Jump to content

Хэрэглэгч:National Statistics

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

МОНГОЛ УЛСЫН БҮРТГЭЛ, СТАТИСТИКИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Монгол Улсын үндэсний статистикийн салбар үүсэл, хөгжлийн хувьд өнө эртний уламжлалтай эдийн засгийн ууган салбарын нэг билээ. Монголчуудын өвөг Хүннү нар хүн ам, малаа тоолж байжээ. “МТӨ 174-163 он Хүн гүрэн Лаошань шаньюйн үед улсын албан татварыг цэгцтэй болгож хүн амын тооллого хийв”, “Хүн улс хүн ам, малаа нас дэвшүүлэх тооллогоо Есдүгээр сарын нохой өдөр Дайлан (Тайлга тархилга хийх)-д хуралдахдаа цэгцэлдэг байжээ” гэж түүхэнд тэмдэглэгдсэн байна. Монголын эзэнт гүрэн байгуулагдаж, дэлхийн хагасаас илүүг захирч байсан тэр үед тухайлбал, Өгөөдэй, Мөнх хааны үед Монгол хүн амын тооллого явуулсан байдаг. Рашид Ад-диний бичсэн “Судрын чуулган”-д гардаг Чингис хаан түүний ураг төрлийнхөнд харьяалагдаж байсан цэргийг 139 мянга гэж тооцоолжээ. Уг эрдэмтэн “XIII зууны эцэс XIV зууны эхээр монгол нутагт оршин сууж байсан хүний тоо 834 000 харин нийт гүрний дотор 1 390 000 монгол хүн байсан” гэж бичснээс үзвэл тэр үед хүн амаа сайтар тоолж байжээ. Монголчууд бүртгэл, статистикийг бусад олон орнуудын нэг адил гол төлөв цэрэг дайн, албан татварын зорилгод ашиглаж байснаас гадна ахмад буурлуудаа хүндэтгэн шагнаж байсан нь хүн амын нэлээд боловсронгуй бүртгэлтэй байсныг харуулж байна. Түүнчлэн монголчуудын аж ахуйн гол салбар болсон малыг тоолдог байсан баримтууд байдаг. “Юань гүрний үед улсын буюу албаны малыг эрхлэх түшмэлийн газраас малын дансыг Монгол, Уйгар, Хятад гурван хэлээр үйлдэж, үе үе тоолж дутууг нөхдөг байжээ” . Түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдсэнээс үзвэл газар тариалан түүгээр ч барахгүй улсын сан хөмрөгийн нэгдсэн бүртгэлтэй байжээ. 1320–иод оны үеэр албан тариалан эрхлэх яамыг Монголд байгуулжээ. “Хубилай хааны үед 1292 онд улсын орлого 2 978 305 хэсэг цаасан тэмдэгтээр тооцогдож байсан байхад зарлага нь 3 638 543 хэсэг болж, орлогоос зарлага 660 мянган хэсгээр хэтэрч байжээ”. Төв Азийн нүүдэлчид, үүний дотор одоогийн Монгол Улсын нутагт хамаарах хэсэгт амьдарч байсан овог аймгуудад хүн ам, мал, газар тариалан, худалдаа зэрэг салбарын бүртгэл статистик нэлээд боловсронгуй хөгжиж байсан нь дээрх зарим баримтуудаас тодорхой байна. Монголын овог аймаг, хошууд хүн ам, малын тоогоо тодорхой мэдэж байсан олон баримт байгаагаас үзвэл Монгол овог аймгууд хэзээнээс хүн ам, мал сүргийнхээ талаар тодорхой бүртгэлтэй байжээ. Манж чин улсын үед зөвхөн хүн ам, мал, газар тариалан, худалдаа наймааны талаарх бүртгэлтэй байснаас гадна Манжийн үеийн сургуулийн талаарх ч баримт мэдээлэл байдаг. Халхын дөрвөн аймаг Манжид өгсөн мал сүргийнхээ тоог тодорхой мэдэж байжээ. Манжийн үеийн хүн ам, мал тооллогын үзүүлэлт тийм ч олон бус, өрхийн тоо, малын тоог дөрвөн төрлөөр (хонь, ямааг нэг төрөл гэж үзэж байсан аж), зарим онуудад төл малыг төрөл тус бүрээр гол төлөв унага, тугалыг салгаж тоолдог байжээ. Гэхдээ цөөн өрхийг нийлүүлж дүнг гаргахын зэрэгцээгээр эцэст нь нийт дүнг бичгээр үйлддэг байв. Манж чин улсаас 1911 онд тусгаарлан, Богд хаант Монгол Улсыг байгуулсан. Богд хаант Монгол Улсын Засгийн газар нь 5 яамтай байсны дотор “Дотоод яам нь Түшмэлийн, Ёслолын, Төв гэсэн гурван хэлтэстэй. Төв хэлтэс нь улсын шастир, хууль зүй, гэрээ бичиг, өрх, хүн амын данс, газар орны зургийн хадгаламж, зах хязгаар нутагт холбогдох хэрэг, өртөөний засгийг эрхэлнэ.” гэж байснаас үзэхэд Богд хаант Монгол Улс бүртгэл, статистикийн тусгай алба байгаагүй ч Дотоод яамны төв хэлтэст “өрх, хүн амын данс” буюу тооллого бүртгэлийг эрхлүүлж байсан нь бүртгэл статистикийг төр, засгийн нэг чухал алба хэмээн үзэж байсныг харуулж байна. Монгол Улс 1911 оноос хойш хүн ам, малын тоо бүртгэлийг хэд хэдэн удаа явуулж байсан боловч бүх газар нутаг хошуудыг хамарч чадаагүйн дээр үнэн бодит байдлаас нэлээд зөрүүтэй, зарим хошууд дүнгээ ирүүлэхгүй хугацаа алдаж байсан аж. Энэ мэт хүн ам, мал, хөрөнгийн бүртгэлийн ажил олигтой хийгдэхгүй байсан тул Богд хаанаас Дотоод яаманд нугалбар бичиг илгээж, энэ байдлыг өөрчлөх талаар нэлээд тодорхой дурьдсан байдаг. Энэ нь төрийн үндэс нь хүн, хөрөнгө бөгөөд төрийн бодлогын үндэс үнэн зөв тоо мэдээлэл гэж үзэн, бүртгэл статистикийн ач холбогдлыг Монголын түүхэнд анх удаа төрийн хэмжээнд ач холбогдол өгсөн шийдвэр байжээ гэж үзэх үндэстэй юм. 1911-1921 оны хооронд зөвхөн хүн ам, хөрөнгө малын тоо бүртгэл явуулж байсан төдийгүй гадаадад гаргасан мал, гадаадаас оруулж ирсэн бараа материал, гадаадын худалдаачдын бүртгэл, газрыг эзэмшүүлэх бүртгэл хөтөлж байв. Газрыг зүгээр нэг бүртгэж байсан төдийгүй түүнийг гол уснаас хол ойроор нь ангилж бүлэглэн, ялгаварт татвар ногдуулахын зэрэгцээгээр “Yр” гэсэн жишиг нэгжийг хэрэглэж байжээ. Түүнээс гадна худалдааны бүртгэл түүний дотроос гадаад худалдааны статистик, бүртгэл үүсэн хөгжиж эхлэх төлөвтэй байжээ. Монгол Улс гол төлөв Орос, Хятад мөн бусад улстай худалдааны харилцаатай байлаа. “Монгол орон Оросын Сибирь, Эрхүү мужийн махны хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байлаа. Богд хаант Монгол Улсын үеийн бүртгэл статистикийн хамгийн үндэслэл сайтай том арга хэмжээ бол “Монгол Улсын хүн ам, малын 1918 оны тооллого” юм. Уг тооллогыг Богд хаант Монгол Улсын тухайн үеийн төрөөс зохион байгуулж, олон аймаг, хошууд өөрсдөө бүртгэн тоолж, ирүүлснийг Дотоод яам хянан шалгаж авсан нь тодорхой байдаг. Харин тооллогын дүнг хамгийн түрүүнд эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж, хэвлэн нийтэлж, хэрэглэгчдийн хүртээл болгосон хүн бол Хаант Орос (ЗХУ)-ын нэрт эрдэмтэн Иван Михайлович Майский юм. Энэ хүн “Орчин үеийн Монгол” номоо анх 1921 онд Эрхүү хотод Орос хэлээр хэвлүүлжээ.


