Хэрэглэгчийн яриа:Axttax

Page contents not supported in other languages.

ЖОН ЛЕННОН


            Алдарт дуучин, хөгжмийн зохиолч, яруу найрагч Жон Леннон 2002 онд BBC радиогоор явуулсан "Хамгийн агуу-100 Британичууд" санал асуулгаар найм дахь хүнээр нэрлэгдсэн бол 2003-2008 онд Rolling Stone сэтгүүл "Бүх цаг үеийн хамгийн агуу 100 дуучин" жагсаалтын 5-рт тодруулжээ. Ленноны хамтын болон бие даасан уран бүтээлийн 25 сингл Billboard Hot 100 чартад тэргүүн байрыг эзэлдэг бөгөөд АНУ-д нийт 14 сая ширхэг цомог борлуулжээ. Түүний хамгийн сайн борлуулалттай соло цомог  “Double Fantasy” АНУ-д гурван сая хувь зарагдаж, 1981 онд Грэммийн “Оны шилдэг цомог”-оор шалгарсан юм. 1982 онд дуу хөгжимд гарамгай хувь нэмэр оруулсныг үнэлж BRIT шагналыг Леннонд нэхэн олгожээ. 1987 онд Хөгжмийн Зохиолчдын Алдрын Танхим, 1994 онд Рок-н-Роллын Алдрын Танхимд  түүний алдрыг үүрд мөнхөлсөн билээ.



     Жон Уинстон Леннон 1940 оны 10-р сарын 9 нд дэлхийн II дайны үед Германы агаарын дайралтын бөмбөгдөлтөн дор Английн  Ливерпүүл хотод төржээ. Жоныг дөрвөн настай байхад эцэг эх нь салж,  тэрээр авга эгч Мимигийндээ өсөв. Бага байхдаа Жон их дүрсгүй хүү байсан тул байнга хэрэг төвөгт орооцолдоно. Ленноны ээж Жулиа дахин гэрлэсэн ч хүүтэйгээ уулзахаар Мимигийнд тогтмол ирдэг байлаа.  Ээж нь банжо хөгжмөөр хэрхэн тоглохыг Леннонд зааж, анхны гитарыг худалдан авч өгчээ. 1958 оны 7-р сард гай тохиож, ажлаасаа халагдсан согтуу цагдаагийн машинд дайруулж ээж нь нас барсан юм. Хараа хяналт сул, даруулгагүй өссөн Жон дунд сургуульд олигтой сурч байсангүй, байнга үймээн дэгдээж явах болов.  Дуу хөгжим хийгээд зураг зурах төрөлхийн авьяастай тэрээр Дүрслэх урлагийн коллежид элссэн байна.  Рок хөгжмийн тайзанд түрэн гарч ирсэн Элвис Преслигийн тэсрэлт 16 настай Леннонд урам зориг төрүүлж, асар их нөлөөлсөн юм. Улмаар өөрөө санаачлан Тhe Quarry Men нэртэй скиффл хамтлагийг үүсгэн байгуулсанаар The Beatles хамтлагийн үндэс суурийг тавьж, уран бүтээлийн алдрын замналаа эхлүүлсэн билээ. Тэдгээр он жилүүд The Beatles хамтлагийн дэлхийг донсолгосон үйл явдлаар дүүрэн, түүхийг өөрчилсөн цаг үе байлаа.
   1966 оны 8-р сарын 29 нд The Beatles хамтлагийн олны өмнө хийсэн сүүлийн амьд тоглолтын дараа хэнд ч хэрэггүй болсон мэт Леннонд санагдаж, хамтлагаа ч орхих бодол тээх болсон аж. ЛСД хэмээх сэтгэл зүйд  хүчтэй үйлчлэх эмийн бодис болон Америкийн сэтгэл зүйч Тимоти Лирийн “Сэтгэл зүйн туршлага” нэртэй номны нөлөөгөөр 1967 онд түүний мансууруулах бодисын  хэрэглээ нэмэгдэх болсон юм. Эдгээр он жилүүдэд тэрээр гүн ухааны ‘Strawberry Fields Forever’, ‘Across the Universe’, сэтгэл зүйн ‘I Am the Walrus’, ‘Lucy in the Sky with Diamonds’,  амьдралын үйл явдлыг эрэгцүүлсэн ‘A Day in the Life’ болон хиппичүүдийн сүлд дуулал болсон  ‘All You Need is Love’ зэрэг шилдэг олон уран бүтээлүүдээ туурвиж байлаа.
   1970 онд The Beatles хамтлаг тарсанаас хойш удалгүй Леннон анхны бие даасан “John Lennon/Plastic Ono Band” нэртэй цомгоо гаргаж, ‘Give Peace a Chance’, ‘Working Class Hero’ зэрэг дуунуудаа зохиосон байна. 1969 онд Япон бүсгүй Ёоко Онотой гэрлэсний дараа тэрээр өөрийн нэрийг Жон Оно Леннон хэмээн өөрчилсөн юм.  
    1971 онд Жон Ленноны алдарт ‘Imagine’ дуу төрөн гарч, Rolling Stone сэтгүүлийн  "Бүх цаг үеийн хамгийн шилдэг дуу" жагсаалтын 3-р байранд бичигджээ. 

