Хэрэглэгч:Ariunaa Dagvadorj
МОНГОЛБАНК
Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ. Монгол Улсын Төв Банкийг Монголбанк гэж нэрлэнэ. Монголбанкны төв нь Монгол Улсын нийслэлд байрлана. Монголбанк нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд тогтоосон загвараар хийсэн тамга,тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ. Монголбанк Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан өөрийн зорилтыг биелүүлэхийн тулд дараах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлнэ.
- Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, зохицуулах;
- Мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;
- Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх;
- Банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих;
- Үндэсний төлбөрийн систем түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих;
- Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, удирдах.
- Банкны харилцагч хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах;
- Макро зохистой бодлого хэрэгжүүлэх
Гарчиг
1.Түүх
2. Удирдлагууд
3.Бүтэц зохион байгуулалт
4.Мөнгөний бодлого
5.Төлбөрийн систем
6. Гадаад харилцаа
7. Монгол Улсын Эрдэнэсийн сан
8. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашиг
9.Олон нийтийн санхүүгийн боловсрол
10. Үйл явдлын хураангуй
11.КОВИД-19 цар тахлын үед Монголбанкнаас хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ
1. Түүх
1.1 Худалдаа аж үйлдвэрийн банк үүссэн нь:
1922 оны хоёрдугаар сарын 28-нд Улсын Түр Цагийн хурал “Хоршоо сайжруулах банк” нээх шийдвэр гаргажээ. 1924 оны эхээр ЗОУ-аас хоёр этгээдийн хувь нийлсэн Монголын аж үйлдвэрийн банкийг Нийслэл Хүрээнд байгуулах тул 64 зүйл бүхий тусгай дүрэм төлөвлөн Монголын Засгийн газраа ирүүлжээ. Монголын Засгийн газраас банкны дүрмийн төслийг хянан хэлэлцээд “Манай улсаас тусгай улсын сангийн банк нээн байгуулах нь эрхбиш ашиг тустай болох бөгөөд уг төлөвлөсөн дүрэм нь их төлөв нийлэмжтэй болсон мэт ба гагцхүү уг банкны гол мөнгөн хөрөнгийг анх удаа 25 түмэн алтан төгрөгөөр байгуулна хэмээсэн нь хараахан хомс бөгөөд аливаа худалдаа, аж үйлдвэр хувилах гүйлгэх зээлдүүлэх зүйлд хүрэлцэхгүй болуужин хэмээхийн дээр энэ зүйлийн банкийг Монголын аж үйлдвэрийн банк хэмээн нэрийдэж Нийслэл Хүрээний газраа байгуулах тул Монголын олон ардаас эрхбиш тусгай хувь үлэмжхэн нэмэгдүүлэн оруулбаас ямар бол хэмээх зэргээр” ...тогтоож уг дүрмийг хянан засамжлах комиссыг томилсон байна. Мөн оны гуравдугаар сарын 27-28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкны дүрэм ба комиссын тогтоолыг баталж, банкны төлөөлөгчдийн нийтийн хурлыг зарлан хуралдуулах, төлөөлөгчдийг томилон илгээх ба мөнхүү банкны хөрөнгө болгох 10 түмэн алтан төгрөгийг арван дөрөвдүгээр оны төсөвлөсөн дансанд оруулан гүйцэтгэх явдлыг Сангийн яамнаа даалгаж, хувь нийлүүлсэн банк байгуулах гэрээ бичгийг хэлэлцэн тогтоох бүрэн эрхт төлөөлөгчөөр Гадаад явдлын яамны сайд А.Амарыг томилжээ. 1924 оны дөрөвдүгээр сарын 7-8-нд Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны хувь нийлүүлэгчдийн үүсгэн зохион байгуулах нэгдсэн хурал Нийслэл Хүрээнд болж, банкны зөвлөлийн гишүүнээр Э.Ринчино, Б.Дорж, Ж.Цэвээн, Н.Жадамба, А.Н.Васильев, И.И.Бем, П.Н.Шастин, орлогч гишүүнээр Б.Буянчуулган, Намсрай, Даваа, В.И.Юдин, В.Г.Дадиана нарыг баталжээ. Монголын Худалдаа аж үйлдвэрийн банкны үйл ажиллагааг 1924 оны зургадугаар сарын 2-нд нээн эхлүүлжээ. Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн банк байгуулахдаа “Монголын Худалдаа, аж үйлдвэрийн банк”, “Монголбанк” гэсэн нэрийг хэрэглэдэг байсан албан хэрэгт ихэвчлэн “Монголбанк” гэж нэрлэж байжээ. Энэхүү банкийг зохион байгуулагчид нь Зөвлөлтийн талаас ЗСБНХУ-ын Сангийн ардын комиссарын газар, Монголын талаас Монголын Засгийн газар байв. Банкны байгууллага нь дүрмийн ёсоор нөхөрсөг харилцаат ЗХУ, Монголын хоорондын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, Монголд худалдаа аж үйлдвэр хөгжүүлэх, бас өөрийн ажиллагааны хүрээнд мөнгөний эргэлтийг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлж Монголын Засгийн газрын улсын төсвийн орлого, зарлага кассын тооцооны ажиллагааг хариуцах, бас Засгийн газартай тусгай хэлэлцээр байгуулсны үндсэн дээр бусад даалгаврыг гүйцэтгэх үүрэгтэй байв. Банкны үндсэн хөрөнгө эхлээд 250 мянган алтан рубль байсан бөгөөд банкны хувь нийлүүлсэн тэмдэгтийн 80 хувийг уг банкыг байгуулагч нарт, үлдэх 20 хувийг үйлдвэрлэлд урьж оролцуулсан хүмүүст ноогдуулахаар хуваарилжээ. Монголын Худалдаа аж үйлдвэрийн банк анх ямар бүтэцтэй байсан нь тодорхойгүй ч 1925 онд Ерөнхий хороо, нарийн бичгийн даргын анги, санхүү эдийн засгийн товчоо, төв нягтлан бодох, гүйлгээний хэлтэс, шалган байцаах хэлтэс, кассын хэлтэс, эмиссийн хэлтэс гэсэн бүтэцтэй байжээ. Монголбанк анх 22 орон тоотой, үүнээс 18 нь Зөвлөлтийн мэргэжилтэн, 4 нь монгол ажилтан байжээ. Монголбанкны анхны салбарыг Алтанбулагт нээсэн бөгөөд банкны салбарын даргаар Ф.С.Власов, няраваар И.В.Маркевич нар ажиллаж байв. БНМАУ-ын Их Хурлын шийдвэрийг үндэслэн Засгийн газраас 1925 оны хоёрдугаар сарын 22-нд мөнгөний шинэчлэл явуулах тухай тогтоол гаргаж үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах эрхийг Монголбанкинд олгожээ. Мөн онд тус банк үндэсний мөнгөн тэмдэгт - төгрөгийг гүйлгээнд гаргаж мөнгөний эргэлтийн эмх замбараагүй байдал, олон төрлийн мөнгөний гүйлгээг зогсоож чадсан байна. Тэрчлэн Монголбанк гадаад, дотоодын худалдаа, аж ахуйн газруудыг санхүүжүүлж худалдаа, гүйлгээнд хяналт тавих, зохицуулах үүргийг гүйцэтгэсэн байна.
1.2 БНМАУ-ын Улсын банк үүссэн нь:
Монголын Худалдаа аж үйлдвэрийн банк улам бэхжиж, улс орны хэмжээнд мөнгө-зээлийн системийн нэгдсэн төв болж чадсан тул ЗХУ 1954 онд банкинд оруулсан хувь хөрөнгөө БНМУ-ын Засгийн газарт шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн байна. Чингэснээр Монголбанк нь хувь нийлүүлсэн банк байхаа больж, БНМАУ-ын төрийн мэдлийн цор ганц банк болсон юм. 195 оны оны 1 сарын 1-ний өдрийн байлдлаар Монгол Улсад 23 банкны салбар, 16 мөнгөний касс ажиллаж байжээ. БНМАУ-ыг Сайд нарын Зөвлөлийн 1954 оны 4-р сарын 12-ны өдрийн 120 дугаар тогтоолоор Монголбанкыг БНМАУ-ын Улсын банк болгон өөрчилж, банкны дүрэм зохион байгуулалтыг шинээр баталсан байна. Ийнхүү Монголын санхүү мөнгөний тогтолцоонд өөрийн өмч дагнасан үндэсний банктай болж, мөнгө санхүүгийн тогтолцоо боловсронгуй болон хөгжлийн нэгэн үе шатандаа оржээ.
1.3 Хоёр шатлалт банкны тогтолцоо үүссэн нь:
1990 онд Монголд ардчилал шинэчлэлийн уур амьсгал орж, нийгмийн давалгаа хүчээ авч эхэлсэн 1990 оны эхээр Улсын банкны зарим ажилтнууд арилжааны банк байгуулах санал гаргаж, улмаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөл 1990 оны 8 сарын 24-ний өдрийн 422 дугаар тогтоолын дагуу 1990 оны 9 сарын 30-нд Монгол хоршоо банк 1990 оны 10 сарын 9-нд Даатгал банк, 1990 оны 11 сарын 19-нд Худалдаа хөгжлийн банк, Хөрөнгө оруулалт, технологи шинэчлэлийн банк, 1990 оны 12 сарын 2-нд Авто зам банк, 1991 оны 1 сарын 31-нд Хөдөө аж ахуйн банк тус тус байгуулагдаж байжээ. 1990 онд БНМАУ-ын Улсын банкны Ерөнхий хороо банкны хуулийн төслийг боловсруулах комисс байгуулав. Тус комиссын боловсруулсан Банкны үйл ажиллагааны тухай хуулийн төслийг БНМАУ-ын Улсын Бага Хурал 1991 оны 3 сарын 19-нөөс эхлэн хэлэлцэж төв банкийг “Төв банк” хэмээн нэрлэж оноосон нэр өгөх нь зүйтэй хэмээн үзэж “Монголбанк” гэж нэрлэхээр тогтож, удирдах бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч, Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч байна гэж зааж өгсөн байна. Хууль батлагдах үед хуулийн нэрийг БМАУ-ын банкны тухай хууль болгон 1991 оны 4 сарын 4-нд баталж мөн оны 5 сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн байна. Тус хуулинд БНМАУ-ын банкны хуульд “БНМАУ дахь банкны тогтолцоо нь БНМАУ-ын Төв банк, арилжааны банкнаас бүрдэнэ” хэмээн хуулчилж, мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий эмиссийн банк нь БНМАУ-ын Төв банк байхаар тусгажээ. БНМАУ-д хувь нийлүүлсэн, хязгаарлагдмал хариуцлагатай, гадаадын хөрөнгийн оролцоотой төрийн ба хувийн арилжааны банк байгуулах түүний сацуу гадаадын банк, түүний салбар үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрчээ. Мөн Монголбанк нь хуульд заасны дагуу зохицуулах, хянан шалгах үүргээ хэрэгжүүлэхдээ арилжааны банкны бие даасан байдлыг алдагдуулахгүй байх зарчим баримтална хэмээн хуульд заажээ. Ийнхүү төв болон арилжааны хэмээх хоёр шатлалттай банкны системийн эрх үндэс тавигдсан байна. Ингэснээр Монголбанк хэмээн нэрлэгдсэн Төв банк нь Улсын банкны гүйцэтгэж байсан зээл олгох, мөнгөн хадгаламж хуримтлуулах, гадаад тооцоо гүйцэтгэх зэрэг банкны олон үйл ажиллагааны чиглэлүүдээ арилжааны банкуудад шилжүүлж, Төв банк зөвхөн арилжааны банкуудтай харилцдаг олон улсын жишигт нийцүүлсэн тогтолцоотой болжээ.
