Jump to content

Хэнри Хадсон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хэнри Хадсон

Хэнри Хадсон (англи. Henry Hudson, 1565 оны орчим төрсөн – 1611 оны 6-р сарын 23-нд ор сураггүй алга болсон) - 17-р зууны эхэн үед Английн далай судлаач, далайчин байсан бөгөөд одоогийн Канад болон АНУ-ын зүүн хойд хэсгийн зарим нутгийг хайгуул хийснээрээ алдартай болсон хүн.

Хэнри Хадсоны аяллын газрын зураг

Хэнри Хадсон 1607, 1608 онд хоёр удаа Английн худалдаачдын даалгавараар Хойд туйлаар Хятад руу гарах зүүн хойд гарц хайжээ. 1609 онд тэрээр Голландын "Нэгдсэн Зүүн Энэтхэг компани" (англи. The United East India Company)-ийн захиалгаар Хойд Америкт газардаж, одоогийн Нью-Йорк хотын эргэн тойрон дахь бүс нутгийг судалсан ажээ. Хадсон Ази руу гарах баруун хойд гарцыг хайж «Halve Maen» (Тал сар) хөлөг онгоцоор Хадсон голоор (сүүлд түүний нэрээр нэрлэгдсэн гол) өгссөн нь Голландын бүс нутгийг колоничлох үндэс суурийг тавьсан байна. Түүний Шинэ ертөнцийг судлахад оруулсан хувь нэмэр асар их юм. Түүний аялал нь европчууд болон Хойд Америкийн уугуул ард түмний хооронд холбоо тогтоож, худалдаа арилжааг хөгжүүлэхэд нэмэр болсон юм.

Х.Хадсон сүүлчийн аяллын үеэрээ Баруун хойд гарцыг хайж байхдаа Хадсоны хоолой болон асар том Хадсон буланг үзсэн анхны европ хүн болжээ. 1611 онд Жеймсийн булангийн эрэг дээр өвөлжсөний дараа Хэнри Хадсон баруун зүг рүү явахыг хүссэн ч багийн ихэнх далайчид бослого гаргасан байна. Босогчид Хадсон, түүний хүү болон багийн бусад 6 хүнийг орхиж зөнд нь хаясан ажээ. Дараа нь Хадсон болон бусад багийнхан ор сураггүй болсон түүхтэй юм.