Жон Ленноны нэр үргэлж энх тайван, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаатай холбогддог. Түүний ‘Give Peace a Chance’ дуу дайны эсрэг хөдөлгөөний сүлд дуулал хэвээр байна. 1969 оны 9-р сард Жон Леннон “M.B.E” одонгоо Вьетнамын дайн дахь Их Британийн оролцоог эсэргүүцэн Хатан хааны ордонд буцаан хүргүүлж байв.

   1971 оны 9-р сард Леннон, Оно нар АНУ-д шилжин суурьшсан юм. Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгч Никсоны засаг захиргаанаас албадан гаргахаар байнга дарамтлаж байсан боловч эцэст нь 1976 оноос Леннонд АНУ-д байнга оршин суух зөвшөөрөл олгожээ. 
    1972 онд Жон Леннон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахын тулд Нью-Йорк хотын Мэдисон Скүэр Гарден ордонд концертоо тоглож, дэмжлэг үзүүлж байлаа.  Цагаачлалын асуудал Ленноны хувийн амьдралд сөргөөр нөлөөлж 1973 оны намар Оногоос түр хугацаанд салсан юм. Энэ хугацаанд буюу өөрийнх нь нэрлэснээр “Алдагдсан амралтын өдрүүд”-д тэрээр “Mind Games” (1973), “Walls and Bridges” (1974), “Rock 'n' Roll” (1975) зэрэг цомгуудаа гаргаж, нэрт дуучин Дэвид Боуи болон Элтон Жон нартай хамтран ажилласан байна. 
   1974 онд Леннон, Оно нар эвлэрснээр буцан нийлж, 1975 оны 10-р сарын 9 нд Ленноны 35 насны төрсөн өдөр тэдний хүү Шон мэндэлжээ. Леннон хүүдээ анхаарал тавин уран бүтээлээсээ хэсэг хугацаанд хөндийрч, олон нийтийн арга хэмжээнд оролцохоо больсон ч 1980 онд “Double Fantasy” нэртэй шинэ цомгоо гаргахаар эхнэр Оногийн хамт дахин хөгжмийн ертөнцөд эргэн ирж цаашдын зорилгынхоо талаар өөдрөг ярилцлага өгч байв. 
  Гэвч 1980 оны 12-р сарын 8-нд, цомог гарснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа балмад үйл явдал тохиож, Жон Леннон Нью-Йорк хотод амьдарч байсан Дакота байшингийнхаа үүдэнд Марк Дэвид Чэпмэн гэгч өөрийнхөө солиотой фенд буудуулан  эмгэнэлтэйгээр нас эцэслэсэн юм. 
   Хэдийгээр Жон Леннон  сая сая фенүүдээ гүн харуусал дунд орхин одсон ч  түүний соёл урлагт үзүүлсэн гүн гүнзгий нөлөө хэвээр үлдэж, гайхамшигт уран бүтээлүүд нь өнөөдөр ч дэлхий дахины шүтэн бишрэгчид, шинэ залуу үеийнхнийг соронздон татаж, ухаарал хайрласаар байна.


2012 оны Лондонгийн Олимпийн хаалтын ёслолын ажиллагааны үеэр алдарт “Imaginе” дууг эгшиглүүлж, Жон Ленноны дүрийг эвлүүлэн бүтээж, эх дэлхийн хүн зонд хандан эв нэгдлийг эрхэмлэх тухай гэрээслэлийг дахин сануулсан билээ

ПОЛ МАККАРТНИ[кодоор засварлах]

ПОЛ МАККАРТНИ


     Сэр Жэймс Пол Маккартни The Beatles хамтлагийн гишүүний хувиар 1988 онд Рок-н-Роллын Алдрын Танхимд орсон бол 1999 онд соло уран бүтээлчээр тэмдэглэгдэн алдар нэрээ дахин мөнхөлсөн билээ.

