Хэрэглэгч:Tomoko~mnwiki
Уламжлалт Анагаахын Сургуулийн товч түүх: Уламжлалт Анагаахын Сургуулийн (УАС) түүх бол Монголын уламжлалт анагаах ухааны (МУАУ) түүхийн нэгэн хэсэг болох нь дамжиггүй юм. МУАУ-ыг түүхийн хамгийн итгэл үнэмшил бүхий нотолгоо болох Монгол нутгаас олдсон шинэ чулуун зэвсгийн (МЭӨ 8000-3000) үеийн археологийн олдворуудад үндэслэн наад зах нь 5000 орчим жилийн өмнөөс үүсэлтэй хэмээн үздэг. МУАУ-ны хөгжлийг түүхийн дараах үечлэлүүдэд хуваадаг. Үүнд:
1. Анагаах ухааны урлаг, заслын үүсэл хөгжлийн эхэн үе (анагаах ухаанд хэрэглэж байсан шинэ чулуун зэвсгийн багаж олдсон үеэс нүүдэлчдийн анхны төрт улс үүссэн МЭӨ 2009 он хүртэл).
2. Эмнэлэгийн тусламжийн туршлага хуримтлагдаж, анагаагч эмч бий болсон үе ( анхны төрт улсаа байгуулсан Хүннүгийн үеэс Их Монгол улс байгуулагдсан 1206 он хүртэл).
3. Анагаах ухааны тогтолцоо үүсэхийн өмнөх үе (Их Монгол улс хүчирхэгжсэн үеэс Бурханы шашин 3 удаагаа дэлгэрч эхэлсэн 1578 он хүртэл). Энэ түүхэн үед Монголын уламжлалт анагаах ухаан өөрийн уламжлал дээр үндэслэн бусад орны анагаах ухаанаар баяжигдан хөгжиж байжээ.
4. Анагаах ухааны сургуулиуд (урсгал) үүсч гаран “Анагаах ухааны дөрвөн үндэс” Монголын анагаах ухааны сургалт, онол практикийн үндэс болсон үе (Бурханы шашин дэлгэрснээс ардын ардчилсан хувьсгал ялах хүртэл 1578-1921). Ламын гэгээн Лувсанданзанжанцан (1639-1704) 1681 онд анхны эмнэлгийн сургууль байгуулж үндэсний эмч мэргэжилтнүүдийг бэлдэж эхэлсэн байна. Энэ түүхэн үед Монголын анагаахын эрдэмтэн мэргэд олноор төрөн гарчээ.
5. Социализмын үеийн Монголын уламжлалт анагаах ухааны үе (уламжлалт анагаах ухааны тогтолцоо задарч хөгжил удааширсан 1921-1990 он). Энэ үед 1921-1937 он хүртэлх хугацаанд дорно өрнийн анагаах ухаан хослон хөгжиж өнөөгийн клиникийн томоохон эмнэлгүүдийн үндэс суурь тавигдаж байжээ. Харин 1937-1990 он бол үзэл суртлын зөрчилдөөний улмаас уламжлалт анагаах ухаан дарагдаж далд байдалд орсон үе юм. Гэсэн хэдий ч 1958 онд Д. Бадарчин Б. Цэрэнжигмэд нар УКТЭ-т зүү төөнийн кабинет, 1959 онд академич Ц. Хайдав “Эм судлалын лаборатори” байгуулж уламжлалт эмийг шинжлэх ухааны үндэстэй судлах эх үндсийг бий болгосон байна.
6. Монголын уламжлалт анагаах ухааны шинэ тогтолцооны хөгжлийн үе (уламжлалт анагаах ухаан төрийн бодлоготой болж онол, оношлогоо, эмчилгээний аргууд нь шинэчлэгдэж эхэлж буй 1990 оноос хойшхи үе). Энэ шинэ үеэс уламжлалт анагаах ухаан сургалт, эрдэм шинжилгээ, уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээний чиглэлээр дахин сэргэн хөгжих таатай нөхцөл бүрдсэн. Энэ түүхэн үед улсын болон хувийн хэвшлийн сургууль, эмнэлгүүд байгуулагдаж эхэлсний анхдагч нь АУ-ны доктор, профессор, монгол улсын хүний гавъяат эмч Н.Төмөрбаатарын удирдлагаар байгуулагдсан тухайн үеийн АУДС-ийн Монголын Уламжлалт Анагаахын Тэнхим юм. Тус тэнхим 2000 онд УАС болон өргөжиж анхны тэнхимийн эрхлэгчээр Д. Цэрэндагва, Д. Цэнд-Аюуш, С. Олдох нар ажиллаж эхэлсэн. 1993 онд Монгол Улсад анхны дээд боловсролтой уламжлалт анагаахын эмч нар төгсөн гарсан бөгөөд онцсайн үнэлгээтэй төгсөгчдөөс бэлтгэн багшлах боловсон хүчнээ өргөжүүлж байсан. Тэдгээрээс дурдвал Дотор Өвчин Судлалын Тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор С. Сээсрэгдорж, АУ-ны доктор, профессор Д. Цэрэндагва, багш С. Цэнд-Аюуш нар юм. Тус сургуулийг төгсөгчид дотроос профессор, дэд профессор, клиникийн профессор, анагаахын шинжлэх ухааны доктор, АУ-ны доктор, АУ-ны магистр зэрэг нь олон тоогоор төрөн гарснаас гадна төрийн эрхэм алба хашиж байгаа хүмүүс нэлээд буйн дээр эх орны нэр хүндтэй эмнэлэгүүдэд ажиллаж байгаа болон олон улсад Монголын Уламжлалт Анагаах Ухааны нэр хүндийг өндөрт авч яваа эмч нар олон бий.