2. Монголбанкны үе үеийн удирдлагууд
2.1 В.И.Комар /1924-1931/
Д.И.Микилман /1924-1931/
Н.И.Дойчман /1924-1931/
С.Довчин /1931-1939/
Ю.Цэдэнбал /1939-1940/
Т.Балдан /1940-1955/
Г.Балжид /1955-1960/
Л.Лхамсүрэн /1960-1965/
П.Төмөр /1965-1975/
Д.Данзан /1975-1981/
Г.Хүдэрчулуун /1981-1991/
Н.Жаргалсайхан /1991-1992/
Д.Моломжамц /1992-1996/
Ж.Үнэнбат /1996-2000/
О.Чулуунбат /2000-2006/
А.Батсүх /2006-2009/
Л.Пүрэвдорж /2009-2012/
Н.Золжаргал /2012-2016/
Н.Баяртсайхан /2016-2019/
Б.Лхагвасүрэн /2019 одоог/
2.2 Тэргүүн Дэд Ерөнхийлөгч нар
Ж.Үнэнбат: 1996
О.Чулуунбат: 2000
А.Батсүх: 2000-2006
Б.Энххуяг: 2006-2010
Б.Жавхлан: 2010-2015
О.Эрдэмбилэг 2016-2020
Г.Дөлгөөн 2020
2.3 Дэд Ерөнхийлөгч нар
Н. Янзай 1991-1996
М.Болд 1996-2000
Д.Энхжаргал 2007-2010
Н.Золжаргал 2010-2012
Э.Батушгар 2012-2016
Б.Лхагвасүрэн 2016-2019
Г.Энхтайван 2020
3. Бүтэц, зохион байгуулалт
Монголбанк/Төвбанк/-ны тухай хуульд заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгч нь Монголбанкны бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн санг тогтоох, ажилтныг ажилд томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй.
Монголбанк нь удирдлага /Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч/, 12 газар, 1 төв, 3 бие даасан алба, 1 төлөөлөгчийн газар, 1 хүрээлэн, аймаг орон нутаг дахь 5 хэлтэс, 12 салбартайгаар төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, арилжааны банкуудын үйл ажиллагааг хянан чиглүүлж байна.
Тамгын газар:
Тамгын газар нь Төв банк(Монголбанк)-ны газар(хэлтэс, алба)-ын болон салбар, төлөөлөгчийн газрын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, банкны тухай хууль тогтоомжийг биелүүлэх, боловсронгуй болгох улмаар санхүү, банкны системийн тогтвортой байдлыг хангах, эрх зүйн орчинг бүрдүүлэх, Монголбанкны хөдөлмөрийн дотоод журам, дотоод зохион байгуулалттай холбогдох журам, дүрмийг боловсруулж мөрдүүлэх, захиргаа, ажилтны хооронд үүсэх хөдөлмөрийн харьцаа болон ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, Монголбанкны системийн нэгдсэн орлого, зарлагын төсвийг нэгтгэх, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зохиох, батлуулах, гүйцэтгэлд хяналт тавих зэрэг үүрэгтэй.
Дотоод аудитын газар:
Төв банк(Монголбанк)-ны газар(хэлтэс, алба)-ын болон салбар, төлөөлөгчийн газрын өдөр тутмын үйл ажиллагаанд урьдчилсан болон дараалсан хяналт тавих, шалгалт хийх, болзошгүй үйл ажиллагааны эрсдэлийг хянан, тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх, тайлагнах ажлыг хариуцна.
Мөнгөний бодлогын газар:
Мөнгөний бодлогын газар нь Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, дотоодын үнийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн бодлогын гол төсөөллүүдийг боловсруулна.
Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар:
Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, гадаад валютын улсын нөөцийн удирдлага, дотоод захын үйл ажилагааг хэрэгжүүлэх, Монгол Улсын Эрдэнэсийн санг хууль тогтоомжид заасны дагуу баяжуулах, найдвартай бүрэн бүтэн байлгах, аюулгүй тасралтгүй ажиллагааг хангаж ажиллана.
Судалгаа, статистикийн газар:
Судалгаа, статистикийн газар нь Монголбанкны статистикийг боловсруулж олон нийтэд мэдээлэх, Монголбанкны бодлогын шийдвэрт дэмжлэг болохуйц эдийн засаг, санхүүгийн салбарын холбогдолтой судалгаа хийнэ.
Хяналт шалгалтын газар:
Хяналт шалгалтын газар нь банкны байгууллагын үйл ажиллагаанд тавих Монголбанкны хяналтыг хэрэгжүүлж, Банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, удирдлага, үйл ажиллагаанд нь тавих шаардлага, санхүү төлбөрийн чадварын зохистой харьцааг тогтоох замаар санхүүгийн системийн үйл ажиллагааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох бодлогыг боловсруулна.
Төлбөр тооцооны газар:
Төлбөр тооцооны газар нь санхүүгийн тогтвортой байдлын хангах, мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Үндэсний төлбөрийн системийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, системийн оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, төлбөр тооцооны найдвартай, тасралтгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй.
Тайлан бүртгэлийн газар:
Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэл болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гүйцэтгэж, санхүүгийн тайланг бэлтгэх, Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох, Засгийн газар, банкууд, Хадгаламжийн даатгалын корпорацийн төлбөр тооцоог гүйцэтгэдэг.
Мөнгөн тэмдэгтийн газар:
Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газар нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд заасан Улсын мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах Монголбанкны үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангаж ажиллана.
Хууль, эрх зүйн газар:
Банк санхүүгийн салбарын хууль эрх зүйн бодлогын саналыг боловсруулж, Монголбанкны үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
Мэдээллийн технологийн газар:
Монголбанкны мэдээллийн технологийн бодлого, чиглэлийг тодорхойлох, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, найдвартай ажиллагааг ханган ажиллах, банкны системийн мэдээллийн технологийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг эрхэлнэ.
Олон нийтийн боловсрол, мэдээллийн төв:
Олон нийтийн боловсрол, мэдээллийн төв нь Төв банк (Монголбанк)-ны үндсэн зорилтын хүрээнд мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах, олон нийтийн эдийн засгийн боловсролыг дээшлүүлэхэд оршино. Энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэхдээ гадаад болон дотоод мэдээллийн харилцаа холбоо, мэдээллийн урсгал, нэгдмэл байдал, давтамжийг тодорхойлж хэрэгжилтийг хангана.
Санхүүгийн мэдээллийн алба:
Монголбанкны дэргэд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хуулиар хүлээсэн чиг үүрэг бүхий Санхүүгийн мэдээллийн алба ажилладаг.
Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн:
Монгол Улсын хөгжлийн, эдийн засгийн болон санхүүгийн бодлогын шийдвэрт дэмжлэг болохуйц суурь судалгааны ажлуудыг өргөн хүрээнд хийж гүйцэтгэх, төрийн албан хаагчид болон санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан дунд ахисан түвшний сургалт явуулах үндсэн үүрэгтэй.
Эрсдэлийн удирдлагын алба:
Монголбанкны хэвийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, онцгой нөхцөл байдлын төлөвлөгөөний хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийх, Монголбанкны үйл ажиллагааны эрсдэлийг тооцон тогтоож сэргийлэх мөн гадаад валютын улсын нөөцийн дунд болон богино хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бүтэц болон бенчмаркийн санал боловсруулах, гүйцэтгэлд нь хяналт тавих, гадаад валютын улсын нөөцийн удирдлагатай холбоотой тайлан мэдээ боловсруулах, эрсдэлийн удирдлагыг сайжруулах талаар судалгаа шинжилгээ хийж, санал боловсруулна.
4. Мөнгөний бодлого
БНМАУ-ын үеийн эдийн засаг дахь үнийн тогтолцоо, мөнгөний систем нь үнийг тогтмол тогтоох зорилготой байсан бөгөөд санхүүжилтийн өртөг хэмжээг нэгдсэн төлөвлөгөөний дагуу шийдвэрлэж, жижиглэнгийн үнэ өөрчлөгддөггүй төрийн зохицуулалттай байв. Тухайн үеийн банкны тогтолцоог Улсын банк дангаараа бүрдүүлж байсан тул эдийн засаг дахь санхүүжилтүүд батлагдсан төлөвлөгөөний дагуу хийгдэж, нийт зээлийн 95 хувь орчим нь улсын үйлдвэрүүдэд олгогдож байлаа. Монгол Улс 1990 оноос эдийн засгийн реформ хийн чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр хоёр шатлалт банкны систем үүсч, арилжааны банкнууд эдийн засаг дахь санхүүгийн зуучлалыг зах зээлийн зарчмаар явуулдаг гол дэд бүтэц болон хөгжих замдаа орсон байна. Төв банк буюу Монголбанк зах зээлийн шинэ тогтолцоонд мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага болсноор эдийн засагт дунд урт хугацаанд үнийн тогтвортой байдлыг хангах орчин үеийн мөнгөний бодлогын хөгжлийн эхлэл тавигдсан юм.
Мөнгөний бодлогын үндсэн зорилт 1996 онд Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар батлагдсанаар Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин тодорхой болж, мөнгөний бодлогын үндсэн зорилтыг “Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдал” гэж зааж өгөв. Энэ нь үнийн тогтвортой байдал буюу инфляцыг тогтвортой нам доор түвшинд байлгахын зэрэгцээ төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тэнцвэрт түвшинд хэлбэлзэл багатай байлгах гэж тайлбарлагддаг. Иймд Монголбанк жил бүрийн төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг тусгасан баримт бичигтээ тухайн жилийн инфляцын зорилтот түвшнийг тусгадаг бөгөөд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан зарчмаар тогтооно гэж томъёолдог. Монгол Улсын хувьд төлбөрийн тэнцлийн хөрөнгийн данс нь нээлттэй буюу гадаад валютын орох гарах урсгалд ямар нэгэн хориг саад, хязгаарлалт тавьдаггүй. Жижиг, нээлттэй эдийн засгийн хувьд энэ тохиолдолд мөнгөний үр дүнтэй бодлого явуулж инфляцыг удирдахын тулд үндэсний мөнгөн тэмдэгтийн гадаад валюттай харьцах ханшийг уян хатан байлгах шаардлагатайг Мандел-Флемингийн“ Боломжгүйн гурвал”-ын онолоор [1] тайлбарлагддаг. Монголбанк мөнгөний бодлогын хүрээнд инфляцын тодорхой тоон зорилтыг тавьдаг ч ханшийг уян хатан байлгах зарчмыг баримталдаг цаад шалтгаан нь энэ болдог байна.
[1] Тус онол нь 1. Валютын ханшийг тогтмол байлгах 2. Инфляцыг удирдах үр дүнтэй мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх 3. Валютын орох гарах урсгалыг чөлөөтэй байлгах гэсэн зорилт зэрэг хэрэгжих боломжгүйг тайлбарладаг бөгөөд эдийн засгийн ухааны хамгийн нэрд гарсан онолуудын нэг юм.)
УИХ ТӨРИЙН МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛДОГ Хууль ёсоор төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг Монголбанк боловсруулж, УИХ хэлэлцэн баталдаг. Энэхүү бодлогын баримт бичиг нь эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан төлөвлөгддөг бөгөөд эдийн засгийг мөнгөний бодлогоор дамжуулан өсөлтийг хангаж, огцом хэлбэлзлээс сэргийлэхэд чиглэсэн байдаг.
