Jump to content

Хэлэлцүүлэг:Хөвсгөл нуур орчмын археологийн судалгаа

Page contents not supported in other languages.
Сэдэв нэмэх
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

" Хөвсгөл нуурын хойд хэсэгт хийсэн археологийн судалгаа " Д.Эрдэнэбаатар Улаанбаатар Их сургууль)

Монгол улсын Улаанбаатар Их Сургуулийн Археологийн тэнхим, ОХУ-ын Эрхүүгийн Техникийн их Сургуулийн хамтарсан археологийн хээрийн судалгааны анги нь 2008 онд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт орших Хавцалын ам, Цэгэр хэмээх газруудаар археологийн хайгуул, малтлага судалгааны ажил хийж гүйцэтгэсэн юм.

Хавцалын ам хэмээх энэ газар нь Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс ертөнцийн зүгээр ялимгүй баруун хойшоо чиглэлтэй, 9,5 км зайтай орших бөгөөд энэ газар уулын наран ээвэр өвөр талдаа модгүй, харин уулын ар талдаа битүү шигүү модтой, Хөвсгөл нуурын хойд талаас цутгах жижиг голыг Хавцалын гол хэмээх бөгөөд голын баруун эргийн уулын өмнө бие наран ээвэр өндөрлөг дэнж газарт Монголын үеийн 11 булш байх ба тэдгээрээс 2 булшийг малтан шинжилсэн юм. Мөн энэ хоёр булшнаас зүүн хойш 500-гаад метр зайд, модтой гозгор уулын зүүн хойд хажууд модны урд захаар захалж байрласан эртний Монголчуудын үлдээсэн 7 булш байна. Тэдгээр булшнаас 1 булшийг сонгон авч малтан судалсан болно. Мөн сумын төвийн баруун талын Баясгалан хэмээн газарт орших Монголын үеийн 5 булшнаас 2 булшийг сонгон авч малтан судаллаа. Эдгээр булшийг археологийн хайгуулын явцад илрүүлэн олж GPS багажаар дурсгалуудын байршлыг тодорхойлон газарзүйн мэдээллийн системд оруулан газрын зурагт байрлуулав. Бид хавцлын аманд буй нийт 11 булшийг бүлэглэн Хавцал- II, уулын зүүн хойд талд буй 7 булшийг Цахир-I, Мөн сумын төвийн баруун талын Баясгалан хэмээх газарт нийт 5 булшийг Баясгалан-I хэмээн тус тус нэрлэж тэдгээрээс Хавцал- II-ийн 1 болон 7-р, Цахир- I-ийн 4-р булшийг, Баясгалан- I -ийн 1 болон 5-р булшийн малтан судалсан болно. Тэдгээр малтан судалсан булшны тодорхойлолтыг доор дэлгэрэнгүй бичив. ХАВЦАЛ-II: Ханх сумын төвөөс баруун хойш 9,5 км орчим зайд орших Хөвсгөл нуурын хойд талаас цутгах Хавцалын голын баруун талын өндөрлөг дэнж, уулын өмнөд биед тархан байрласан Монголын үеийн 11 булш бий. Тэдгээрийг нэгтгэн багцлаад Хавцал-II хэмээн нэрлэсэн болно. Хавцал-II, 01- булш: Энэхүү булшийг археологийн хайгуулын явцад илрүүлэн олж, ерөнхий дэвсгэр зурагт тэмдэглэв. Уг булшны цэвэрлэгээг 14 м х 14 м талбайгаар үйлдэн цэвэрлэгээг дуусган орхисны дараа нутгийн иргэд уг булшны голд цооноглон ухаж тоносон байлаа. Биднийг ирэхэд булшны дараас чулуун дээр хүний араг ясыг тарааж шидэн зарим нэгэн олдворыг эвдэн сүйтгэсэн байв. Гэвч булшыг бүрэн тонож чадаагүй бололтой байна. Тиймээс бид