МОНГОЛ УЛСЫН СТАТИСТИКИЙН АЛБАНЫ ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ

1921 онд Ардын хувьсгал ялсны анхны өдрүүдээс эхлэн төр, засгаас бүртгэл статистикийн албыг зохион байгуулахыг нэн чухал зорилт болгон хүн ам, эд хөрөнгө, мал тооллого явуулах, улсын бүртгэл мэдээлэл боловсруулж нэвтрүүлэх талаар дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж иржээ. Улсын анхдугаар их хурал 1924 оны 11 дүгээр сарын 10-нд гаргасан тогтоолдоо “... тус улсын бүх тоо бүртгэх явдал маш нарийн чухал болох тул одоо тоо бүртгэх хэлтэс байгуулж уг хэргийг эрхлэн явуубал зохино” гэж заагаад тус хурлаар хэлэлцэн баталсан. Улсын анхдугаар үндсэн хуульд “Улсын аливаа тоо бүртгэх явдлыг тогтоох”-ыг хуульчлан заасан нь эрх зүйн шинжтэй анхны зохицуулалт байлаа. Үүний дараа 1924 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэр үеийн Дотоод яамны бүтцэд тоо бүртгэлийн хэлтсийг 6 хүний орон тоотойгоор анх байгуулснаар статистикийн албаны үндэс суурь тавигдсан байна. Монгол Улсын орчин цагийн статистикийн байгууллагын бүтэц зохион байгуулалт, эрхлэх ажлын чиг үүрэг нь улс орны хөгжлийн тухайн үеийн эрэлт хэрэгцээний дагуу өөрчлөгдөж ирсэн. 1929 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл, Дотоод яамны тоо бүртгэх ажлыг эрхэлж байсан хэлтсийг нэгтгэн ЗГ-ын дэргэдэх Тоо бүртгэх хэлтэс, 1940 онд Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төлөвлөгөө, тоо бүртгэлийн хянах газар, 1945 онд Улсын Төлөвлөгөөний Комиссын бүрэлдэхүүнд Тоо, бүртгэлийн хэлтэс, 1958 онд тус хэлтэс нь газар болон өөрчлөгдөж, 1960 онд Сайд нарын Зөвлөлийн Тоо бүртгэлийн газар, 1964 онд тус газрыг Статистикийн төв газар, 1994 онд УИХ-ын харьяа Үндэсний Статистикийн газар, 2008 онд Үндэсний Статистикийн хороо болгон өргөжүүлсэн байна. Монгол Улсын “Статистикийн тухай хууль” УИХ-аар 1994 онд (1997, 2004, 2008, 2011, 2013 онд зарим өөрчлөлт оруулсан) батлан мөрдүүлсэн нь тус улсад статистикийн албаны үйл ажиллагааг хууль эрх зүй, ардчилсан үндсэн дээр хөгжүүлэх, түүнийг бие даасан, хараат бус, ил тод, олон нийтийн хүртээл болгоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” бие даасан хуультай болов. Статистикийн үзүүлэлт, аргачлалыг олон улсын нийтлэг стандартад нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас 1994 онд ойрын хугацааны хөтөлбөр баталж, түүнийг 1994-1997 онд үндсэнд нь хэрэгжүүлжээ. Албан ёсны статистикийг 2006-2010 онд хөгжүүлэх хөтөлбөрийг УИХ-аар батлуулан амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 2011-2015 оны хөтөлбөрийг УИХ-аар 2011 онд батлуулан хэрэгжүүлж байна. Албан ёсны статистикийн чанарын бодлогоо тодорхойлж, салбартаа чанарын удирдлагын стандарт хэм хэмжээг мөрдүүлэх ажлыг 2013 оноос эхлүүлэв. 