Мөнгөний бодлогын арга хэрэгслүүд
Монголбанк хуулиар заасан үндсэн зорилтдоо хүрэхийн тулд “мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ” гэж Төв банкны тухай хуульд заасан бөгөөд, бодлого хэрэгжүүлэх хэрэгслүүдийг ч тодорхой тогтоож өгсөн байна. Мөнгөний бодлогын хэрэгслүүд нь Монголбанк санхүүгийн зах зээлтэй харилцах үндсэн арга хэлбэр болдог бөгөөд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, тухайн үеийн зах зээлийн хөгжлийн онцлогоос хамаараад аль хэрэгслийг хэрхэн ашиглахаа сонгосоор иржээ. Улсын Их Хурлаас батлан гаргадаг Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн дагуу Төв банк мөнгөний бодлого хэрэгжүүлэхдээ хуулиар заасан хэрэгслүүдээс бие даасан сонголт хийдэг бөгөөд энэхүү арга хэрэгслийн хараат бус байдал нь мөнгөний бодлогын зорилт илүү үр дүнтэй биелэх нөхцөлийг бүрдүүлдэг. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд нийцсэн банкны салбар үүсч эхэлж байсан эхний жилүүдэд Монголбанк мөнгөний бодлогын шууд хэрэгслүүдийг хэрэглэдэг байв. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллагад олгох зээлд хязгаарлалт хийх, зээлийн үлдэгдэлд хязгаар тогтоох, банкнуудын хадгаламжинд төлөх хүүний доод хязгаар тогтоох г.м. хэрэгслүүдийг ашиглаж байв. Энэ нь нэг талаас зах зээлийн тогтолцоонд шилжиж орсон эхний жилүүдэд мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гол дэд бүтэц болсон банкны системийн хөгжил сул байсантай холбоотой. Харин нөгөө талаар шилжилтийн үеийн огцом шокууд эдийн засагт үүсч байсан тул богино хугацаанд шууд үр дүнгээ өгөх эдгээр арга хэрэгслүүд илүү үр дүнтэй байв. Хэдийгээр шууд хэрэгслүүд нь банкнуудын актив пассивын удирдлага сайжрах, зах зээлийн систем тогтворжиход тодорхой үр дүнгээ өгч байсан боловч удаан хугацааны туршид захиргааны аргаар банкнуудын үйл ажиллагаанд нөлөөлөх нь банк санхүүгийн эрүүл бус тогтолцоог бүрдүүлэх, банкнуудын төлбөрийн чадварт сөрөг нөлөө үзүүлэх, санхүүгийн хөрөнгө хүүгээр дамжин үр ашигтай хуваарилагдахад саад болж улмаар банк санхүүгийн зуучлал, мөнгөний бодлогын үр дүнд сөргөөр нөлөөлөх хандлага ажиглагдаж байлаа. Иймд Монголбанк 1997 оноос зах зээлийн механизмд илүү тулгуурласан шууд бус хэрэгслүүдийг түлхүү хэрэглэх чиг хандлагад орж, банкнуудын олгох зээлийн хязгаар, банкнуудын хадгаламжийн хүүний доод түвшин дээр зохицуулалт хэрэглэгдэхээ больсон бөгөөд Заавал байлгах нөөц болон Төв банкны үнэт цаас мөнгөний бодлогын гол хэрэгсэл болжээ. Улмаар 2007 онд нэвтрүүлсэн Төв банкны 7 хоногийн хугацаатай үнэт цаасны хүүг Бодлогын хүү болгон хэрэглэсэн нь орчин үеийн Төв банкны мөнгөний бодлого явуулах чиглэлд чухал дэвшил болов. Бодлогын хүү нь санхүүгийн зах зээл дээрх хөтөч хүүгийн үүргийг гүйцэтгэж, өгөөжийн муруйн эхлэлийн цэг болсон бөгөөд, зах зээл дээрх нөөцийг удирдах чухал арга хэрэгсэл болсон юм. Энэ нь тэгш бус хэмт хүүний коридорын хэлбэр байсан бөгөөд 2013 оноос тэгш хэмт хүүний коридорын тогтолцоог нэвтрүүлжээ. Хүүний коридор нь мөнгөний бодлогын шилжих механизмыг сайжруулж, бодлогын хүүний нөлөөллийг дээшлүүлэх чухал алхам байв. Ингэснээр санхүүгийн зах зээл дээр арилжааны банкнууд өөр хоорондоо санхүүжилт өгч авалцах хүү буюу банк хоорондын захын хүү Монголбанкны бодлогын хүүг даган, тогтоосон хүүний коридор дотор хэлбэлздэг болсон. Эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдлаас хамааран Монголбанк бодлогын хүүг өөрчлөхөөс гадна, хүүний коридорын өргөн болон тэгш хэмт байдлыг өөрчлөх замаар мөнгөний бодлогын нөлөөллийг илүү үр дүнтэй болгох боломж нэмэгдсэн юм. 2018 оны нэгдүгээр сард Төв банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсноор Монголбанк макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн, Монгол Улсад макро зохистой бодлогыг нэвтрүүлэх стратеги батлагдсанаар мөнгөний бодлогын нөлөөллийг дээшлүүлэх, санхүүгийн системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх, санхүүгийн тогтвортой байдал болон макро тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэрэгслүүдийг ашиглах ерөнхий зарчмууд тодорхой болоод байна.
Мөнгөний бодлогын хүрээ Монголбанк хуулиар ногдсон үндсэн зорилтоо биелүүлэхийн тулд мөнгөний бодлогын арга хэрэгслүүдээ ашиглан хүрэх үйл ажиллагааны зорилт, завсрын зорилтуудыг тавьж ирсэн бөгөөд эдгээр нь тухайн цаг үеийн санхүүгийн зах зээлийн хөгжлөөс хамаараад хувьссаар иржээ. Тухайлбал, санхүүгийн зуучлалын хөгжил сул, санхүүгийн бусад байгууллага гүйцэд хөгжөөгүй 1990-ээд оны дунд үеэс эхлэн мөнгөний нийлүүлэлтийг завсрын зорилт болгон инфляцыг бууруулах мөнгөний бодлого хэрэгжүүлэхдээ нөөц мөнгийг бодлогын үйл ажиллагааны зорилтоор сонгон ажилласан байдаг. Гэвч 2000-аад оны дунд үеэс эхлэн санхүүгийн зах зээлийн хөгжил, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний шинэчлэл, банкны бус санхүүгийн салбарын хөгжил, гадаад санхүүжилтийн эх үүсвэрийн боломж, төсвийн бодлогын нөлөө эрчимтэй нэмэгдэж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт явагдаж, санхүүгийн хэрэглэгчдийн зан төлөв өөрчлөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор мөнгөний үржүүлэгч тогтворгүй болж эхэлсэн. Улмаар аль нэг үзүүлэлтийг мөнгөний бодлогын завсрын зорилт болгон сонгох боломжийг хязгаарлах болов. Мөнгөний агрегатуудыг онилох энэхүү бодлогын үр нөлөө ийнхүү буурсан тул Монголбанк инфляцыг онилох (Inflation targeting) мөнгөний бодлогын шинэ загварт шилжих ажлыг эхлүүлэн 2007 онд анх удаа мөнгөний бодлогын хүүг зах зээлд нэвтрүүлж ашиглах болов. Ингэснээр банк хоорондын захын хүүд нөлөөлөх, улмаар эдийн засаг дахь эх үүсвэрийн зардлууд, санхүүжилтийн өртөгт нөлөөлснөөр эдийн засгийн идэвхжилд эрэлт талаас нь нөлөөлж, эцсийн дүндээ үнийн тогтвортой байдлыг хангах бодлогын үндэс суурийг бүрдүүлэх эхлэл байв. Монголбанк 2012 оны сүүл үеэс эхлэн эдийн засгийг дэмжих зорилгоор уламжлалт бус мөнгөний бодлогын хүрээнд зах зээлийн өртгөөс хямд санхүүжилтүүдийг эдийн засгийн тодорхой салбаруудад нийлүүлэх бодлого хэрэгжүүлсэн нü төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлж, зах зээл дээр гажуудал үүсгэх, бодлогын хүүний үр нөлөөг сулруулах сөрөг нөлөөтэй байсан тул энэ бодлогоос аажмаар гарч, урт хугацаанд үнийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор инфляцыг онилох бодлогыг хэрэгжүүлэх стратегийг үндсэн чиглэлээ болгож байна. Дунд хугацаанд инфляцыг онилох мөнгөний бодлогын хүрээнд Төсөөлөл, бодлогын шинжилгээний систем (Forecasting and Policy Analysis System)-ийг нэвтрүүлэх ажил 2013 оноос эхэлсэн. Уг тогтолцоо нь Шинэ Зеланд, Канад, Чех зэрэг олон улс оронд амжилттай хэрэгжсэн бөгөөд дунд хугацааны инфляцын хүлээлтийг тогтворжуулах, цаг хугацааны нийцгүй байдлыг шийдвэрлэж мөнгөний бодлогод итгэх итгэлийг нэмэгдүүлэх, инфляцын түвшин төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж, бодлогын зардлыг бууруулахад үр дүнтэй арга байв. 2016 оноос шинжилгээний системийг боловсронгуй болгох чиглэлээр мөнгөний бодлогын шийдвэрийн үндэслэл болдог тоон мэдээлэл цуглуулалт болон тооцоо судалгааны аргачлалуудын хөгжүүлэлт, бодлогын нээлттэй ил тод байдал, олон нийттэй харилцах харилцааг сайжруулах алхмууд эрчимтэй хийгдэж байна. Түүнчлэн, 2018 онд Төв банкны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт орсноор Монголбанкны хараат бус байдлыг дээшлүүлэх, сайн çасаглалын тогтолцоог нэвтрүүлж мөнгөний бодлогын шийдвэр хамтын зарчмаар гарах хууль эрх зүйн орчин бүрдсэн нь инфляцыг онилох мөнгөний бодлогын үр дүнтэй байдлыг дээшлүүлэхэд чухал алхмууд болоод байна.