булшин дээрх тонуулчдын гараар хөдөлсөн хүний яс, зарим олдворыг цуглуулан авч малтлагыг үргэлжлүүлсэн болно. Бид булшны цэвэрлэгээг дахин хийгээд тонуулчдын эргүүлэн дарсан шороо чулууг буцаан гарган, булшны цэвэрлэгээг хийж дуусгаад баримтжуулалт хийсэний дараагаар булшний хөндлөн огтлолын баруун талын дараас чулууг хуулан цэвэрлэх явцад булшний дараас чулууг хонхойлон зайчлаад том хавтан чулуудыг ирмэгээр нь суулгаж хашлага маягийн зүйл хийгээд хүнээ тавьсан болох нь харагдаж буй бөгөөд харамсалтай нь тонуулчид хөндөн бусниулжээ. Энд хүний гавал, зүүн далны яс, зүүн гарын хэсэг, хэдэн хавирганы яс болон дэл сул 1-2 ширхэг яс байна. Хүнээ толгойгоор нь чанх баруун тийш хандуулсан бололтой байна. Харин араг ясны ойр орчмоос ямар нэгэн эд өлгийн зүйл олдсонгүй. Бид энэхүү булшийг малтан дуусгаж чадаагүй тул ирэх жил дахин малтахаар төлөвлөн орхиж буцааж шороо чулууг нь эргүүлэн хийж нөхөн сэргээлтийг хийлээ. Хавцал- II, 07-р булш: Энэхүү булш нь 01-р булшнаас баруун урагш 100метр орчим зайд хадтай жижиг толгойн өвөрт ( N 51c; 34’ 10.2 ‘’ , E 100c 37’ 33.3’’ ) солбилцолд оршино. Булшны анхны байрлалын дотоод зургийг үйлдэн хэмжилтүүд хийсэний дараагаар булшийг 7 х 7 метр талбайгаар цэвэрлэн, хойноос урагш, зүүнээс баруун тийш чиглэлтэй булшний төв хэсгээр хөндлөн огтлолын 2 хамар үлдээн өнгөн хөрсний цэвэрлэгээг 5см гүнтэйгээр хийв. Дараас чулууны гар зургийг үйлдэж бусад баримтжуулалтыг хийж дууссаны дараагаар булшний төв хэсгийн хөндлөн огтлолын 2 хамрыг үлдээн булшний дараас чулуудын жижиг чулуудыг эхлээд хуулан авч том чулуудыг байрнаас нь хөдөлгөлгүй үлдээн цэвэрлэхэд зүүн урдаас баруун хойш чиглэсэн зууван дугуй том чулуун хүрээ мэдэгдэв. Мөн дараас чулууг гарган сул шороог тэгшлэн цэвэрлэгээ хийх явцад бог малын 1-2 ширхэг яс, модны шатсан холтос, нүүр яс маш ихээр гарч байв. Бид матмалыг 2-р үеийн баримтжуулалтыг хийж дууссаны дараа зууван дугуй хүрээ чулууны дотор доош 10-20см гүнтэйгээр малтлагаа үргэжлүүлэхэд баруун хойноос зүүн урагш чиглэсэн 2 х 1 метр хэмжээтэй оршуулгын нүхний толбо илэрлээ. Толбыг доош үргэлжлүүлэн 10см-ийн гүнтэйгээр малтахад оршуулга бүрэн гарав. Оршуулгын нүхэнд хүний араг ясны хадгалалт маш муу байсан бөгөөд малтлагын жижиг багаж хүрэх төдийд л яснууд үүрч унаж байв. Эрт үедээ булшийг тонуулчид тоносон бололтой араг ясны байрлал эмх замбараагүй анхныхаа байрлалыг алдсан байхаас гадна ихэнх яснууд алга болсон байв. Энд мэдэгдэж байгаа нь шилбэний яс бололтой 2 яс, 2 шилбэний ясны баруун талд булшний нүхний хананд наалдсан гавлын ясны хагархай хэсэг, 1-2ширхэг хавирганы үйрмэг яс, 1 ширхэг шүд оршуулгын нүхний зүүн хананы дээд хэсэгт шавааралдсан 8 ширхэг бог малын шагай, мөн оршуулгын нүхний энд тэндээс нийтдээ 