Тэрээр 60 алтан пянз (Битлзтэй 43, Wings хамтлагтай 17) гаргаснаар 1979 онд дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд "Хамгийн нэр хүндтэй хөгжмийн зохиолч" хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд The Beatles-ийн гишүүний хувиар 100 сая гаруй сингл, 100 сая цомог борлуулснаас гадна 2009 онд дангаараа болон хамтран бичсэн 188 дуу нь Нэгдсэн Вант улсын чартад багтсан юм. Эдгээрээс 91 дуу Топ-10 жагсаалтанд орж, 33 дуу нь чартыг тэргүүлснээр Гиннесийн амжилтын номонд "Хамгийн амжилттай дууны зохиолч" гэж дахин бичигджээ.


   Жэймс Пол Маккартни 1942 оны 6-р сарын 18-нд Английн Ливерпүүл хотод мэндэлжээ. Түүний ээж нь эмнэлэгт сувилагч байсан бол хөвөнгийн худалдаачин эцэг нь орон нутгийн жазз хамтлагт төгөлдөр хуурч байлаа. Маккартни The Beatles хамтлагийн бусад гишүүд болох Ринго Старр, Жорж Харрисон нарын адил ажилчин ангийн гэр бүлд өссөн юм. Маккартниг дөнгөж 14 настай байхад ээж нь хүндээр өвдөж нас барсан бөгөөд Ленноны адил бага байхдаа эхээ алдсан ижил хувь заяа тэднийг улам ойртуулсан ажээ. Тэрээр эцгийнхээ дэмжлэгээр олон янзын хөгжмийн зэмсэг эзэмшиж, бага насандаа хөгжмийн хичээл заалгаж байсан ч гитар, бүрээ, төгөлдөр хуур зэрэг хөгжмийг бие даан сонсголоороо тоглож сурахыг илүүд үзсэн байна. Маккартни 1957 онд сүмийн баярын үеэр Жон Леннонтой уулзаж танилцсанаар The Quarrymen хамтлагт нэгдэн орсон байна. Тэд хамтдаа улс төр, нийгмийн тэмцэл дүүрэн арван жилийн цаг хугацаанд үе тэнгийнхэндээ итгэл найдвар төрүүлж араасаа үлгэрлэн дагуулсан юм. Жон Леннон, Пол Маккартни нарыг хөгжмийн түүхэн дэх ХХ-р зууны хамгийн амжилттай уран бүтээлийн хамтрагчдаар тооцдог билээ.  .

Дэлхий даяар тархсан фенүүдийнхээ зүрх сэтгэлд харамсал төрүүлэн 1970 онд The Beatles хамтлаг тарсанаас хойш Пол Маккартни Битлүүдээс хамгийн түрүүнд “McCartney” (1970) нэртэй цомгоо гаргасан нь хит болсон юм. Урам зориг авсан Маккартни 70-аад оны туршид олон хит сингл гаргаж, хоёр ч удаа Грэммийн шагнал хүртсэн Wings хамтлагаа байгуулжээ. Маккартни The Beatles хамтлагийн бусад гишүүдээс хамгийн их хит дуунуудыг бичсэн билээ. Түүний алдарт ‘Yesterday’ дууг хамгийн их уран бүтээлчид буюу 2200 гаруй хувилбараар дуулсан дуу гэж түүхэнд тэмдэглэгдсэн бөгөөд АНУ-ын телевиз, радиогоор долоон сая илүү удаа цацагдаж байсан юм. Мөн түүний 1968 онд зохиосон Битлзийн хамгийн шилдэг борлуулалттай сингл болох ‘Hey Jude’ дууны сингл таван сая гаруй хувь зарагдаж, хамгийн удаан буюу есөн долоо хоногийн турш АНУ-ын чартуудыг тэргүүлж байв. 1980-аад онд Маккартнид хүнд цаг үе тулгарч байлаа. Тэрээр марихуан хадгалсан хэргээр Японд баривчлагдаж, он удаан хугацааны уран бүтээлийн хамтрагч Жон Леннон аллагад өртөж, 1989 он хүртэл тоглолтоо зогсоож, уран бүтээлийн эрч хүч саарав. Гэвч Стиви Уандер, Майкл Жексон зэрэг алдартангуудтай хамтран ажиллаж, уран бүтээлийн үйл хэргээ үргэлжлүүлсэн юм. 1990-ээд оны үед Маккартни хуучны андууд болох Харрисон, Старр нартай The Beatles хамтлагийн замналыг өгүүлсэн цуврал баримтат кинонд хамтран ажилласан байна. 1997 онд Пол Маккартни “Flaming Pie” нэртэй рок дууны цомгоо гаргахэд Старр ‘Beautiful Night’ дуунд бөмбөр тоглож, хамтран дуулсан юм. Дараа жил нь гарсан түүний “Standing Stone” нэртэй цомог Их Британи, АНУ-ын чартыг тэргүүлж байв.