| ХЭРЭГСЛҮҮД | СОЦИАЛИЗМЫН ҮЕ | ШИЛЖИЛТИЙН ЭХЭН ҮЕ | ЗАХ ЗЭЭЛИЙН ҮЕ |
| А. Шууд арга хэрэгслүүд | |||
| 1. Захиргаадалтын зээл | 1991 он хүртэл ашигласан. | Зарим сектор болон шатахууны импортод бага хүүтэй олгосон. | 1994 оны дунд үед зогсоосон. |
|
|
1991 оны нэгдүгээр сараас банк тус бүрээр зээлийн лимит тогтоож тавдугаар сард зогсоосон. 1992 оны сүүлээр дахин эхлүүлсэн. | ||
|
|
1991 оны наймдугаар сард хадгаламжийн хүүг чөлөөтэй болгосон. Хадгаламжийн хамгийн бага хүүг 1992 оны сүүлээр тогтоосон. 1996 оны есдүгээр сараас эхлэн хадгаламжийн хүүний доод хязгаарыг тогтоохоо больсон. | ||
| В. Шууд бус арга хэрэгслүүд | |||
| 1. Заавал байлгах нөөц | 1991 оны наймдугаар сард аж ахуйн нэгж, байгууллагын харилцахад 20%, иргэдийн хугацаагүй хадгаламжид 15%, хугацаатай хадгаламжид 5%. | ||
| 2. Дахин санхүүжилтийн болон барьцаат зээл | 1995 оны гуравдугаар сараас зах зээлийн хүүг баримтлан олгож эхэлсэн. | ||
| 3. Төв банкны үнэт цаас | 1993 оны 11 дүгээр сард нэвтрүүлсэн. | ||
| 4. Овернайт зээл | 2001 онд нэвтрүүлсэн. | ||
| 5. Репо хэлцэл | 2001 онд нэвтрүүлсэн. | ||
| 6. Хүүний коридор | 2013 оны хоёрдугаар сард нэвтрүүлсэн. | ||
| 7. Өр/Орлогын харьцаа | 2013 онд нэвтрүүлсэн. | ||
| 8. Зээл/Үнэлгээний харьцаа | 2013 онд нэвтрүүлсэн. | ||
| 9. Макро зохистой бодлогын арга хэрэгслүүд | 2018 онд Төв банкны хуулинд нэмэлт, өөрчлөлтөөр орсон. | ||
5. Төлбөрийн систем
Монголбанк системийн хэмжээнд электрон шугам сүлжээг ашиглаж банк хоорондын клирингийн тооцоонд оролцогч талуудын үйл ажиллагаанд давхар хяналтын механизм бий болгох, банк хоорондын зээлийн эрсдэлийг Монголбанк хариуцахгүй байх зарчмын өөрчлөлт хийв. 1993 онд төлбөр тооцооны системийн талаарх ерөнхий бодлого, чиглэлийг тодорхойлж байх үүрэг бүхий “Үндэсний төлбөр зохицуулах зөвлөл”-ийг байгуулав. 1995 онд “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль” батлагдсанаар бэлэн бус төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэл, аккредитив, чек, вексель, төлбөрийн карт болон төлбөрийн бусад баримтаар гүйцэтгэх болов. 1996 онд цахим клирингийн тооцоог нийслэлийн хэмжээнд мөрдөж эхлэн 1997 онд банк хоорондын цахим клирингээр дамжуулж хийх гүйлгээний ажлын цар хүрээг тэлж банк хоорондын гүйлгээг өдөрт хоёр удаа хүлээн авч, хуваарилах системд шилжин, Монголбанкны нэгдсэн цахим сүлжээнд арилжааны бүх банкны төвийг холбосон байна. 1997 онд Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн системд мэдээллийн технологийн давуу талд суурилсан шинэ программ хангамж SWIFT (Society for Worldwide Interbank Financial Telecommunications) ашиглах болов. Банк хоорондын тооцоонд багц файлын хэлбэрийг нэвтрүүлснээр баримтаар буюу цаасаар хийдэг банк хоорондын төлбөр тооцооны ажиллагааг халж, Төв банкан дахь банкнуудын харилцах дансаар дамжуулан банк хоорондын төлбөр тооцоог гүйцэтгэх болсон нü төлбөрийн системийн хөгжилд шинэлэг алхам болсон байна. Банк хоорондын клирингийн тооцооны журмыг шинэчлэн 1999 оны дөрөвдүгээр сараас мөрдүүлсний үр дүнд банк хоорондын тооцооны гүйлгээ Монголбанк болон банкнуудын салбараар бус зөвхөн банкны төвүүдээр дамжин хийгдэх болов. Энэ нь арилжааны банк мөнгөний урсгалаа хянах, түүнийг үнэн зөв тооцоолох боломжийг олгосны сацуу орон нутагт саатаж буй гүйлгээ бүртгэл хяналттай болж, эх үүсвэргүй зээл олгох зэрэг дутагдлыг таслан зогсооход чухал түлхэц болжээ. “Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн журам”-ыг 2004 онд дахин шинэчилсэн байна. Төлбөр тооцооны системийг шинэчлэх ажлын хүрээнд 2005 онд Төлбөр тооцооны төв (одоогийн Үндэсний цахим гүйлгээний төв)-ийг байгуулж, банкнуудын төв болон Сангийн яамны Төрийн сангийн газар, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийг санхүүгийн дундын сүлжээнд холбож, улмаар эдгээр оролцогчид өөрсдийн төлбөр тооцоог бодит цагийн горимоор дамжуулж, хянах боломж бий болсон. Монголбанк нь “Банк хоорондын их дүнтэй төлбөр тооцооны журам”, “Банк хоорондын бага дүнтэй төлбөр тооцооны журам”-ыг тус тус батлан гаргав. Ингэснээр банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог бодит цагийн горимд гүйцэтгэх “Банк сүлжээ систем”-ийг 2009 онд нэвтрүүлэв. Энэ нь их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоог боловсруулах хугацааг багасгах, гүйлгээ дамжуулах бүх шатанд төлбөрийн мэдээлэл бүрэн байх, нууцлал аюулгүй байдлыг хангах, харилцах дансны үлдэгдлийг бодит цагийн горимоор хүлээн авах боломжийг төлбөрийн системийн нийт оролцогчдод олгосноор банкнуудын эх үүсвэрийн үр ашгийг нэмэгдүүлэх, төлбөрийн үл буцаагдах байдлыг хангах чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон. Монголбанк банк хоорондын бага дүнтэй гүйлгээг 2014 оны тавдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 24/7 бодит цагийн горимоор дамжуулдаг болсноор гүйлгээ хийгдсэнээс хойш хүлээлт үүсэхгүй тухайн мөчид хүлээн авагчийн дансанд ордог болж банк, санхүүгийн үйлчилгээ харилцагчид илүү хялбар, шуурхай болж, бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээ өсөн, иргэдийн банêинд итгэх итгэл нэмэгдсэн байна. Ийнхүү банк хоорондын тооцоогоор хийгдэх гүйлгээ нь нийт дүнгээрээ жилээс жилд өссөөр байна. Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийг 2011 онд “Банк сүлжээ систем”-д холбосноор төлбөрийн системээр зөвхөн банк хоорондын бус, үнэт цаасны байгууллагын төлбөр тооцоог дамжуулах боломжтой болов. Олон улсын төлбөр тооцооны банкны Төлбөр тооцооны хороо, Үнэт цаасны хорооны олон улсын байгууллагын зөвлөлтэй хамтран “Төв банкнаас төлбөрийн системийн талаар баримтлах бодлого” журмыг 2012 онд шинэчлэн гаргажээ. 1999 онд Голомт банк “Mastercard International” компанийн гишүүн болж Мастер картыг гаргаснаар олон улсын төлбөрийн картын сүлжээнд холбогдох эхлэл тавигдав. Ингэснээр бэлэн бус төлбөр тооцооны хэрэгсэл болох төлбөрийн картын үйлчилгээ Монгол Улсад нэвтэрсэн юм. Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төв нь бүх карт гаргагч банктай хамтран “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-г 2010 онд байгуулж, тухайн банкны карт эзэмшигч аль ч банкаар үйлчлүүлэх боломжийг нээж, төлбөрийн картын үйлчилгээг 24 цагаар тасралтгүй үзүүлэх болжээ.
5.1 ТӨЛБӨРИЙН КАРТ
2017 он гэхэд төлбөрийн картын үйл ажиллагаа эрхэлж буй бүх үндсэн гишүүн, дэд гишүүн 13 банк тус сүлжээнд нэгджээ. Эдгээр банк нь Виза, Мастер, Юнион Пэй, Амэкс, ₮ карт гэсэн таван төрлийн картыг өөрийн нэрийн өмнөөс гаргажээ. Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг бэлгэдэн нэрлэсэн үндэсний брэнд ₮ картыг банкнуудтай хамтран гаргах ажлыг амжилттай зохион байгуулж, 2012 онд нийтийн хүртээл болгосноор 2020 оны 1-р улирлын эцсийн байдлаар 3.7 сая ширхэгт хүрээд байна. 2017 оноос арилжааны банкнууд худалдааны цэгүүдэд карт уншигч машиныг үнэ төлбөргүйгээр суурилуулж эхлэв. Картын төлбөр тооцоонд POS (Point of Sale буþу үйлчилгээний байгууллагад байршуулсан карт уншиж, гүйлгээ хийх хэрэгсэл), POB (Point of Banking буþу банк, түүний салбар нэгжид байршуулсан карт уншиж, гүйлгээ хийдэг хэрэгсэл), АТМ (Automated Teller machine буþу бэлэн мөнгөний машин) гэсэн ангиллын төхөөрөмжийг ашиглаж байна. Эдгээр төхөөрөмжийг ашиглан гүйлгээ хийж байгаа нь банк, санхүүгийн үйлчилгээг илүү хялбар, найдвартай, шуурхай болгож, үйлчилгээнд шинэ соёлыг сан билээ.
5.2 ЦАХИМ БАНК
Банкны харилцах, хадгаламжийн эсвэл картын дансаа Интернэт банкны үйлчилгээнд холбуулснаар дэлхийн хаанаас ч хүссэн цагтаа интернэт ашиглан банкны үйлчилгээг авах боломж бүхий нууцлал, хамгаалалтын өндөр систем бүхий үйлчилгээ юм.
5.3 SWIFT
1973 онд байгуулагдсан SWIFT нь мэдээллийн аюулгүй байдлыг хангасан санхүү, төлбөр тооцооны мэдээ, мэдээлэл дамжуулах үйлчилгээ эрхэлдэг дэлхийн тэргүүлэгч хувьцаат компани юм. Уг сүлжээ нь техник технологи, программ хангамжийн өөрчлөлт, шинэчлэлтийг тогтмол хийж аюулгүй найдвартай байдлаараа эрс ялгардаг. SWIFT сүлжээний мэдээллийн платформ, бүтээгдэхүүн болон үйлчилгээнд нь 200 гаруй улс орны 11 000 гаруй банк, үнэт цаасны байгууллага, зах зээлийн дэд бүтэц, хувь нийлүүлсэн хэрэглэгчид холбогдож байна. SWIFT нь хэрэглэгчдийнхээ сан хөрөнгө, дансны гүйлгээний үйл ажиллагаанд оролцдоггүй.
