Хэнтий аймгийн музей

Хэнтий аймгийн музей нь Хэнтий аймгийн төв Чингис хотод байрлах музей юм.


Түүх[засварлах | кодоор засварлах]

1949 онд орон нутгийг судлах кабинет нэртэйгээр анх байгуулагдаж байжээ. 1971 оноос орон нутгийг судлах музей болон өргөжсөн байна.

1982 онд Халхын Сэцэн ханы зуны ордноос (1681 онд баригдсан) үлдсэн 5 барилгыг сэргээн засварлаж Угсаатны зүйн музей болгосон.

Бүтэц[засварлах | кодоор засварлах]

Хэнтий аймгийн музей нь Угсаатны зүйн музей (Сэцэн ханы ордон музейд байрладаг), Орон нутаг судлах музей гэсэн 2 салбартай үйл ажиллагаагаа явуулж байна.

Угсаатны зүйн музей[засварлах | кодоор засварлах]

Угсаатны зүйн музей нь угсаатны зүйн, шашин мөргөлийн, тоглоом наадгайн, Сэцэн ханы, Чингисийн, Орон нутгийг судлах музей нь Хан Хэнтийн, байгалийн, эрийн гурван наадмын, алдар цуутнуудын, түүхийн гэсэн нийт 10 танхимтай. Хэнтий аймгийн түүх, шашин, угсаа нийтлэгийн онцлогийг харуулсан 2000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлсийг дэлгэн жилд 7000 гаруй хүнд үйлчилдэг.

Сэцэн ханы ордон музейн цуглуулгад угсаа залгамжилсан Сэцэн хануудын эдэлж хэрэглэж байсан үнэт ховор эд зүйлс, Халх даяар алдартай хурдан хүлгүүдийг бий болгосон Хардэл жанжин бэйс, хүлэг шинжээч, өвгөн ноён Минжүүрдоржийн Пүрэвжавын хэрэглэж байсан эд зүйлс, түүний хялгасан бийрээр зурж үлдээсэн хурдан хүлгийн зургууд, ХХ зууны алдарт уран дархан Тожил хийцийн эд зүйлс, тус аймагт олноороо суурьшдаг Халх, Буриад, Хамниган угсаатны ахуй соёлыг харуулсан үзмэрүүд, шашны эд зүйлс, үнэт ховор судар ном, бурхан шүтээнүүд хадгалагддаг байна.

Орон нутаг судлах музей[засварлах | кодоор засварлах]

Орон нутгийг судлах музейн үзмэр бүтээл нь аймгийн түүх соёлын дурсгалт газрын зураг, уран зураачдын бүтээл, аймгийн үзэсгэлэн төгс байгалийн олдвор ан амьтан, жигүүртэн шувууд, ашигт малтмалын дээжис, Хэнтий нутгаас төрөн гарсан алдартнуудын намтар түүхийг харуулан дэлгэгдсэнээрээ онцлогтой аж. Мөн чулуун зэвсгийн үеэс эхлээд өнөөгийн Хан Хэнтий нутгийн түүх соёл, ард түмний ахуй амьдрал, уламжлал, зан заншил, ололт амжилтыг харуулсан үзмэрүүдийг танхимууддаа дэлгэсэн байдаг.

Сэцэн ханы ордныг Монгол улсын Засгийн Газрын 2008 оны 5 сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад авсан. Сэцэн ханы тамга хадгалагдаж байдаг.

Үзмэр[засварлах | кодоор засварлах]

Монголын хамгийн том чулуун солир (1989 онд Хэнтий аймгийн Галшар сум, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын зааг нутаг болох Зээртийн хөндий хэмээх газраас олжээ. Одоогоор олсон газрын нэрээр Галшар-Түвшинширээ хэмээн нэрлээд байгаа аж. Солирын Өндөр 79.5 см, өргөн 45-52 см, жин-550 кг), Монгол нутгаас харьцангуй бүтнээр олдсон анхны тохиолдол болох 42000 жилийн настай буюу хуучин чулуун зэвсгийн эхэн үед холбоотой Савагт хирсний яс (2012 оны 6 сард Хан Хэнтий чуулгын барилгын ажлыг хийх явцад илэрсэн), чулуужсан мод, 1720 онд Манжийн хаанаас Сэцэн хан Цэвдэнбайнжуурт ирүүлсэн тамга, тамганы хайрцаг, сүүлчийн Сэцэн хан Навааннэрэнгийн үед хэрэглэж байсан суман модон сандал, Сэцэн хан Навааннэрэнгийн хэрэглэж байсан пийсүү аяга, халх бөөгийн өмсгөл – майхавч, оргой, хонгинуур, хэц, уран дархан Тожилын урласан их гарын мөнгөн чимэгтэй эмээл, ХVII–XVIII зууны үеийн хоромсог, саадаг зэрэг бий.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]