   2001 оны 9-р сарын 11 нд болсон террорист халдлагын дараа Нью-Йорк хотод болсон хандивын концертыг зохион байгуулахад  Маккартни тэргүүлэх үүрэгтэй оролцсон юм. Түүнчлэн 2002 оны 11-р сард Жорж Харрисоны дурсгалд зориулсан концерт тоглосон байна. 2002 оны 4-р сард АНУ, Мексик, Япон зэрэг орнуудаар хийсэн “Driving World Tour”  аялан тоглолтоор 126,2 сая долларын орлого олж, Биллбоардын “Оны шилдэг аялан тоглолт”-оор нэрлэгдэж байв. 

2005 оны 7-р сард тэрбээр Хайд Паркт болсон Live 8 хандивын шоу тоглолтын нээлтийг U2 хамтлагтай хамтран хийж, Жорж Майклын хамт ‘Drive My Car’ дуугаараа хаалтыг хийж байлаа. Тэрээр 2008 онд Европын Соёлын Төв гэж нэрлэгдэх болсон Ливерпүүл хотын баярын концертонд оролцож ая дуугаа өргөв. Маккартни 2012 оны 6-р сард Букингемийн ордны гадна болсон Хатан Хааны Очир Эрдэнийн Ойн концертийн хаалтын ажиллагааг ‘Let It Be’ дуугаар өндөрлүүлж, 2012 оны Лондонгийн зуны Олимпийн нээлтийн ёслолын арга хэмжээнд ‘Hey Jude’ дуугаа дуулж байв. 2012 онд Маккартни ‘It's Only a Paper Moon’, ’My Valentine’ гэх мэт бага насныхаа сонгодог дуунуудыг багтаасан “Kisses on the Bottom” нэртэй цомгоо гаргав. Мөн рок дуучин Брюс Спрингстины Лондон хотын Хайд Паркт хийсэн тоглолтын үеэр The Beatles-ийн ‘I Saw Her Standing There’, ‘Twist and Shout’ хоёр хит дууг хамтран дуулав.

1998 онд түүний эхнэр Линда Маккартни хорт хавдрын улмаас нас барж хүнд цохилт амссан юм.  Дөрвөн жилийн дараа Маккартни загвар өмсөгч Хизер Миллстэй гэрлэж, 2003 онд тэдний охин Беатрис мэндэлжээ. Гэвч тэд хэвлэл мэдээллийн байнгын мөшгөлт, заналхийллээс болоод 2006 онд салцгаав. 2011 онд Пол Маккартни гуравдахь удаагаа буюу Нью-Йоркын ажил хэрэгч бүсгүй Нэнси Шевелтэй Лондон хотод гэрлэсэн байна. Тэрээр гурван удаа гэрлэхдээ таван хүүхдийн эцэг болсон юм. 

Алдарт уран бүтээлч Пол Маккартнийн авьяас чадвар зөвхөн дуу хөгжмөөр хязгаарлагдсангүй. Эдүгээ тэрээр хөгжмийн боловсрол, кино урлаг, уран зохиол, уран зураг, бясалгал зэрэг өргөн хүрээнд олон талын үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлсээр байна. Тэрээр амьтны эрхийг хамгаалах, ан агнуур, цагаан хоол, ядууралтай тэмцэх зэрэг Олон улсын сайн үйлсийг дэмжих янз бүрийн төсөлд оролцож байлаа. Пол Маккартни 2015 онд 730 сая фунт стерлингийн хөрөнгөтэйгээр Их Британийн хамгийн баян хөгжмийн уран бүтээлчээр тодорсон юм.


      Пол Маккартни 2003 оны 5-р сард Москвагийн Улаан талбайд анх удаа тоглож, 100 000 хүний өмнө концертоо толилуулсан юм. The Beatles хамтлагийн уран бүтээл коммунизмийн төмөр хөшгийг нуран унахад тодорхой үүрэг гүйцэтгэж, өнөөгийн дэлхий дахины даяарчлалын эхлэлийг дуу хөгжмөөрөө эхлүүлсэн билээ.