6. Гадаад харилцаа
Монгол Улсын Засгийн Газар Олон Улсын Валютын Сан (ОУВС) -ийн тусламж дэмжлэгтэйгээр Монголбанктай хамтран 1991 оноос «Стэнд-бай» хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хадгаламжийн хүүг нэмэгдүүлэх, арилжааны банкнуудад зээлийн хязгаар тогтоох замаар мөнгөний хатуу бодлого явуулав. Татварын системд өөрчлөлт оруулж төсвийн бодлогыг хумьж байлаа. 1993 оноос дараагийн шат болох “Бүтцийг эрчимжүүлэн зохицуулах хөтөлбөр”-ийг (ESAF) хоёр үе шаттай хэрэгжүүлж, улмаар 2001 онд Ядуурлыг бууруулах хөтөлбөр, 2009 онд “Стэнд-бай хөтөлбөр”-ийг дахин хэрэгжүүлэх шаардлага гарсан бол 2017 оноос “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлэв. Монголбанкны хувьд инфляцыг нам тогтвортой түвшинд хадгалах мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, Төв банкны засаглалыг сайжруулах, валютын ханш макро эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцтэй уян хатан тогтох, төсвийн шинж чанартай хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх зэрэг бодлогын арга хэмжээг авч ажиллах болов. 2000 онд Монгол Улс Европын сэргээн босголт хөгжлийн банкны гишүүнээр элсэн орж манай орны санхүүгийн сектор, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, томоохон аж ахуйн нэгжүүдэд бүтцийн өөрчлөлт хийх, үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх, хариуцлагатай уул уурхайг дэмжих зэргээр төсөл хөтөлбөрт мөн хамтран оролцож байна. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд ажилладаг бас нэгэн томоохон байгууллага бол Азийн хөгжлийн банк юм. Монголд ядуурлыг бууруулах дунд хугацааны (2000-2005) стратегийг боловсруулж, 1999 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн Газар баталж байв. Энэхүү стратегийн зорилго нь эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулахад хувийн хэвшлийнхний үүрэг оролцоог нэмэгдүүлэх болон засаглалыг сайжруулах механизмыг бий болгоход чиглэгдэж, холбогдох төслийг хэрэгжүүлж байна. Ингэж дэлхийн санхүүгийн томоохон байгууллагуудын дэмжлэг туслалцаатайгаар шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулсаар ирэв. Монголбанкны гадаад харилцааны бодлогын нэг чухал хэсэг бол мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох болон гадаад улс орнуудын Төв банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх явдал юм. 1982 онд байгуулагдсан банк, мөнгөний бодлого тодорхойлох байгууллагуудыг хооронд нь холбох, бүсийн эдийн засаг болон санхүүгийн системийн мэдээлэл солилцох, сургалт, судалгаа явуулах зорилгоор 1999 онд Зүүн өмнөд Азийн Төв банкнуудын холбоонд гишүүнээр элсэж,
холбооны томоохон хурал зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгуулж байв. Монгол Улс тус байгууллагад элссэн эхний жилд БНХАУ-ын Төв банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж эхэлснээр хоёр орны хооронд төлбөр тооцооны систем бий болж, СВОП хэлцэл хийгдлээ. Тэрчлэн 2004 оноос хоёр орны Төв болон арилжааны банкнуудыг хамарсан 7 удаагийн дугуй ширээний уулзалт болжээ. Улмаар 2008 онд ОХУ-ын Төв банктай хяналт шалгалтын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулав. Мөн онд Монголбанк “гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгийг хуулü ёсны болгох (мөнгө угаах) үйл ажиллагаатай тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх” зорилго бүхий хамтын ажиллагааны гэрээг ОХУ-ын Санхүүгийн хяналтын албатай байгуулжээ. 2015 оноос дугуй ширээний уулзалтыг хоёр талын арилжааны банкнуудтай хамтран хоёр жил дараалан зохион байгуулаад байна. Түүнчлэн бүс нутгийн санхүүгийн байгууллагын гишүүнчлэлээр Азийн Төв банкнуудтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж тухайн бүс нутгийн санхүүгийн интеграчилалд түлхүү анхааран, БНХАУ, Япон, ХБНГУ, Английн Төв банкнуудтай тогтоосон хоёр талын харилцааг цаашид дэлгэрүүлэн ажиллахад бүх түвшинд хамтран ажиллаж байна.
6.1 Он цагийн товчоон:
2001: Вьетнамын Төрийн банктай худалдаа, эдийн засгийн харилцааг дэмжих, санхүү, банкны салбарын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав.
2004: Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Ази Номхон далайн орнуудын зөвлөлд гишүүнээр элсэв.
2005: Люксембүргийн Засгийн газрын тэтгэмжээр Монголын банкны ажилтнуудыг Люксембүргт сургах боломж бүрдэв.
2008: Шинэ мөнгөн тэмдэгтийг хэвлүүлэхээр Их Британийн Делару, Германы Гийзеке Девриент, алт цэвэршүүлэлтийг Германы Коммерц банкинд гүйцэтгэж, дурсгалын алт, мөнгөн зоос үйлдвэрлэх ажлыг Лихтенштайны Коин Инвест компанитай хамтарч зохион байгуулав.
2011: Камбожийн вант улсын Төв банкны Ерөнхийлөгч айлчлав.
2012: БНСУ-ын Активын удирдлагын корпорацитай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
2013: Сангийн яам, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай “Дотоодын валютаар зээл олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурав.
2014: Хятадын Ардын банктай үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох СВОП хэлцлийн хэмжээг 15 тэрбум юань болгож нэмэгдүүлэв.
2015: “Санхүүгийн салбарын активын удирдлагын бүтцийг төрөлжүүлэх, хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах” сэдэвт форумыг Улаанбаатарт зохион байгуулав.
2017: БНСУ-ын Төв банкны “Мэдлэг түншлэлийн хөтөлбөр”ийн хүрээнд “Монгол Улсын гадаад валютын захын тогтолцоо, дэд бүтцийг хөгжүүлэх нь” сэдвээр хамтарсан судалгаа боловсруулав.
2018: Олон улсын төлбөр тооцооны банканд гишүүнээр элсэх нөхцөлийг бүрдүүлэв.
2019:Хятад Монголын банк, санхүүгийн хамтын ажиллагааны 8 дахь удаагийн дугуй ширээний уулзалтыг Шанхай хотноо зохион байгуулав.
7. Монгол Улсын Эрдэнэсийн сан
Монголын Худалдаа аж үйлдвэрийн банк үйл ажиллагаагаа эхэлсэн анхны өдрөөс БНМАУын эрдэнэсийн нөөцийг бүрдүүлэх үйл хэрэг эхэлсэн ажээ.
1983 онд БНМАУ-ын СнЗ-ийн 101 дүгээр тогтоолоор Улсын банкны Ерөнхий хороонд “Үнэт зүйлс, эрдэнэсийн сангийн улсын бонд”-ыг байгуулсан байна. Энэ үеэс Эрдэнэсийн сан Улсын төв банкны мэдэлд харъяалагдах болсон. 1992 оноос “Эрдэнэсийн сангийн дүрэм”-ийг боловсруулан мөрдөж байсан бөгөөд тусгай хуулиар зохицуулах зайлшгүй шаардлага гарчээ. 1994 оны 11 дүгээр сарын 17-нд УИХ “Эрдэнэсийн сангийн тухай хууль”-ийг хэлэлцэн баталж, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн халдашгүй байдлыг нь баталгаажуулсан байна. Хуульд “Эрдэнэсийн сан” гэж төрийн нэрийн өмнөөс Монголбанк эрхлэн хуримтлуулж, хадгалж, хамгаалж, хэрэглэж байгаа эрдэнэсийн хуримтлалыг хэлнэ гэж заасан. Харин “Эрдэнэс” гэдэг нь түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн, түүх дурсгалт зүйл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлэх аж. Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг эрхлэх бүрэн эрхийг Улсын Их хурал, Засгийн газар, Монголбанк хүлээж байна. Эрдэнэсийн сан нь Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт эд өлгийн çүйлсийг хадгалж, хамгаалах түүнийг нэмэгдүүлэх, дотоодын алт үйлдвэрлэгчдээс алт худалдан авч гадаадад цэвэршүүлэн, Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх онцгой үүрэгтэй. Энэхүү үүргийн дагуу содон хэлбэр, дүрстэй байгалийн төрц алт, археологийн олдвор, Монгол Улсын хосгүй үнэт дурсгалт зүйл, сэлэм Монгол Улсын түүх, соёлын бүтээлүүдээр сан хөмрөгөө баяжуулж иржээ.
7.1 Эрдэнэсийн сангийн үзвэр
2004 онд Монгол Улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний 80 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэсийн сангийн хоёр танхим бүхий үзмэрийг нээсэн нь Эрдэнэсийн санд хадгалагдаж буй түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлсийн дээжээс иргэдэд дэлгэн үзүүлэх боломж нээгдсэн юм. Үүнээс хойш археологийн олдвор, Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт çүйлсээс бүрдсэн “Эрдэнэсийн танхим”, 1921 оноос хойш үйлдвэрлэсэн Монгол Улсын мөнгөн тэмдэгт, дурсгалын зоосоос бүрдсэн “Мөнгөн тэмдэгтийн танхим”-тайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 2017 онд үзмэрийг дахин шинэчлэн дэглэж, сан хөмрөгтөө хадгалж байсан дурсгалуудаасаа баяжуулан танхим дахь үзмэрүүдээ баялаг болгожээ. Монголбанкны дэргэд Монгол Улсын Эрдэнэсийн сан ийнхүү үзмэрээ нээснээс хойш Монгол Улсын банкны салбарын 90 жилийн түүхт ойг тохиолдуулан “Зоос, мөнгөн тэмдэгт” үзэсгэлэнг зохион байгуулан Эрдэнэсийн сангаас 60 орчим үзмэрийг танилцуулж байв. Удаах үзэсгэлэнгээ Үндэсний түүхийн музейд 2018 онд “Олон улсын музейн өдөр”-ийг угтан “Монголчуудын төлбөрийн хэрэгсэл – Эртнээс эдүгээ” нэртэйгээр зохион байгуулав. Тус үзэсгэлэн нь эртний төрт улсаас өдгөөг хүртлэх монголчуудын зоос мөнгөн тэмдэгт хэрэглэж ирсэн соёлыг харуулсан 1 000 гаруй үзмэрээс бүрдсэн бөгөөд анх гаргаж байсан үзэсгэлэнгээс илүү өргөн хүрээг хамарсан байна. 2004 онд Эрдэнэсийн сангийн сан хөмрөгөөс танилцуулах, эд зүйлсийг нь бүртгэлжлүүлэх цаашлаад эрдэмтэн судлаачид, оюутан, залууст судлагдахуун болохуйц “Эрдэнэсийн сангийн үнэт зүйлсээс” ном гаргаж, улмаар 2018 онд Монгол Улсын Эрдэнэсийн сан номыг хэвлүүлсэн нь Монгол Улсын Эрдэнэсийн сангийн томоохон бүтээлийн нэг болсон юм.
“Эрдэнэсийн сангийн үзмэр”-ийг үзэж сонирхох иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хүсэлтээ энд дарж илгээх бөгөөд үзмэрийг үзэх цагаа ажлын өдрүүдэд товлох боломжтой.
7.2 Дурсгалын зоос
Монгол Улсыг дэлхийн дахинд сурталчлах, дэлхийн түүхт үйл явдлыг монголынхоо ард түмэнд таниулан мэдүүлэх зорилгын нэгэн арга хэлбэр нь дурсгалын зоос гаргах явдал юм. Монгол Улсын Эрдэнэсийн сан энэхүү үйл ажиллагааны хүрээнд анхны дурсгалын зоосыг 1971 онд гаргасан нь “БНМАУ 50 жил” алт мөнгөн зоос болно. Түүнээс хойш жил ирэх бүр дурсгалын зоосон дахь сэдэв агуулга тэлж, нэн ховордсон ан амьтад, олимпын тамирчид, Монгол Улсын их хаад, Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн цуврал болон бусад олон нэр төрөл бүхий зооснууд нэмэгдэж, ур хийц, технологийн хувьд сайжирч, олон улсын үзэсгэлэнд оролцон удаа дараа шагнал авах болжээ.
Франчайз зоос
Монголбанк нь Олон Улсад өндөр чанартай, нэр хүнд бүхий зоос үйлдвэрлэгч байгууллагуудтай хамтран ажилладаг. Монголбанкны бэлгэ тэмдэг бүхий дурсгалын зоос үйлдвэрлүүлэх эрхийг олгож сүүлийн үеийн техник технологийн хөгжил дэвшил, урлан бүтээгчдийн чадвартай уялдан, манай дурсгалын зоосны загвар, үзэмж нь жилээс жилд улам сайжирч, ур хийцийн хувьд дэлхийн түвшний хэмжээнд гардаг боллоо. Тухайлбал: 2007 оны ”Нохой зээх“ зоос 2009 онд ХБНГУ-ын Берлин хотод болсон дэлхийн үзэсгэлэнгээс “Оны шилдэг зоос”, 2012 оны “Уралын шар шувуу” зоос мөн онд ОХУ-ын Москва хотод болсон олон улсын дурсгалын зоосны уралдаанаас “Оны шилдэг зоос”, 2013 онд ХБНГУ-ын Берлин хотод болсон дэлхийн үзэсгэлэнгээс “Хамгийн алдартай зоос” шагнал тус тус хүртсэн байна.
