Хэрэглэгч:Т.Нямсүрэн

Гурван сайханы нуруу

   Үлгэр домог, түүх шашдирт нэрээ мөнхөлсөн говийн сайхан хангай Гурвансайхны сүрлэг уулс алсаас цэнхэртэн дүнхийнэ. Баруун, дунд, зүүн сайхан хэмээн нэрлэгдэх 100 гаруй км урт, Говийн Алтайн нурууны үргэлжлэл энэ сайхан хангай үржил шимтэй хөрстэй, ургамлын бүрхэвч нягт, ус булаг олон ёстой л ан амьтан, араатан жигүүртэн, хүн, малын идээшсэн сайхан нутаг.

Баруун сайханы уулс нь Баяндалай, Булган сумын нутгийн заагт оршог, бусад хоёр уулаасаа намхавтар, үнэмлэхүй өндөр нь далайн түвшнээс дээш 2511 метр, хамгийн урт нуруу юм.

   Дунд сайханы уулс Баяндалай, Ханхонгор сумын нутагт орших бөгөөд 40 км урт, далайн түвшнээс дээш 2809 метр, хамгийн өндөр цэг Эрдэнэцогт 2824 метр юм. Энэ уулын оргил дээрээс аймгийн бүх нутгийн гуравны нэгийг эзлэх 10 сумын нутаг дэвсгэрийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн нутаг Их, бага Богд, Дэлгэрхангай зэрэг 200-300 км алслагдсан уул нурууд харагдана. 
   Зүүн сайханы уулс Баяндалай, Хүрмэн, Ханхонгор сумын нутагт орших бөгөөд далайн түвшнээс дээш дунджаар 2800 метр, оргил нь болох Шант уул 2946 метр байдаг. Энд Ёлын ам, Дүнгэнээ, Мухар шивэрт зэрэг аянчин жуулчны сонирхлыг татсан үзэсгэлэнт байгальтай газрууд олонтой. Шант уулыг Өгэдэй хааны үеэс тахиж ирсэн эртний тахилгат уул юм. 

Гурван сайхан уулын сарьдаг өндөр оргилуудын 80-90 градус эгц цавчим хад асга тун сүрлэг. Энэ уулын бараг бүх жалга цэнгэг устай горхитой, эдгээрийн дотроос Баруун сайханы Гэгээд, Дунд сайханы Хавцгайт, Зүүн сайханы Дүнгэнээгийн задгай хичнээн гантай байсан ч ширгэдэггүй тул хүн, мал амьтаны ундаа болж мяралзана. Ёл, Мухар шивэртийн мөс жилийн дөрвөн улиралд хайлахгүй байх нь сонин. Дунд сайханд Ямаат, Энгэр бүлээний дотрын өвчинд тустай хүйтэн рашаан байдаг. Энэхүү үзэсгэлэнт нутгийг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965 оны зарлигаар байгалийн үзэсгэлэнт нутгийн хэв төрхийг хамгаалах зорилгоор “Дархан цаазат газар” болгож, 1999 оноос 4100 шоо дөрвөлжин километр талбай бүхний хэсгийг улсын хамгаалалтад авсан байна. Зүүн сайханы уулыг зүсэн хойшоо сэтлэн урссан голын тектоник гаралтай бачуу хавчил үүсгэсэн Ёлын амны дархан цаазтай газрын хил нь Улиастайн сайрын хавцлаас Ёлын сайрыг хөндлөн гарч Дэвсэг толгой, Дуслуур, Оюутын хөтөл, Хошуу овоо, Зааны овоог дайран Ёлын дуудлага, Индэрт, Дунд голын сайр, Мандал голын сайрын уулзварыг дайрч эхний цэг Улиастайн сайрын хавцал хүрч нийтдээ 6198 га талбайг эзэлнэ. Эхэн, төв хэсэгтээ 200 метр өндөр цавчим элгэн хадан ханатай, уулын тагт орсон борооны ус хавцалын эгц хадан дээрээс сацран буух дөрвөн хүрхрээ үүсгэн өвөл нь хөлдөөд цан хүүрэг савсуулсан байх нь үзэсгэлэнтэй. Гурван сайхан уул нь ургамлын бүрхэвч нягт, үржил шимтэй хөрстэй, арцан ой жилийн дөрвөн улиралд торгоны дугуй хээ шиг ногоорон харагдах нь сайхан. Баруун сайхан модлог ургамлаар, Дунд сайхан бэлчээрийн ургамлаар, Зүүн сайхан эмийн ургамалаар илүүтэй. Улиас, далан хальс, тошлог, нохойн хушуу, бургас, элдэв төрлийн бут, тэсгэ, эмийн ургамал болох алтан үндэс, сэржмядаг, юмдүүжин, газрын хаг, ганга өвс, дэгд, бамбай, бивлэн, уулын сонгино, бэлчээрийн ургамал арвинтай. Гурван сайхан ууланд ан амьтан, жигүүртэн шувуу, хэвлээр явагч, жижиг мэрэгч амьтан элбэг. Энд аргаль, янгир, чоно, үнэг, мануул, суусар, өмхий хүрэн, туулай, ёл, бүргэд, тас, хойлог, ятуу, хэрээ, турлиах, хэдэн төрлийн болжмор, хулгана, зурам, бозлог хаа сайгүй тохиолдоно. Баруун сайхан ууланд 2015 оноос хэдэн буга авчирч нутагшуулсан нв үр төлөө өгч эхэлсэн. Эрт дээр үед говь нутагт заан, хирс, буга зэрэг амьтад байсныг гэрчлэх хадны зураг олон газар байхаас гадна Зүүнсайханы уулнаас бугын чулуужсан эвэр олдсон нь бас нэгэн баримт болно.