Хэрэглэгч:Өлзийбаяр А
АЗАРГА УЯЖ ЗАСАХ
Азарга уяж сойхдоо тарга хүчний байдлаас хамаарч харилцан адилгүй хугацаанд уях боловч ихэвчлэн 25-30 хоногт багтаадаг. Уяж байгаа азарганд хэт олон гүү хураалгаж болохгүй. Хурдан хурц азарганд 4-5 гүү л хураалгахад хангалттай. Сүргийг нь өөр азарга бусад адуунаас хол хөндий бүр нийлүүлэхээргүй ус бэлчээрт маллана. Өдрийн уяа засал дуусах үед азаргаа сүрэгт нь тавьж, тайван амгалан идүүлнэ. Өглөө адуугаа хурааж морьдоо барих цаг нь орчин үеийн цагаар өглөөний 5 цаг 30 минутаас 6 цаг орчимд байвал зүгээр. Азарган хурдыг барьсан анхны өдрийн бага үд, их үд, нар жаргахын өмнө, хойно гэсэн цагийн дөрвөн үед гишгүүлнэ. Гишгүүлэхдээ морины хүүхэд бэлгэт хувцсаа өмсөх ба энэ үед уяач хөхөл сүүлийг нь боож эмээлээ тохож мордуулна. Хүүхэд уяагаа тойрч гишгүүлж эхлэхийн цагт гийнгоолж марзайлахад хуучин уяа морьдын сэтгэл сэргэж хөл хөнгөрөхийн зэрэгцээ бааж эхэлнэ. Иймээс гишгүүлэхийг зарим нутагт баалгах гэх нь ч бий. Гишгүүлэх явцад баасан нойтон баасыг хатаж шарлатал нь авалгүй нойтноор байлгахыг хичээ. Учир нь бусад морьд энэхүү нойтон баасыг үнэртээд өөрөө бааж хур баасаа хаядаг байгалийн зөн билигт адгуус гэдгийг санагтун. Иймээс гишгүүлэлтийг заавал их нас, азарга гэхчлэн нэг мориор эхэлж гишгүүлэх албагүй, баасан өөр морины нойтон баасыг нөгөө морь үнэртээд өөрөө баах үзэгдэлд тулгуурлаж болдог. Өдөрт гурваас доошгүй удаа хийвэл зохихыг уяачдын зурхайд олонтаа чухалчлан бичсэн буй. Харин гишгүүлэлтийг уяа морь бүрд дунджаар 30-40 минут ноогдохоор хийвэл зохино. Ийнхүү гишгүүлэлтийн явцад ойрхон зуур тухайлбал уяан дээрээсээ 1.5-2 км хол зайтай зэлүүд газарт салхи өөд зөөлөн цогиулж /явах ирэхдээ/ биеийн чилээг гаргаж, мах булчингийн агших сунах үйлийг идэвхижүүлж, сэтгэлийг сэргээх бегөөд ийнхүү цогиулалтыг өдөрт нэг удаа, тэгэхдээ нар жаргахын өмнө оройн гишгүүлэлтийн үед хийх ёстой аж. Ахмад судлаач, эрдэмтэн Г.Цэвэгмэдийн тодорхойлсноор гишгүүлэх гэдэг нь уяа морьдын биеийн чилээ хөшөөг гаргах хөдөлгөөнт дасгах сэтгэлийг сэргээх нэгэн зүйл сургууль гэдэгтэй би санал нэг байна. Хурдан морьдыг хөлслөх уламжлалт арга бол уяа заслын үйл ажиллагаа ба монгол морьдыг уяж засах үндэсний технологийн чухлаас чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Иймээс хөлсийг авахдаа гадар, дотор талуудыг нь даалимбаар хийсэн хөвөнтэй нэмнээ ашиглавал зохино. Хөлс авалтыг ихэвчлэн дулаан тунгалаг нартай өдрийн үд дунд, их үдийн цагаар хийх нь зохилтой бөгөөс харин их хүйтэн бороо, олон хоногоор зүсэрсэн хурын үед авахгүй байх ёстой. Морьдыг хөлслөх технологийг дараах байдлаар үечлэв. Үүнд : • Хөлслөх морьдоо дунд насны хөвгүүд охид буюу уяач өөрөө аль эсвэл танил талын дотно нөхөд унаж тэр өдрийн салхийг сөрж цогиулах. • Цогиулах газрын хэмжээ хар цагааны газар буюу бэлгэт гурван газраас хөлсний дусал гарч эхлэх тэр цагаас салхиа уруудан цогьсоор уяандаа ирэх. • Уяандаа ирмэгц мориноос бууж эмээлээ авмагц морио зогсоолгүй хөтөлж явуут дунд нь нэмнээгээ авч хөлсийг нь сайн хусах. • Ингэж нойтон усан хөлсийг толгойн тал буюу урд талаас нь бага багаар явуут дунд нь хусаж дуусмагц хэн нэгэн морьтон уг морийг хөтөлж уяагаа эргүүлэх байдлаар хөлсийг хаттал нь гишгүүлнэ. • Хөлс хатаах гишгүүлэлтийг нэг моринд дунджаар нэг цаг ноогдохоор журамлаж гишгүүлэх эдгээрийг товчлон хураангуйлав. Харин услалтыг хөлс авахаас бүр өмнө, аль үгүй бол бүр хойно хийх