэгт ая хийж, уран сайханчдаар дуулуулахдаа “сайхан дуу болжээ” гэсэн олны үгийг сонсовч нот мэдэхгүйдээ сэтгэл тун гонсгор байжээ. Энэ бодлоо Соёлын яамны төлөөлөгч Л.Цэнд– Очир болон аймгийн удирдлагад хэлж танилцуулан Ховд аймагт очиж, хөгжмийн багш Д.Лувсаншараваар нот заалгасан бөгөөд 1953 онд түүнийг аймгийн намын хорооны шийдвэрээр хөгжмийн багшаар томилсон нь сэтгэлийг нь бүрч их зовоох болсон. Харин 1955 онд нийслэл хотноо сарын курст суралцсан нь авьяас билгээ ая эгшиг болгон илэрхийлэх өргөн замыг нээжээ. Энэ үеэс эхлэн залуу хөгжимчин авьяас билгээ сорин “Буурал ээж” (1953 он), “Тэс гол” (1957 он) зэрэг дуу бичсэн нь төдхөн түгэж, ард олны дуулах дуртай дууны нэг болохын зэрэгцээ “Тэс гол” дуу нь Тэс сумын нутгийн ард түмний дуулах дуртай сүлд дуу болон эдүгээг хүртэл дуулагдсаар явна. Х.Цэвгээ олон жилийн турш багагүй саад бэрхийг даван олж авсан мэдлэгээ өөрийн хичээнгүй хөдөлмөр зүтгэлээр тордон явахдаа дуу магтуу, жүжиг, бүжгийн хөгжим, үндэсний дан хөгжмийн зохиол зэрэг 200 гаруй бүтээл туурвисан. 1964 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, 1980 онд Монголын урлагийн ажилчдын холбоонд элссэн. Х.Цэвгээгийн хийсэн уран бүтээл бүр нь баруун монголын олон ястны зан ахуй, соёлыг шингээсэн, сэтгэлээс гарсан уянга байдаг учраас ихэнх дуунууд нь ард түмний дунд “Монгол ардын дуу” болтлоо тархан дуулагдсаар байгаа. Эдгээрээс цухас дурьдвал: “Зүрхний хайрт” буюу зарим хүмүүс “Хоёр сэтгэл” гэдэг нэрээр хүлээн авдаг, “Эвээн олновт”, “Ах нар минь”, “Горихтой юм”, “Лавий нь авнав”, “Уурыт ах минь”, Яганаа л”, “Гэмгом лоо” ... гээд дурьдахад бахархалтай. Х.Цэвгээ нь 1949 оноос аймгийн Клубын галч, хувцасны эрхлэгч, хөгжимчин, 1953 оноос Клубын хөгжмийн багш, 1964 оноос Соёлын ордонд найрал дууны багшаар, 1974 оноос Хөгжимт драмын театрын туслах найруулагч, 1978 оноос Өмнөговь суманд Клубын эрхлэгч-ардын театрын найруулагч, 1983 оноос ХДТ-ын туслах найруулагч, жүжигчин, арга зүйн кабинетийн эрхлэгчийн ажлыг хийж ирэхдээ хичнээн концерт, жүжиг найруулж, хичнээн жүжигчин уран сайханчдад урлагийн арвин дадлага туршлагаа эзэмшүүлсэнийг нь тооцъё гэвэл бага биш цаг зарах хэрэгтэй болох биз ээ. Найрал дууны багш, туслах найруулагчийн албыг хашиж байх үедээ давхар жүжигчнээр ажиллаж байсан ба Аривжих (Аривжихын гэр бүл) болон айл өрх толгойлж, Галдан ноён (Далан худалч) болон язгууртан ямбатанд хувилж, Маршал Чойбалсаны эцэг болж (Цогийн идэр нас) хүүгээ төрийн хэрэгт үдэн сэтгэл цэлмэж, Жагаа ноён (Жаахан шарга) болж үзэсгэлэн гоо бүсгүйн хойноос үйл тамаа үзэх зэрэг олон сайхан дүрээ хувирган байж 40 гаруй жүжигт тоглосон байна. Өөрийн санаачлагаар 1978 оноос Өмнөговь суманд анхны “Ардын театр” байгуулан ажиллуулсан нь одоог хүртэл үе дамжин үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 1984 онд Завхан суманд, 1985 онд Малчин суманд, 1986 онд Тэс суманд, 1988 онд Цагаанхайрхан суманд “Ардын театр” байгуулах суурийг өөрийн биеэр гүйцэтгэсэн нь эдгээр сумын хөдөлмөрчдөөс өндөр үнэлэлт авсан. Тийм ч учраас уран сайханчид, уран бүтээлчид төдийгүй ард олны дунд «Цэвгээ багш» хэмээн хүндэтгэн дууддаг байсан ба одоо ч дурсан яригдсаар байна. Х.Цэвгээ нь ажил хөдөлмөрөө үнэлүүлж 1950 онд БНМАУ-ын Соёлын яамны “Жуух бичиг”, 1964 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1972 онд “Алтан гадас одон” болон Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медалиудаар шагнагдаж байсан ба 1977 оны зун Увс аймгийн Хөгжимт драмын театрын 5 жилийн ойн тайлан тоглолтыг Улаанбаатар хотод тавьж байх үеэр БНМАУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цол хүртсэн нь түүнийг ямархуу хөдөлмөрч, хичээнгүй хүн болохыг илтгэнэ. Ямар ч ажил мэргэжлийн хүн, хүссэн сонирхсон ажилдаа бүхий л сэтгэл оюун, авьяас билэг хүч зоригоо харамгүй зориулж чадвал амжилт үр дүнд хүрч, тийм зорилготой хүн ямарч саад бэрхийг давж чадна. Тийм хүн цаг үетэйгээ алхаа нийлүүлэн явах бодол санаатай байж биеэ дайчилж чадна. Тэгж чадсан хүн насан өндөр болсон ч сэтгэл өег үнэнхүү аз жаргалтай хүн байж чадна хэмээн залуу үеийнхэндээ хандан зөвлөж сургадаг байсан нь юутай үнэн бэ.
Start a discussion about Хоохүүгийн Цэвгээ
Talk pages are where people discuss how to make content on Википедиа the best that it can be. You can use this page to start a discussion with others about how to improve Хоохүүгийн Цэвгээ.