8. Хэрэглэгчийн эрх ашиг
Манай Улс 2012 оны нэгдүгээр сард Сангийн яамнаас (СЯ) санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр Дэлхийн Банкны техникийн туслалцаа авах хүсэлт гаргасны дагуу тус банкнаас зөвлөмж өгөв. Тус зөвлөмжийн дагуу манай улсын санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль, эрх зүйн хүрээ нь нэгдмэл бус, тодорхойгүй тул салбарын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах дэлгэрэнгүй заалтуудыг нэмж тусгах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийн давхцлыг арилгахын тулд холбогдох бусад хуулийн үйлчлэх хүрээнээс санхүүгийн салбарыг хасах, Монголбанкны дотоод бүтцэд ерөнхий хяналт, зохицуулалтаас тусдаа хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах шинэ нэгж байгуулах мөн СЗХ-ны хяналт тавих чиг үүрэг бүхий газруудад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах баг бий болгох замаар МБ, СЗХ-ны хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүрэг, оролцоог бэхжүүлэх нь зүйтэй гэж тусгасан байдаг. Өнөөдөр Монгол Улсын санхүүгийн системийн 95.4 хувийг банкны салбар эцэлж байна. Банк, түүнд хамаарах үйл ажиллагаа Монголбанкны зохицуулалт, хяналтад байдаг. Тийм ч учраас банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар тодорхой заалт оруулж өгсөн. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор тус хуулийн 5 дугаар зүйл буюу Монголбанкны үйл ажиллагааны чиглэлд “Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэсэн заалт нэмэгдсэн бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн юм. 2016 оны гуравдугаар сард Монголбанк, Азийн хөгжлийн банкны (АХБ) хооронд Монгол Улсын Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих, санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах төсөлд дэмжлэг үзүүлэхээр, хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулж, 2016 оны 11 дүгээр сард Монголбанк болон Санxүүгийн зоxицуулах xороо (СЗХ), Сангийн яам (СЯ), Шударга өрсөлдөөн, xэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын төлөөлөл бүхий гарааны уулзалтаас гарсан саналууд дээр тулгуурлан цаашид Санxүүгийн xэрэглэгчийг xамгаалаx төслийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг гаргаж, төсөл хэрэгжүүлэгчээр Монголбанк ажиллажээ. Төсөл хэрэгжүүлэгч Азийн Хөгжлийн Банкнаас Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн болон зохицуулалтын өнөөгийн тогтолцоо ба түүнийг шинэчлэх талаарх зөвлөмжийн хүрээнд санхүүгийн хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх тогтолцоог зохицуулагч байгууллагууд болоод санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн дотоод бүтцэд бий болгохыг зөвлөсөн байна. Мөн санхүүгийн зохицуулагч байгууллага болон шүүх, засаглалын тогтолцооноос гадуур санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгчийн хооронд үүссэн аливаа маргааныг бие даасан хараат бус байдлаар, аль болох өртөг багатайгаар хурдан шуурхай шийдвэрлэхээр ажилладаг санхүүгийн байгууллагууд буюу омбудсманыг бий болгох, хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг манай улсад хэрэгжүүлж болохоор хөгжингүй болоод хөгжиж буй орнуудын олон практик зөвлөмжүүдийг өгсний дагуу Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах бие даасан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр зорьж эхлэв. Санхүүгийн тогтвортой байдалд банкны тогтолцооны тогтвортой байдал төдийгүй санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тогтолцоо чухал үүрэгтэйг олон улсад хүлээн зөвшөөрөх болсон өнөө үед санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах шинэ эрх зүйн орчинг бүрдүүлж, хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээг тэлэхэд тус салбарыг зохицуулах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах замаар санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах дэлгэрэнгүй заалтуудыг нэмж тусгах шаардлагатай байгаа юм. Цаашлаад Монгол Улсын хэмжээнд санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрхийг хамгаалах харилцааг зохицуулсан тусгайлсан хуультай болох нь зүйтэй байна гэж үзээд Монголбанкны Ерөнхийлөгчийн санаачилгаар Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад хуулийн хэрэгцээ шаардлагыг судлах судалгааны ажил хийгдэж байна.
9. Олон нийтийн санхүүгийн боловсрол
Дэлхийн банкнаас 2012 онд Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж буй байдал, иргэд олон нийтийн эдийн засаг, санхүүгийн боловсролыг олон улсын түвшинтэй харьцуулан судалгаа хийхэд хангалтгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Судалгаагаар монголчуудын дийлэнх нь хуримтлал болон хөрөнгө оруулалтын хамгийн үр өгөөжтэй шийдвэр гаргах, хууль ёсны эрхээ хамгаалуулахад шаардлагатай санхүүгийн үндсэн ойлголтын талаарх мэдлэг мэдээллээр дулимагхан байгаа нь дүгнэгджээ. Эндээс иргэд, үйлчлүүлэгчдийн санхүүгийн шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, мэдээллийг энгийн ойлгомжтой ил тод хүргэдэг, эрх нь зохих хэмжээнд хамгаалагдсан байх нь чухал гэж үзсэн байна. Иймд Монголбанк санаачлан Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам; Санхүүгийн зохицуулах хороо хамтран Дэлхийн банкны техник туслалцааны хүрээнд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг 2016 оноос эхлэн үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлжээ. Зургаан жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн “Бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-т санхүүгийн боловсрол олгох “Бизнес судлал” хичээл, их дээд сургуулиудад мэргэжил харгалзахгүйгээр үзэх “Хувь хүний санхүү” хичээлийг заахаар боловсруулж сурах бичиг, дасгал ажлын номоор хангав. Түүнчлэн орон нутгийн иргэдэд зориулсан санхүүгийн мэдлэг олгох шат дараалсан сургалт хийж төрөл бүрийн гарын авлагаар хангах болов. Сургалтаас иргэд мөнгөө хэрхэн удирдах, төсөв болон санхүүгийн төлөвлөлт, хадгаламж, зээл, хөрөнгө оруулалт, даатгал, тэтгэвэр, нийгмийн даатгал болон татварын талаарх ойлголт, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын талаарх мэдээлэл болон ханш гэх мэт иргэдэд санхүүгээ зөв удирдахад нь дэм болох мэдлэгүүдийг олж авдаг юм. Мөн энэхүү агуулгыг түгээх сургагч багш нарыг БСШУЯ-ны харъяа “Насан туршийн боловсролын үндэсний төв”, “Бичил санхүүгийн хөгжлийн сан”-тай хамтран бэлтгэв. Цахим орчинд www. sankhuugiinbolovsrol.mn вэбсайт, ухаалаг утаснаас “Төсөвчин” аппликейшн ашиглах боломжтой болгов. Манай улс олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоо амжилттай биелүүлэхийн тулд мэдлэгийг системтэй түгээхэд зорьж буй. Үүний тулд төрийн бодлого гол үүрэг гүйцэтгэх тул бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь туйлын чухал хэмээн үзэж буй. Үүний тулд бодлого тодорхойлогчид, боловсролын болоод төрийн бус байгууллагууд, хувийн секторын хамтын ажиллагаа өргөжсөөр байна.
10. Түүхэн товчоон
10.1 1924: Орос, Монголын хувь нийлүүлсэн Худалдаа аж үйлдвэрийн банк байгуулагдав.
10.2 1925: Үндэсний мөнгөн тэмдэгтийг Төгрөг байхаар тогтоожээ.
10.3 1926: Цагаан мөнгөн зоос гүйлгээнд анх удаа гаргав.
10.4 1932: Хугацаатай, эргэн төлөгдөх зээлийн зарчмыг анх нэвтрүүлснээр зээлийн барьцаа авч эхлэв.
10.5 1933: Хувийн аж ахуй нэгжид зээл анх удаа олгож эхлэв.
10.6 1934: Худалдаачин, малчин иргэдэд анх удаа зээл олгож эхлэв.
10.7 1940: Улсын төсвийн орлого, зарлага Худалдаа аж үйлдвэрийн банкаар дамжих болов.
10.8 1941: Урт хугацааны 2-4 жилийн хугацаатай зээл олгогдох болов.
10.9 1942: Худалдаа аж үйлдвэрийн банк аймгийн төвүүдэд үйл ажиллагаа явуулах салбар, хэлтэстэй болов.
10.10 1954: ЗХУ өөрийн хувь хөрөнгө, хувьцааг Монголын талд шилжүүлэн өгснөөр Худалдаа аж үйлдвэрийн банк нь Улсын банкны Ерөнхий хороо болж зохион байгуулагдав.
10.11 1956: Зээлийг эдийн засгийн агуулга, зорилгын түвшинд харгалзан үзэж, ангилж эхлэв.
10.12 1958: Социалист орнуудтай бэлэн валютын гэрээ байгуулах эрх авчээ.
10.13 1963: Монгол Улс олон талт бүртгэл, тооцооны системд шилжсэн байна.
10.14 1964: Улсын банкны Ерөнхий хорооны бүтцэд өөрчлөлт оруулж, үйлчилгээний ажлыг тусад нь гаргаж, Улаанбаатар Хотын Банкны салбарыг байгуулав.
10.15 1973: Электрон машин анх ашиглаж, банкны гүйлгээний баримтыг механикжуулав.
10.16 1978: Телетайпыг анх нэвтрүүлж, гадаадын банктай шууд холбогдох боломжтой болов.
10.17 1986: Үндэсний валют, валютын үнэт зүйлийг гаргах, оруулахад тодорхой хязгаар тогтоож, олон улсын валютыг үндэсний мөнгөн тэмдэгтээр солих бололцоог бүрдүүлэв.
10.18 1989: Олон Улсын банкуудтай хамтран ажиллах хүрээг өргөжүүлэх зорилгоор Хамтын ажиллагааны комисс байгуулав.
10.19 1990: Төгрөгийн ам.доллартай харьцах суурь ханшийг тогтоов.
10.20 1991: Банкны тухай хууль батлагдаж, Монгол Улс Төв банк, арилжааны банк гэсэн хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжиж, Төв банкийг “Монголбанк” гэж нэрлэв.
10.21 1992: Банк хоорондын клирингийн тооцоо нэвтэрч, банкуудын эх үүсвэрийг өөр хооронд нь тусгаарлав.
10.22 1993: Тогтмол ханшийн дэглэмээс валютын чөлөөтэй хөвөх тогтолцоонд шилжив.
10.23 1994: Мөнгөний бодлого, мөнгөний үзүүлэлтүүдийг онилсон арга хэлбэрт шилжэв.
10.24 1995: “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийг батлуулж, банкны харилцагчдын эрхийг хамгаалав.
10.25 1996: Oлон улсын төлбөр тооцооны найдвартай шуурхай байдал хангагдав.
10.26 1996: Төв банкны үнэт цаас арилжаалж эхлэв.
10.27 1998: Мөнгөжсөн алт, үнэт металлын бүртгэлийн үнийг тогтоов.
10.28 1999: “Master” олон улсын картын сүлжээнд холбогдов.
10.29 2001: Монголбанкны дүрмийн санг 4 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэв.
10.30 2001: ATM төхөөрөмж ашиглан бэлэн мөнгө авах үйлчилгээг нэвтрүүлэв.
10.31 2002: Интернет банкны үйлчилгээг анх нэвтрүүлэв.
10.32 2004: Эрдэнэсийн сангийн хоёр танхим бүхий үзмэрийг шинэчлэн дэглэв.
10.33 2005: Төлбөр тооцооны Үндэсний цахим гүйлгээний төвийг байгуулав.
10.34 2006: Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль батлагдав.
10.35 2007: Инфляцыг онилох мөнгөний бодлогын арга, хэлбэр рүү шилжиж эхлэв.
10.36 2007: Тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй Төв банкны үнэт цаасыг зах зээлд нэвтрүүлэв.