1960-аад оноос тэр үеийн ЗХУ-ын их, дээд сургуулиудад статистикийн мэргэжлээр олон оюутныг сургаж эхэлсний зэрэгцээ МУИС-д шинээр статистикийн ангийг нээж анхны элсэгчдийг сургаж эхэлсэн нь боловсон хүчний чадавхыг бүрдүүлхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Санхүүгийн техникум, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Хөдөө аж ахуйн сургуулийн статистикийн ангийг төгссөн олон мянган статистикчид, бүртгэл, тооцооны ажилтнууд эдийн засаг, статистикийн төв, орон нутгийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. Монгол Улс 1921 оны хувьсгалын дараагаас нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэлсэн нь бүртгэл, статистикийг улам өргөжүүлэх нөхцөлийг бүрэлдүүлсэн гэж үзэх үндэстэй. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 1941 оноос эхлэн жилийн төлөвлөгөөтэй хөгжүүлэх болсноор статистикийн алба нь төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, дараагийн төлөвлөлтийн үндэсийг боловсруулах мэдээлэл бүрдүүлэхтэй нягт уялдуулах зайлшгүй шаардлага гарчээ. Монгол Улс хүн ам, орон сууцны тооллогыг 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000, 2010 онуудад зохион байгуулсан. БНМАУ-ын хүн амын хэтийн тооцоог 1963 оноос эхлэн тооцож улмаар тооцоолон бодох электрон машинаар олон хувилбараар боловсруулж, хүн амын нөхөн үржихүйд судалгаа дүгнэлт өгчээ. Статистикийн төв газарт 1964 онд өрхийн төсвийн судалгааны тасаг байгуулж, Улаанбаатар хот, зарим аймагт өрхийн төсвийн түүвэр судалгааг явуулах болсон нь манай улсын статистикийн албаны түүхэнд түүвэр ажиглалтыг тодорхой сэдвээр явуулах анхны алхам болсон юм. Статистикийн төв газрын бүтцэд 1984 онд шинээр “Хүн амын автоматжуулсан төв регистр” (ХААТР)-ийг байгуулсан нь хүн амыг регистржүүлэх ажлын эхлэл байлаа. Өрхийн аж ахуйн судалгааг үндэслэн хүн амын амьжиргааны доод түвшинг тооцдог болж, 1991 оноос хойш ядуурлын шугам буюу амьжиргааны баталгаажих доод түвшинг тодорхойлдог болсны дотор Засгийн газрын шийдвэрээр “Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшинг” 1991-1995 онд хот, хөдөөгийн ялгавартайгаар, 1997 оноос Засгийн газраас тогтоосон бензин шатахууны үнийн бүсчлэлийн дагуу дээрх үзүүлэлтийг бүс нутгаар тооцож байлаа. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллого, аж ахуйн нэгж, байгууллагын 2011 оны тооллогод газар зүйн мэдээллийн системийг анх удаа ашигласан. “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г улс даяар 2013 онд явуулахдаа мэдээлэл цуглуулалтад орчин үеийн техникийн дэвшлийг ашиглан анх удаа “Таблет” төхөөрөмж ашигласнаар судалгааны мэдээллийг тухай бүр интернетээр татаж авах бололцоо бүрдүүлсэн. Байгалийн баялгийн бүртгэлийг 1930-аад оны сүүлчээр явуулж, худаг, булаг шанд, гол мөрөн, нуур, давс, чулуун нүүрсний ордны тоог авдаг байв. Ийнхүү байгалийн баялгийн бүртгэлийг явуулж байсан нь манай статистикийн түүхэнд шинэ зүйл байсан боловч түүнийг цаашид хөгжүүлээгүй орхижээ. Статистикийн байгууллага нь улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг нэгтгэн харуулаад зогсохгүй түүнд дүн шинжилгээ хийж, төр, засгаас ойрын болон хэтийн төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахад үнэн бодитой мэдээллээр хангах зэрэгт 1950 оны сүүлчээр нэлээд ахиц амжилт олж байсан боловч улс ардын ахуйн баланс зохиох, үндэсний орлого, нийгмийн бүтээгдэхүүний тооцоо хийх, тоон мэдээллийг олон түмэнд хүргэх, статистикийн эмхэтгэл, сар, улирлын мэдээллийг өргөн олонд хүртээмжтэй олон хувь хэвлэх, нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдээллийг цаашид гүнзгийрүүлэн статистикийн шинжлэх ухааны арга зүйгээр боловсруулах, прогноз хийх зэрэг олон төрлийн ажлыг хийх шаардлага гарчээ. Улс ардын аж ахуйн бүртгэл, статистикийн нэгдсэн систем 1960-аад оноос тогтож статистикийн мэдээллийг төвлөрүүлэх зорилт тавигдаж байлаа. Ингэснээр статистик нь улс ардын аж ахуйн төлөвлөгөөтэй хамт эдийн засгийг тэнцүүхэн хөгжүүлэх шаардлагыг хангах, улсын төлөвлөгөөний биелэлтийг нарийн чанд хянах чухал зэвсгүүдийн нэг болсон байв. Статистикийн төв газар ЗХУ болон өөрийн оронд дээд боловсрол эзэмшсэн мэргэжилтэй боловсон хүчинтэй болсны үр дүнд нийгмийн нийт болон цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлал, үндэсний орлогын хуваарилалт, дахин хуваарилалт, эцсийн ашиглалтын баланс, улс ардын аж ахуйн үндсэн хөрөнгө түлш, эрчим хүчний нэгдсэн болон бусад материалын баланс зохиох ажлыг 1960-аад оны сүүлчээс хийж эхэлсэн байна. Мөн улсын хэмжээний нийт машин, тоног төхөөрөмжийн тооллогыг 1966 онд анх удаа, түүнээс хойшид 3-5 жил тутамд явуулж байв. Түүнчлэн материал техникийн хангамж, санхүү, өөрийн өртөг, үнийн статистикийг бий болгон хөгжүүлж ирэв. Статистик, бүртгэлийг хөгжүүлэх үндсэн нөхцөлийн нэг болох бүртгэлийг механикжуулах ажлын үндэс манайд зөвхөн 1960 оноос эхлэн тавигдаж, 1963 онд Тоо бүртгэлийн улсын төв газрын дэргэд Бүртгэлийн машинт станцыг, мөн 1971 онд Тооцоолон бодох төвийг тус тус байгуулан ажиллуулсан нь улсын хэмжээнд анхных нь байв. Энэхүү төвд ЗХУ-ын Минск-32 машин ашиглагдаж байсныг 1979 онд НҮБ-ын санхүүжилтээр ЕС-1040, 1986 онд ЕС-1045 тооцоолон бодох электрон машинаар өргөтгөсөн байна. Статистикийн мэдээллийн автоматжсан систем бий болгох, электрон машин, математикийн арга хэрэглэн нийгэм, эдийн засгийн процессыг нөлөөлөх хүчин зүйлээр нь судлах, хүн амын хэтийн тооцоо хийх, өөрийн орны хөгжлийн түвшинг бусад орныхтой зэрэгцүүлэн судлах зэрэг чиглэлээр эрдэм шинжилгээний бие даасан институтийг Статистикийн төв газрын бүтцэд 1972 онд шинээр байгуулан ажиллуулав. Үндэсний тооцооны системийн аргачлалын дагуу дотоодын болон үндэсний нийт бүтээгдэхүүнийг анх удаа 1989 онд тооцжээ. Монгол Улсын Засгийн газар Үндэсний тооцооны системд шилжих шийдвэрийг 1991 онд гаргасан байна. Эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилалд тулгуурласан үндэсний ангиллыг 1995 онд боловсруулж, мөрдөж эхэлсэн. Аж ахуйн нэгж, байгууллагын анхны тооллогыг 1991 онд, цаашид 1994, 1998, 2006, 2011 онд явуулсан. 