учиртай. Тодруулга : • Хар цагаан газар гэж малчин монгол өтгөсөөс алс харагдах малын зүсийг саравчлан харж тодруулахад хар цагаан аль нь болох нь ялгарч үзэгдэх тийм газрын зайг хэлнэ. • Бэлгэт гурван газар гэж битүү нэмнээтэй морийг хөлслөхөөр салхины өөд цогих явцад эхлээд хамар, дух магнай, чихний ар зэрэг гурван хэсэг газраас хөлс зэрэг бөнжийж дуслах тэр газрыг дээдсийн сургаалд " Бэлгэт гурван газар" гэж нэрлэдэг ажээ. • Уяа морьдыг тарлах буюу үсэргэх дасгал сургуулийг морьдоо анх барьсан өдрийн маргаашаас зхлэн хийх ёстой бөгөөд харин хөлс авсан өдрөө огт тарлаж үсэргэхгүй өнжинө. Өөрөөр хэлбэл хөлслөлт тарлалт хоёрыг өдөр өдрөөр ээлжилж хийнэ. Тарлах зайг Хардэл бэйс жанжин эхний тарлалтыг "гурван сум он тусах хэмжээний газар" хийх ба түүний дараагийнхыг "нэг сум он тусах" хэмжээгээр нэмэгдүүлсээр тарлах эцсийн зайг 12-15 сум он тусах хэмжээтэй байхаар заасан буй. Энд Сэцэн хан буюу одоогийн Хан Хэнтийн уяачид тарыг харьцангуй богино зайд олон удаа, тэгэхдээ морьдоо гуядаж хурд хүчийг нь баралгүй хийдэг уламжлал тогтжээ. Ингэж тарлах нь уг морь хурдлах хурдны хэлбэр маягаа олж хэвшиж буйг судалж тогтоохоос гадна хүлэгт хурдны ир орж байгаа эсэх, юу нь дутаж, юу нь илүүдэж байгаад хувь уяач дүгнэлт гаргахад тустай аж. Тарлалтыг ганц нэгээр нь эсвэл хоёр гурваас үл хэтрүүлдэг юм. Ер нь тарлалт уралдах морьдын тарга, хүч, гэдэс зэрэг уяа заслын шийдвэрлэх хүчин зүйлүүдээс хамаарч тоо нь 3-8 байх нь зохистой гэдэг. Харин сунгааг бол бага сунгаа буюу богинын, холын сунгаа буюу их сунгаа гэж хоёр ангилах бөгөөд зай нь ойролцоогоор 6-8, 10-15 км байваас тохиромжтой санагддаг. Гэвч сунгалтын зай уг морины уяа сойлгын нийлэмж, зохицпоос болж өөр өөр байх нь мэдээж. Сүүлийн үеийн залуу уяачид тарлалтаа цөөдүүлж, сунгаагаа олшруулж сэтгэлийн хөөрлөөр бэсрэгхэн наадам болгонд морьдын уяаг мултлах сөрөг үзэгдэл газар авч байгааг сэрэмжлэгтүн. Гэвч уяа сойлгын хатуу засалтай морьдыг гурав сунгадаг /бага, дунд, их гэхчлэн/ уламжлал бий. Гурав сунгах шаардлагатай болсныг танин мэддэг билгийн ухаант их уяачид хийдэг байсныг бас ч үгүйсгэх аргагүй. • Торгон тар гэж нэг зүйл засалга бий. Энэ нь маргааш их уралдаанд оролцох аль насны морьдыг урьд орой нь 1.5-2 км орчим богино зайд давхилыг гүйцэд гаргаж хурдлуулахыг хэлэх ажээ. Үүнтэй холбогдуулж торгон тар хийсэн морио хэн хаана маллаж хонох, идүүлэх өвс ногооны төрөл зүйл, мөн идүүлэх хугацаа, тэр газрын хөрсний байдал, услах дэг жаяг гээд технологийн олон чухал зүйл байдгаас энд нуршихаас зайлсхийв. Үүнийг уяач бүхэн сайн мэдэж байвал зохих технологи, сахилга журмын гогцоо асуудал мөнийг цухас тэмдэглэе. Нэг сум он тусах газар гэж өвгөдийн сургаалд айлдсанаас 45 алд газар нум сумаар харвах харвалтын газрын хэмжээг хэлдэг байна. Одоогийн сур харвааны улсын хэмжүүрээр тооцвол 75 метр зайд харвадаг тогтоолтой харьцуулж ойлгож болох юм. • Тар тарлах, үсэргэх гэдэг технолигийн томъёлол нь утга нэгт ойлголт бөгөөд уяж засаж уралдуулах морьдод давхил оруулах ойрын зайн бие халаалтын дасгал сургуулийг хэлдэг ажээ. • Торгон тар гэж уралдаанд оролцох морьдыг одоогийнхоор 1,5-2 км орчим зайд давхилтыг гүйцэд гаргаж хурдлуулах хэмээн ойлгож болно. Энэ нь тамирчин хүн том тэмцээнд орохын өмнө бие халаалтын эрчимт хөдөлгөөнт дасгал хийдэгтэй адил юм. Харин бага их сунгаагаар морьдын хурдлах чадавхийг шалгах гол учиртай тул цөөн хэд ташуурдах нь зүй билээ.