10.37 2008: Төгрөгийн ханш уян хатан тогтох бололцоо бүрдэв.
10.38 2009: Гадаад валютын дуудлага худалдааг нэвтрүүлж, Төв банкны интервенцийг дуудлага худалдааны зарчмаар явуулах болов.
10.39 2010: Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ нэвтрэв.
10.40 2011: Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 16 тэрбум төгрөг байхаар тогтоов.
10.41 2011: Монголбанк, БНХАУ-ын Ардын банк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл байгуулав.
10.42 2012: Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав.
10.43 2013: Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдав.
10.44 2014: Засгийн газрын 121 тоот тогтоолоор Банкны салбарын ажилтны өдрийг жил бүрийн 6 дугаар сарын 2-ны өдөр тэмдэглэж байхаар болов.
10.45 2014: Банкны хяналт шалгалтын Базелийн Хорооноос гаргасан Базел II, Базел III бичиг баримтын стандартыг мөрдөж эхлэв.
10.46 2015: Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 16 тэрбум төгрөгөөс 50 тэрбум төгрөг байхаар шинэчлэн тогтоов.
10.47 2016: Монголбанкны үйл ажиллагааны шинэчлэлтэд зорьсон дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж эхлэв.
10.48 2016: Банк хоорондын интернет худалдаа “eCommerce” нэвтрүүлэв.
10.49 2017: Үндэсний Төлбөрийн системийн тухай хууль батлуулав.
10.50 2017: “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг нэвтрүүлж, валютын захын дэд бүтцийг шинэчлэв.
10.51 2017: Алт, мөнгө худалдан авах үнийг дэлхийн зах зээлд нийцүүлдэг болж, худалдан авсан алт түүхэндээ анх удаа 20 тоннд хүрэв.
10.52 2018: Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Монголбанкны хараат бус байдлыг нэмэгдүүлж, төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглов.
10.53 2018: Олон улсын жишгийн дагуу бодлогын шийдвэрийг Мөнгөний бодлогын хороо, Банкны хяналт шалгалтын хороогоор хэлэлцэж, шийдвэрлэдэг болов.
10.54 2018: Европын төв банкнаас гаргасан аргачлалын дагуу банкны системд активын чанарын иж бүрэн үнэлгээг анх удаа хийсэн нь Ази тивдээ анхдагч нь байв.
10.55 2018: Орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг Баруун болон Төвийн бүсэд байгуулснаар иргэд, аж ахуйн нэгжийн алт тушаах үйл ажиллагааг хөнгөвчлөв.
10.56 2018: “Төв банкнаас макро зохистой бодлогын талаар баримтлах стратеги”-ийг батлуулж, макро зохистой бодлого хэрэгжүүлж эхлэв.
10.57 2018: Цахим мөнгөний зөвшөөрлийг олгов.
10.58 2019: Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд зээлийн хүү 2017 онтой харьцуулахад 3,2 хувь болон буурч 17 хувьд хүрэв.
10.59 2019: 1, 50, 5000, 20000 төгрөгийн дэвсгэртийг орчин үеийн дэвшилтэд технологи бүхий хамгаалалтын элементтэй болгож шинэчлэж, нөөц дахин бүрдүүлэх ажлыг хийв.
10.60 2019: Макро зохистой бодлогын шийдвэрүүд гарч, хэрэглээний зээл, өр орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувь, хугацааг 30 сар, ААН-д олгосон валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгон нэмэгдүүлэв.
10.61 2019: Монголбанкнаас ОУВС-аас боловсруулан гаргасан “Статистикийн мэдээлэл тархаалтын тусгай стандарт” -ыг нэвтрүүлэв.
10.62 2019: Автомат клиринг хаус буюу АСН+ системийг нэвтрүүлж, банк хоорондын гүйлгээг илгээсэн даруйд гүйцэтгэх, ижил төрлийн гүйлгээг багцлан илгээх, төлбөрийн нэхэмжлэлийг үндэслэн гүйлгээ үүсгэх, дансны нэгдсэн сантай болов.
11. КОВИД-19 цар тахлын үед Монголбанкнаас хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ
Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд, бусад төв банкуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг судалж, өөрийн орны онцлогт тохирсон бодлогын цогц арга хэмжээг Монголбанкнаас авч хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээ нь олон улсын ‘сайн туршлага’-тай нийцтэй бөгөөд эдийн засгийг богино, дунд хугацаанд дэмжих, цаашлаад эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглээд байна.
I. Бодлогын хүүг 9 хувь болгож, 2 нэгж хувиар буурууллаа
Мөнгөний бодлогын хороо (МБХ)-ны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурал болон 4-р сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлын шийдвэрээр бодлогын хүүг нийт 2 нэгж хувиар бууруулав. КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил хумигдсанаас эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдэл нэмэгдлээ. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг даган дотоодын шатахууны үнэ буурсны зэрэгцээ эдийн засгийн өсөлт саарч, эрэлтийн шалтгаантай инфляц өсөхөөргүй байгаа тул инфляц зорилтот түвшнээс бага байх хүлээлттэй байна. Иймд бодлогын хүүг бууруулах шийдвэр нь инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ юм. Цаашид эдийн засгийн төлөв КОВИД-19 вирусийн тархах цар хүрээ болон үргэлжлэх хугацаа, вирусийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна.
Зураг 1. Бодлогын хүү
II. Төв банкны хүүний коридорын өргөнийг нарийсгаж, бодлогын хүүгээс +/- 1 нэгж хувиар тогтоов
Төв банкны хүүний коридор нь Төв банкнаас банканд олгох санхүүжилтийн болон хадгаламжийн хүүний дээд, доод хязгаарыг тодорхойлж, бодлогын хэрэгслүүдийн хүүний нэгдсэн бодлого хэрэгжүүлэх үндсэн бүрдэл болдог. Төв банкны хүүний коридорын дээд хязгаар нь Монголбанкнаас банкуудад олгох репо санхүүжилтийн хүүг, доод хязгаар нь банкуудын Монголбанкинд байршуулах хадгаламжийн хүүг тодорхойлдог тул банк хоорондын зах дээрх богино хугацаат санхүүжилтийн хэлцлийн хүүний дээд, доод хязгаарыг тодорхойлдог. Мөнгөний бодлогын хорооноос 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүүний коридорыг +/- 1 өргөнтэй болгож нарийсгах шийдвэр гаргасан нь КОВИД-19-той холбоотойгоор үүсч болзошгүй тодорхой бус байдал нэмэгдэж буй нөхцөлд банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих, илүү бага хүүгээр Төв банкнаас репо санхүүжилт авах бололцоог бий болгох зорилготой юм. Тухайлбал, банкууд бодлогын өөрчлөлтийн өмнө 13 хувийн зардалтайгаар Монголбанкнаас санхүүжилт татдаг байсан бол бодлогын хүүгийн бууралт болон хүүгийн коридорын өөрчлөлтөөр 10 хувийн хүүгээр санхүүжилт авах болов. Мөн төгрөгийн нөөцийн илүүдэлтэй банкууд Монголбанканд овернаит хадгаламж хийхэд өмнө нь бодлогын хүүнээс 2 нэгж хувиар бага буюу 7 хувийн хүү авах байсан бол одоо 8 хувийн хүү авах боломжтой болсон нь банкны ашигт ажиллагаа, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх нөлөөтэй юм.
Зураг 2. Монголбанкны хүү болон банк хоорондын захын хүү
III. Төгрөгийн заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулав
Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны тогтоолоор төгрөгийн ЗБН-ийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувь байхаар шийдвэрлэв. Энэхүү бодлогын арга хэмжээ нь 1) банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулж, үндэсний валютаар эх үүсвэр татахыг дэмжих, 2) банкуудын зээлд гаргах боломжтой эх үүсвэрийг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулах, улмаар эдийн засаг дахь санхүүгийн зуучлалыг дэмжих зорилготой. Ингэснээр системийн хэмжээнд банкуудын 320 орчим тэрбум төгрөг заавал байлгах нөөцөөс чөлөөлөгдөж байна. Бодлогын хүүтэй харьцуулахад тус арга хэмжээний нөлөөлөл нь эдийн засаг болон санхүүгийн системд илүү хурдан илэрдэг онцлогтой.
IV. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих, ханшийн эрсдэлийг бууруулах зорилгоор гадаад валютын своп хэлцлийг тогтмол хийж байна
Банкуудын богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангахад дэмжлэг үзүүлэх, валютын ханшийн эрсдлээс хамгаалах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг зорилгоор Монголбанк төгрөг-ам.долларын своп хэлцлийг банкуудтай тогтмол хийж байна. Монголбанк оны эхнээс 6-р сарын 30 хүртэлх хугацаанд 3 удаагийн хэлцлээр 215.7 сая ам.долларын урт хугацаат своп хэлцлийг банкуудтай байгуулж, 575.3 сая ам.долларын хэлцлийн төлбөр тооцоог гүйцэтгэсэн бол 305.5 сая ам.долларын буюу 19 удаагийн богино хугацаат своп хэлцлийг байгуулав. Цэвэр дүнгээр тооцвол оны эхнээс урт хугацаат своп хэлцлээр 498.4 тэрбум төгрөг[1], богино хугацаат своп хэлцлээр 377.8 тэрбум төгрөгийн нөөцийг банкуудад нийлүүлсэн байна.
V. Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд түр хугацааны өөрчлөлт оруулав
КОВИД-19 вирусийн тархалттай холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт хүндрэл учирч, банкны салбарын зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсч байгаатай холбогдуулан Монголбанкнаас дараах журмуудын тодорхой зохицуулалтыг доорх нөхцөлтэйгээр түр хугацаагаар буюу 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдүүлэхээр шийдвэрлэв.
1. “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д:
· Ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлд тогтоох хугацааны ангиллыг “Хэвийн” зээлийн хувьд 15 хүртэлх хоног байсныг 90 хүртэлх хоног болгож, “Анхаарал хандуулах” зээлийн хувьд 91-120 хүртэлх хоног, “Чанаргүй” зээлийн хувьд 121-ээс дээш хоног байхаар тус тус тогтоож мөрдөх;
· Хэрэглээний болон бизнесийн зээлийн бүтцийг өөрчилж, холбогдох гэрээнд өөрчлөлт оруулсан тохиолдолд уг зээлийг бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр, эцсийн ангиллыг хэвээр тогтоох;
· Хэрэглээний зээлд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар тогтоосон чанарын ангиллыг тушаал мөрдөгдөх хугацаанд хэвээр мөрдөх;
2. “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д:
· Өөрийн хөрөнгийг хамгаалах нөөц зөрчигдөхөд авч хэрэгжүүлэх арга хэмжээг түдгэлзүүлэх;
· Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг 20 хувиар тогтоох;
Эдгээр зохицуулалт нь КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс үүдэн зээлийн эргэн төлөлтөө хийхэд хүндрэл учирч буй зээлдэгчид нь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр хүндрэлд орсон зээлдэгчидэд зээлийн тасалдал үүсэхгүйгээр санхүүгийн хүртээмж хэвийн үргэлжлэх бололцоо бүрдэж байна.
VI. Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг буурууллаа
COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20-100 хувь бууруулахаар болов. Энэхүү шийдвэр нь иргэдийг цахимаар төлбөр тооцоогоо гүйцэтгэхийг идэвхжүүлэх зорилготой. Нийлбэр дүнгээрээ 4 сарын 1-ээс 7-р сарын 1-ний хооронд 15.7 сая удаагийн гүйлгээгээр 942.4 сая төгрөгийн банк хоорондын төлбөр, тооцооны шимтгэл хураамжийг хэрэглэгчдээс аваагүй чөлөөлөөд байна.