1998 оны тооллогод үндэслэн бизнес регистрийн сан анх удаа байгуулсан. Статистикийн мэдээллийн аргачлалыг НҮБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу олон улсын жишигт нийцүүлж боловсронгуй болгох ажил 2003-2010 оны хооронд нэлээд эрчимтэй хийгджээ. Энэ хугацаанд үндсэндээ бүх мэдээллийн маягтууд шинэчлэгдэж, тэдгээрийн үзүүлэлтийг тооцох аргачлал, заавар, дотоодын нийт бүтээгдэхүүн болон үндэсний орлогын тооцоо, үндэсний тооцооны дансууд байгуулах, хэрэглээний үнийн индекс, үйлдвэрлэгчийн үнэ, барилгын өртөг тооцох, орон сууцны үнийн индексийг тооцох, нөөц ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцэл, түлш, эрчим хүчний баланс зохиох зэрэг аргачлалуудыг шинэчлэн боловсруулан баталж мөрдүүлжээ. Улсын хэмжээний хэрэглээний үнийн индекс тооцох арга зүй, сагс, жинг шинэчлэн боловсруулж, мөрдөх бэлтгэл ажлыг 2007 онд хийж, индексийг 2008 оны нэгдүгээр сараас эхлэн нийтэд зарлан мэдээлдэг болсон. Үндэсний тооцооны дансуудыг 5 сектороор 2003 онд анх удаа байгуулжээ. Далд эдийн засгийн судалгааг олон улсын арга зүйн дагуу бүрэн хэмжээгээр анх удаа явуулж, үр дүнг тархаав. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойд зориулан “Монгол улс 100 жилд” 1911-2011 эмхэтгэлийг боловсруулж, хэрэглэгчдэд тархаасан. Статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn вэб сайтыг ашиглалтад оруулсан. ҮСХ, Нийслэлийн статистикийн газар, 21 аймаг, 9 дүүргийн статистикийн хэлтсүүдийг холбосон мэдээллийн нэгдсэн сүлжээг анх удаа бий болгов.

СТАТИСТИКИЙН АЛБАНЫ ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монгол Улс хөрш орнууд, бусад улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бие биеэ харилцан хүндэтгэн, гадаад харилцаагаа төрөл бүрийн салбарт өргөжүүлж ирсэн түүхтэй. Монгол Улсын статистикийн алба нь нарийн мэргэжлийн байгууллага тул олон улсын байгууллага, гадаад улс орны туршлага, дэмжлэг нэн чухал байсан. Энэ чиглэлээр статистикмйн алба хөгжлийнхөө тодорхой цаг үед нэлээд эрчимтэй ажиллаж иржээ. Монгол Улсад бүртгэл, статистикийн алба үүссэнээс эхлэн мэдээллийг боловсронгуй болгох, статистикийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ) чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Бүртгэл статистикийн ажилтан нарыг 1926 оноос эхлэн Москва хотод явуулж сургаж эхэлсэн байна. ЗХУ-д сургууль, курс төгсөгчид нь Монголын бүртгэл, статистикийн үндэсний анхны мэргэжилтнүүд байсан. Статистикийн тулгамдсан гол гол ажилд зөвлөгөө авах, Монгол ажилтныг дагалдуулан сургах зорилгоор өндөр мэргэжлийн статистикчид, тооцоолон бодох машины инженер-техникийн ажилтныг ЗХУ-аас урьж ажиллуулдаг байсан. Монгол Улсын Статистикийн төв газар, ЗХУ-ын СТГ-тай бүх талаар хамтран ажиллах шууд холбооны хэлэлцээрт 1978 оны 1-р сарын 31-нд гарын үсэг зурж, хоёр улсын статистикийн төв газрын хооронд 1974 онд байгуулсан шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах шууд холбоог бүх талын болгож өргөжүүлэн протокол үйлдэж, ойртон нягтрах программ, төлөвлөгөө, сэдвийг баталж ажил хэрэг болгожээ. БНМАУ 1961 онд НҮБ-д, 1962 онд Эдийн Засгийн Харилцан Туслах Зөвлөлд гишүүнээр элссэн нь өөрийн орны статистикийн хөгжлийн түвшин, удирдлага зохион байгуулалт, үзүүлэлтийн тооцоо, аргачлалыг олон улсын ялангуяа ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын жишигт хүрэхэд ихээхэн ач холбогдолтой болсон байна. Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөл (ЭЗХТЗ) нь Европын социалист гэгдэж байсан улсуудыг багтаасан эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага байсан юм. Монгол Улс 1962 онд, Вьетнам, Куба улс хожим ЭЗХТЗ-ийн гишүүнд элссэн юм. ЭЗХТЗ-ийн хүрээнд Статистикийн байнгын комисс, мөн бүртгэл статистикийн мэдээллийг механикжуулах байнгын ажлын бүлэг ажиллаж байсан. Манай улс 1962 оноос 1990 оныг хүртэл 70 гаруй багц үзүүлэлт, аргачлалыг гишүүн орнуудтай хамтран боловсруулж, хэрэгжүүлж байна. Монголын статистикийн албыг хөгжүүлэхэд НYБ, түүний төрөлжсөн байгууллагуудын хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтой байсаар ирсэн. НYБ-ын төрөлжсөн байгууллагуудтай Монгол Улсын статистикийн тоо мэдээлэл гаргаж өгөх, аргачлал зөвлөмж авч ашиглах, мэдээлэл солилцох зэрэг хэмжээнд хамтран ажиллаж байв. НYБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (ХХ)-тэй 1970-1971 оноос хамтран ажиллаж 1970 оны сүүлчээр Монголд Тооцоолох төв байгуулах Засгийн газрын саналыг илгээснээс хойш хамтын ажиллагаа илүү далайцтай хөгжсөн. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж эхэлсэн 1990 оноос статистикийн албаны гадаад харилцааны шинэ үе эхэлж, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг идэвхтэйгээр хөгжүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн байна. Статистикийн мэдээллийн үзүүлэлт, аргачлалыг олон улсын жишиг стандартад нийцүүлэх, үндэсний тооцооны системийг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж эхэлсэн. Хүн ам, нийгмийн статистикийн чиглэлээр төрөл бүрийн түүвэр судалгаа явуулах, статистикийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх зэрэгт НYБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан, Хүүхдийн сан, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Олон Улсын Валютын Сан, Эдийн Засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Евростат зэрэг олон улсын байгууллагатай өргөн хүрээтэй хамтран ажиллаж байна. Манай улс НҮБСК-ын ээлжит чуулганд ажиглагчаар тогтмол оролцож ирсэн. Сүүлийн жилүүдэд оролцоогоо ихээхэн идэвхжүүлсэн төдийгүй олон улсын статистикийн хамтын нийгэмлэгийн шугамаар зохиогдсон бүхий л арга хэмжээнд үр дүнтэй оролцож байна. Монгол Улс 2011 оноос НҮБ-ын гишүүн 194 улсаас төлөөлөн сонгогддог НҮБ-ын Статистикийн Комиссын 24 гишүүн орны нэгээр сонгогдож, гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Статистикийн салбарын гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр хийсэн томоохон ажлын нэг нь “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын бүлэг”-ийг 