20-иод бог малын шагай гарав. Мөн оршуулгын нүхний дунд орчмоос 2 ширхэг, жижиг модонд ацалж суулган, шөрмөсөөр ороож бэхэлсэн хумсны толион чинээ хүрэл зэв, 1 ширхэг ясан сумны зэв зэрэг олвдор гарлаа. Бид олдворыг баримтжуулан гар зураг болон фото зураг үйлдэж дууссаны дараа булшны нөхөн сэргээлтийг хийлээ. ЦАХИР- I: хавцал- II дурсгалаас зүүн хойш 300метр орчим зайд тахилгатай уулын зүүн хойд бэлд модны урд захад оршино. Энд нийт дугуй чулуун дараастай Монголын үеийн 7 булш бий. Тэдгээр булшийг газрын дээд талаас доош дугаарласан болно. Цахир-I, 04-р булш: Булшны анхны байрлалын фото зургийг үйлдэн хэмжилт хийсэний дараагаар булшны дээр дөрвөлжин хэлбэрээр 5м х 5м хэмжээтэй талбай үүсгэн, хойноос урагш чиглэлтэй булшны төв хэсгээр хөндлөн огтлолын хамар үлдээн өнгөн хөрсний цэвэрлэгээг 5см гүнтэйгээр хийв. Цэвэрлэгээг хийх явцад ямар нэгэн олдвор гараагүй. Тиймээс дараас чулууны гар зургийг үйлдэж бусад баримтжуулалтыг хийж дууссаны дараа булшны төв хэсгийн хөндлөн огтлолын хамрыг үлдээн дараас чулууг хуулан авч өмнөх 5см гүнтэйгээ тэгшлэн цэвэрлэх явцад булшны баруун хойд хэсгээс шавар ваар савны үлдэгдэл болох дэрвэгэр амсартай, амсарын дээд хэсгээрээ хээтэй ваар, савны хагархай илрэв. Мөн малтлагын 2-р үеийн цэвэрлэгээний явцад оршуулгын нүхний толбо болох сул бор шороотой хойноос урагш чиглэлтэй зууван дугуй оршуулгын нүх илрэв. Харин малтлагын 3-р үед 3.4 х 2.5м хэмжээтэй талбайгаар доош малтан судлахад 70-80см хүний оршуулга бүрэн гарав. Хүнээ толгойгоор нь чанх хойш хандуулан нүүрээр нь ялимгүй баруун урагш харуулан, тэнэгэр байдалтай дээш харуулан тавьсан байна. Мөн хоёр гарыг ташаан толгой дээр нь тавьсан байдалтай байна. Хүний гавлын ясны баруун шанааны орчмоос жижиг ясан эдлэл, хүний араг ясны зүүн талын мөр тохойны орчимд бог малын хойд мөчний яс болох хоёр гуя, сүүжгүй, туурайгүй дунд чөмөгнөөс шилбэ хүртэлх яснууд үргэлж хосоороо байна. Мөн бог малын мөчний ясны баруун талд хүний зүүн мөрний далны ясны доогуур хонины нурууны үргэлж 3 нугалам байна. Хүний араг ясны зүүн ташааны орчимд 2 том, 3 жижиг бүр 1 жижиг нийт 6 ширхэг, ясан булцуутай төмөр зэвнүүд мөстэйгээ байхаас гадна улаан будагтай үйсээр хийсэн 50см урттай 15см өргөнтэй үйсэн хоромсог байна. Мөн хүний араг ясны шилбэ болон баруун талын хөлийн дунд чөмөгний харалдаа тус тус нэг нэг төмөр дөрөө болон нэг жижиг төмөр эдлэл олдлоо. Хүний араг ясны өндөр 1.8 метр орчим бөгөөд хүний гавлын ясны антропологийн хэв шинжийг ажиглахад Монгол төрхийн хүн байж магадгүй байна. Хүний араг яс, олдворын хадгалалт сайн байна. Баясгалан-I: Энэхүү дурсгал нь Ханх сумын төвийн баруун талын Хөвсгөл нуур луу түрж орсон жижиг хошууны оройн дэвсэг дээр модны урд захад оршино. Энд орших нийт 5 булшийг