VII. Монголбанкнаас банканд олгох барьцаат зээлийн журамд түр өөрчлөлт оруулав
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 201 дүгээр зүйлийн 1 дэх заалтад Монголбанк банкны системийн эцсийн зээлдүүлэгчийн хувьд төлбөр түргэн гүйцэтгэх чадварт нь түр хугацааны хүндрэл үүссэн, өөрийн үйл ажиллагааны үр дүнд уг хүндрэлээс гарч, зээлийг хугацаанд нь эргэн төлөх боломжтой, төлбөрийн чадвартай банканд тодорхой нөхцөлийн дагуу барьцаатай зээл олгож болно хэмээн заасан байдаг. Засгийн газрын үнэт цаасны анхдагч захын арилжаа зогссон, Төв банкны үнэт цаасны төвлөрөл өндөр байгаа өнөөгийн нөхцөлд КОВИД-19 вирусийн хурдацтай тархалтаас үүдэн эдийн засагт үүсэж болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлэх, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанк барьцаат зээлийн журманд 2020 оны 7 сарын 31-ний өдөр хүртэл түр хугацааны өөрчлөлт орууллаа. Үүнд:
· Барьцаат зээлийн хугацааг 90 хүртэл хоног байсныг 180 хүртэл хоногийн хугацаатай болгож өөрчлөв.
· Барьцаат зээлийн хүүг 16 хувь байсныг 11 хувь болгон бууруулав.
· Барьцаа хөрөнгийн жагсаалтыг өргөтгөлөө (Хүснэгт 1).
Хүснэгт 1. Барьцаат зээлийн журамд орсон өөрчлөлт
| Өмнө | Өөрчлөлт | |
| Урьдач нөхцөл | 1. Төлбөрийн чадвартай ч түр зуурын хүндрэл үүссэн,
2. Зээлээ эргүүлэн төлөх боломжтой, 3. Бусад арга хэмжээг авсан |
1. Төлбөрийн чадвартай ч түр зуурын хүндрэл үүссэн,
2. Зээлээ эргүүлэн төлөх боломжтой, 3. Бусад арга хэмжээг авсан |
| Хугацаа | 90 хоног (+ 90 хоног) | 180 хоног (+ 180 хоног) |
| Хүү | Репо санхүүжилтийн хүү + 5 нэгж хувь = 16 хувь | Репо санхүүжилтийн хүү +0 = 11 хувь |
| Барьцаа | Төв банкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас, МУ-ын Хөгжлийн банкны үнэт цаас, Хэвийн зээл* | *+Хөгжлийн банкны баталгаатай Эрдэнэс Монгол ХХК-аас гаргасан Эрдэнэс бонд, МИК Актив ТЗК ХХК-аас гаргасан ипотекийн зээлээр баталгаажсан бонд |
| Бүрдүүлэх баримт | 1. Албан бичиг,
2. Барьцаалах актив, 3. Мөнгөн хөрөнгийн урсгалын таамаглал |
1. Албан бичиг,
2. Барьцаалах актив, 3. Мөнгөн хөрөнгийн урсгалын таамаглал |
VIII. Эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргалаа
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаар эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргалаа. Энэхүү арга хэмжээ нь зээлдэгчдийн зээлийн сарын төлбөрийн дарамт буурч гар дээр үлдэх орлого нэмэгдсэнээр хувийн хэрэглээг урамшуулах, улмаар үүсээд буй өнөөгийн хүндрэлийг зөөлрүүлэх, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх нөлөөтэй юм. 6 дугаар сарын 19-ны байдлаар нийт хэрэглээний зээлийн багцын 12.9% буюу 65491 зээлдэгчийн 572.8 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн нөхцөлд өөрчлөлт орсон байна.
IX. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлууллаа
Зээлдэгчийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй байх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгоод байгаа билээ. Ингэснээр зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийг хамруулах зорилгоор Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК болон банкууд хамтран дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
1. Орон сууцны ипотекийн 8 эсхүл 5 хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 6 хүртэлх сараар хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уртасгах;
2. Зээлийн эргэн төлөлтөд нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгчид энэхүү зохицуулалт үйлчлэх боломжтой бөгөөд доголдол үүссэн хуваарьт өдрөөс эхлэн эргэн төлөлтийг хойшлуулах хугацааг тооцох;
3. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах хүсэлтээ 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харилцагч банкиндаа гаргана.
Цаашлаад УИХ-ын шийдвэрээр Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 6 сар хүртлэх хугацаагаар хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уртасгахаар болов. 6 дугаар сарын 19-ний байдлаар нийт ипотекийн зээлийн багцын 43.5% буюу 2039 тэрбум төгрөгийн 38270 зээлдэгчийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оржээ.
X. Банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах зорилгоор гадаад валютын заавал байлгах нөөцийн урамшууллыг харилцан адилгүй тооцож эхлэв
Банкны салбарын зээлийн долларжилт буурсан ч эх үүсвэрийн долларжилт нэмэгдэх хандлагатай байгаа нь банкуудын баланс дахь валютын тэнцвэрт бус байдлыг нэмэгдүүлж, банк, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдах нөхцлийг бүрдүүлж байна. Банкны татан төвлөрүүлсэн эх үүсвэрт ногдуулах заавал байлгах нөөц төгрөгийн хувьд 8.5% болгож бууруулсан бол гадаад валютын хувьд 15%-тай байна. Түүнчлэн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит хурлаар банкны системийн тогтвортой байдлыг хангах, банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор өндөр хүүтэй гадаад валютын хадгаламж болон хүү төлж буй гадаад валютын харилцахын эзлэх хувиар банкинд олгох төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшууллыг бууруулан тооцох шийдвэрийг гаргалаа.
Эдгээр Монголбанкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлэх, банкны зохицуулалтыг түр хугацаанд зөөлрүүлэх, банкны төлбөрийн чадварыг дэмжихэд чиглэсэн бодлогын багц арга хэмжээ нь санхүүгийн зуучлал хэвийн үргэлжлэх боломжийг бүрдүүлээд зогсохгүй КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засагт учрах сөрөг нөлөөг бууруулахад чухал нөлөөтэй.
XI. Монгол Улс ФАТФ-ын хяналтын жагсаалтаас гарах суурь бүрдэв
КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор ФАТФ-аас хяналтын жагсаалтад багтсан улс орнуудад үнэлгээ хийх ажлыг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр түр зогсоохоор шийдвэрлэсэн бол Монгол Улсын хүсэлтийг харгалзан үзэж, үнэлгээ хийх хугацааг хойшлуулахгүйгээр хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна[2]. ФАТФ-ын 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн онлайн хурлаар Монгол Улсыг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хангалттай биелүүлсэн гэж дүгнэлээ. Түүнчлэн уг хурлаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнгийн хэрэгжилтийг үнэлэх, цаашид хэрэгжилтийг тогтвортой хангахын тулд улс төрөөс шаардагдах хүчин чармайлт байгаа эсэхийг нарийвчлан тодорхойлох зорилгоор газар дээрх хяналт шалгалт хийх шийдвэрийг гаргав.
XII. Төв банк, Сангийн яамтай хамтран зээлжих зэрэглэлийн агентлагууд, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллаж, тотмол мэдээллээр хангаж байна
Зээлжих зэрэглэл харьцангуй тогтвортой байгаа нь Монгол Улс гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, гадаад зээлийн хүүгийн болон үндсэн төлбөрийг эргэн төлөх чадвартайг харуулж байна. Монголбанк олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч агентлагтай 3-р сарын 25, 5-р сарын 22-нд, Мүүдис агентлагтай 4-р дүгээр сарын 13-нд, Эс энд Пи агентлагтай 6-р сарын 3-нд тус тус цахим уулзалт зохион байгуулсан. Фитч агентлагаас 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хэвлэлийн мэдээнд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үнэллээ. Мөн Монголбанк, Сангийн яамтай хамтран Ази номхон далайн бүсийн болон АНУ-ын хөрөнгө оруулагчиттай 2020 оны 6 дугаар сард цахим уулзалтыг зохион байгуулаад байна.
XIII. ОУВС-аас Монгол Улсыг “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулав
Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран ОУВС-гийн шуурхай санхүүжилтийн хөтөлбөр (RFI)-т хамрагдаж, 99 сая ам.долларын санхүүжилтийг аваад байна. Монгол Улс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд үүнийг дүгнэж “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-т шилжээд байна.
Цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай
Улсын Их Хурлын 2020 оны 4-р сарын 29-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Уг тогтоолд:
· Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжлэг үзүүлж, үүсэх эрсдэлээс хамгаалах,
· Санхүүгийн чадвартай байх эрүүл, тогтвортой, зохистой засаглал бүхий банкны салбарыг бий болгох шинэчлэлийн хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлэх,
· Зээл, санхүүжилтийн хүү болон эх үүсвэрийн зардлыг бууруулах,
· Цар тахлын үед төрөөс нийгмийн шаардлагатай хэсэгт хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх,
· Жижиг дунд үйлдвэрийн зээлд батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх
· Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх,
· Мөнгө хүүлэлтийг хязгаарлах замаар зээлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд багтжээ.
Түүнчлэн, төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах хүрээнд:
· Түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны тусгай хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх,
· Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх,
· Ноолуурын түүхий эдийн экспорт бүрдүүлэх, ноолуурын экспортыг дэмжих зорилгоор хилээр татваргүй гаргах, хөнгөлөлттэй зээл олгох, малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрт олгох зэрэг заалтууд уг тогтоолд оров.
Корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль
Монголбанкнаас валютын зохицуулалтын хүрээнд богино хугацааны ханшийн хэлбэлзлээс ашиг олох арилжааны үйл ажиллагааг хязгаарлах, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх агуулгаар банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг УИХ-д уламжилсан. Тэдгээр саналыг нэгтгэж Монгол Улсын Их Хурлаас “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” баталсан. Тус хуульд банкны сектортой холбоотой дараах заалтууд хэрэгжиж эхэлсэн. Үүнд:
Банкны харилцах дансанд хүү тооцохгүй: 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй. Өөрөөр хэлбэл, банкнаас харилцагчид үзүүлж байгаа төлбөрийн үйлчилгээний гэрээ, хэлцэл нь уг хуульд нийцсэн байх шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр бус болох эрсдэлээс сэргийлэх шаардлагатай юм. Энэхүү арга хэмжээг харилцах дансыг хугацаагүй хадгаламжид хөрвүүлэхээс зайлсхийж, банкууд харилцан ойлголцож, нэгдсэн стандарт мөрдүүлэн хэрэгжүүлнэ.
Гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй: хууль хэрэгжих хугацаанд гадаад валютын хадгаламж нь хадгаламжийн даатгалд хамаарахгүй буюу даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөхгүй. Харин банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйл хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул гадаад валютын хадгаламж нь хадгаламжийн даатгалын хураамжаас чөлөөлөгдөхгүй.
Иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх, гадаад валютын харилцах, хадгаламжийг зээлийн барьцаа болгохгүй байх: Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно. Түүнчлэн, гадаад валютын харилцах, хадгаламжийг зээлийн барьцаа болгохгүй байх нь валютын зах дээрх спекуляц эрэлтийг бууруулж, үндэсний мөнгөн тэмдэгтийг хэрэглээг дэмжинэ.
[1] ХХБ-ны 500 сая ам.долларын урт хугацаат хэлцлийг хасч тооцсон дүн. Хэрэв ХХБ-ны хэлцлийг нэмж оруулбал урт хугацаат своп хэлцлээр 473.5 тэрбум төгрөг татсан байна.
[2] Бусад улс орнуудад хийх үнэлгээний хугацааг 4 сараар хойшлуулсан.