2012 онд байгуулж, ээлжит уулзалтыг зохион байгуулж, Америк, Ази, Номхон Далайн орнуудын статистик, тооллогын байгууллагын дарга нарын зөвлөлтэй хамтран Хүн амын тооллогын 26 дугаар олон улсын бага хурлыг амжилттай зохион байгуулсан явдал юм. НYБ-ын Ази, Номхон далайн орнуудын Эдийн засаг, нийгмийн комиссын статистикийн хорооны ээлжит чуулган, сургалт, семинарт статистикийн төв, орон нутгийн албаны ажилтнууд 1970-аад оноос эхлэн оролцож эхэлсэн. ҮСХ нь НҮБАНДЭЗНК-ын үйл ажиллагаа, бүс нутагт чухал ач холбогдол бүхий статистикийн асуудлыг авч хэлэлцэхэд идэвхтэй оролцож байна. Монгол Улс НҮБ-ын Ази, Номхон Далайн орнуудын Статистикийн Институтийн гишүүнээр 1993 онд элссэн. YСХ нь Ази, Номхон Далайн орнуудын Статистикийн Институттэй 1989 оноос идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд жил тутам 2-3 мэргэжилтнийг АНДОСИ-д 2-6 сарын хугацаагаар сургах, өндөр мэргэжлийн багш нар ҮСХ-д ирж ажиллаж, богино хугацааны сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллаж байна. Мөн АНДЭЗНК-ын хүрээнд Эдийн засгийн статистикийн бүсийн хөтөлбөрийн байнгын баг, Хүн ам, нийгмийн статистикийн техникийн зөвлөх багуудад ҮСХ-ны төлөөлөгчид 2009 оноос эхлэн ажиллаж байна. ҮСХ-ны хүсэлтийн дагуу НҮБЕЭЗК-оос Монгол Улсын үндэсний статистикийн системд цогц үнэлгээ хийхээр НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Статистикийн хэлтэс, НҮБ-ын АНДЭЗНК-ийн Статистикийн хэлтэс, Европын Чөлөөт Худалдааны Ассоциаци, Норвегийн Статистикийн газрын төлөөлөгчдөөс бүрдсэн мэргэшсэн үнэлгээний баг ажилласан нь Ази, Номхон Дайлан бүс нутагт олон улсын цогц үнэлгээнд хамрагдсан анхны орон болов. Монгол Улсын ҮСХ нь хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд Ардчилсан Герман, Чехословак, Югослав, Польш, Болгар, Венгер, Вьетнам, Куба, Румын улсын статистикийн байгууллагатай 1980-аад оноос эхлэн хамтран ажиллаж, туршлага судалж байсан. Зах зээл хөгжсөн орнуудын статистикийн албатай 1990-ээд оноос эхлэн хамтран ажиллаж эхэлсэн. Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос, Япон, Турк, Энэтхэг, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Австрали, Вьетнам зэрэг орны статистикийн байгууллагатай 2014 оны байдлаар хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байна. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд статистикийн албаны төлөөлөгчид харилцан айлчлаж, хамтын ажиллагааны хэлбэрээ тогтож, мэдээлэл солилцохын зэрэгцээ мэргэжилтнүүд харилцан туршлага судлах, богино хугацааны сургалт зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаа эрчимтэй явагдаж байна. Дэлхийн банкны “Улс орнуудын статистикийн байгууллагын чадавх”-ийг үнэлэх үнэлгээг жил бүр хийдэг. Уг үнэлгээгээр Монгол Улс 2013 онд үндэсний статистикийн чадавхийн ерөнхий дундаж оноо 83 болж дэлхийн дунджаас 15 нэгжээр, статистикийн аргачлалаар 70 болж 12 нэгжээр, мэдээллийн эх үүсвэрээр 100 болж 35 нэгжээр дээгүүр байна.

--- о 0 о ---