хамгийн зүүн талаас нь дугаарласан болно. Эдгээр булшний гадаад зохион байгуулалтын хувьд ялимгүй тармаг дугуй жижиг чулуун дараастай бөгөөд зарим нэг булш нь төв хэсэгтээ бага зэрэг хонхортой, дараас чулууд хөндөгдсөн бололтой шинж тэмдгүүд мэдэгдэж байна. Баясгалан- I,01-р булш: Энэхүү булш нь дээрх 5 булшийн хамгийн зүүн талд модны урд захад ялимгүй хонхор газарт ( N51 c 30’ 53.5’’ ; E 100c 38 ‘ 58.3’’) солбилцолд оршино. Булш нь 5м голчтой, төв хэсгээрээ дараас чулуу бага үл ялиг хонхортой бөгөөд булшны дээр 4х5м хэмжээтэй талбай үүсгэн, дараас чулуудыг бүрэн оруулж, 5см гүнтэйгээ өнгөн хөрсийг хуулан цэвэрлэв. Өнгөн хөрсийг цэвэрлэх явцад ямар нэгэн археологийн олдвор гарсангүй. Дараас чулууны гар зургийг үйлдсэний дараа дараас чулуудыг хуулан авч дараас чулуудыг 5см гүнтэй малтлан тэгшлэв. Энэ үед ямар нэгэн олдвор гараагүй. Харин оршуулгын нүх болох баруун хойноос зүүн урагш чиглэлтэй зууван дугуй хэлбэртэй бор толбо мэдэгдэж байв. 3-Р үеийг 10-15см гүнтэйгээр малтлагаа үргэлжлүүлэхэд хүний араг ясны хэсгүүд цухуйж эхлэв. Тиймээс нарийн багажаар ажиллаж хүний араг ясыг бүрэн цэвэрлэж гаргаж ирцгээв. Оршуулга 50см гүнд бүрэн гарсан болно. Булшны нүх баруун хойноос зүүн урагш чиглэлтэй 160см урттай, 100см орчим өргөнтэй хүнээ баруун хойш нь хандуулан тэнэгэр байдалтайгаар тавьсан боловч тонуулчдын гараар зарим нэгэн яс үндсэн байрнаасаа хөдөлсөн байлаа. Дунд чөмөг шилбэний яс анхны байрлалаараа байна. Хүний гавал эрүү салсан бөгөөд доош түрүүлгээ харсан, эрүү нь зүүн өвдөгний гадна талд байна. Зүүн талын ташаан толгой орчмоос жижиг төмөр эдлэл гаргав. Оршуулганаас өөр ямар нэгэн эд өлгийн зүйл олдсонгүй. Энэ булшнаас илэрч олдсон хүний яс хадгалалтын хувьд маш тааруу бөгөөд хүрэхэд үйрч унаж байлаа. Мөн гавал эрүү 2 шилбэний яс, 2 дунд чөмөг зүүн гарын шуу, 2 гарын дунд чөмөг зэрэг том яснаас өөр бусад яснууд нь үйрч дууссан тонуулчдын гараар өртөж алга болсон бололтой. Баясгалан -I, 05-р булш:1-р булшнаас баруун тийш 200м орчимд ( N51c 30’ 54.8; E 100c 38’ 52.8) солбилцолд байх 5 булшны хамгийн баруун хойд захын булшийг малтан шинжилсэн. Булшны анхны байрлалын фото зургийг үйлдэн хэмжилт хийсний дараагаар 4м х 3м хэмжээтэй талбай үүсгэн, өнгөн хөрсний цэвэрлэгээг хийв. Өнгөн хөрсний цэвэрлэгээг хийж дууссаны дараагаар баруунаас зүүн тийш цуварсан хэдэн хавтгай чулууд, түүний дунд хэсгээс шатсан үнс нурамны ором илрэв. Энд ямар нэгэн оршуулга зан үйл илэрч олдоогүй болно. Харин эх нутгийн хатуу хөрс нь гарч ирэв. Тиймээс энэхүү байууламж нь анх бидний таамаглаж байснаар булш биш, жижиг тахилын шинжтэй дурсгал болох нь малтлагын төгсгөлд тодорхой болсон.

Start a discussion about Хөвсгөл нуур орчмын археологийн судалгаа

Start a discussion