Jump to content

Хээрийн судалгааны болон тооцооллын арга зүй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Эвдэрлийн байршил, цар хүрээг тодорхойлох: Эдэлбэр газрын экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох ажил нь үнэлгээнд хамрагдах газрын хэмжээг тогтоохоос эхэлнэ. Захиалагчийн өгсөн ажлын даалгаварт судалгаанд хамрагдах талбай, координатууд заагдсан ч хээрийн судалгааны явцад газар дээр нь хэмжилт хийж баталгаажуулна.

Уул уурхайн төслүүдийн хувьд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээгээр үнэлгээг хийх бөгөөд тусгай зөвшөөрлийн талбайн хил хязгаараас давж үйл ажиллагаа явуулсан, эвдрэлд өртсөн зэрэг тохиолдол бүрт хэмжилтийг хийж, эдэлбэр газарт үүсгэсэн хохирлыг үнэлнэ.

Иргэн, аж ахуйн нэгж, бусад байгууллагаас захиалж эдэлбэр газрын экологи-эдийн засгийн үнэлгээ хийлгэх үед нөлөөлөлд өртсөн талбайн хэмжээг хээрийн судалгааны явцад нарийвчлан тогтооно.

Үнэлгээнд хамрагдах талбайн байршил, газрын үнэлгээний бүс, тойрог, газрын суурь үнэлгээг Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолд заасан дүнгээр авна.

Эвдрэл, талхагдлыг ангилах, зэрэглэл тогтоох: Газрын эвдрэл нь үйл ажиллагааны төрөл, цар хүрээнээс хамаарч олон янз байх тул эвдрэлийн төрөл бүрээр, ялгааг гаргаж, нарийвчлан хэмжинэ. Хэмжилтийн дүн нь экологи-эдийн засгийн үнэлгээ хийх тооцооллын суурь болох юм. Эвдрэл, талхагдалд өртсөн газрыг хэмжиж тогтоохдоо дараах ангиллыг мөрдөнө. Үүнд:

• Маш хүчтэй өртсөн

• Хүчтэй өртсөн

• Дунд зэрэг өртсөн

• Бага өртсөн

• Эерэг нөлөөлсөн

Үнэлгээнд хамрагдах газрын ландшафтын тогтвортой байдлыг тухайн газар нутгийн тогтоцын шинж чанар, хөрс, чулуулгийн геотехникийн үзүүлэлтийг харгалзан тогтоохдоо дараах ангиллыг баримтлана. Үүнд:

• Тогтворгүй

• Бага зэрэг тогтвортой

• Дунд зэрэг тогтвортой

• Тогтвортой

Ангилсан эвдрэлийн хэмжилт: Газрын гадаргууд үүссэн ухаш, нуур, хөрсний овоолго, зам болон бусад байдлаар талхлагдсан талбайн геометрийн хэмжээсүүдийг мэргэжлийн эксперт зориулалтын багаж хэрэгслийг ашиглан хэмжиж тогтооно.

Ландшафтын тогтвортой байдлын түвшинг тогтоохдоо хөрс чулуулгийн тогтоц, эдэлбэр газрын үнэлгээний суурь зураглал, энэ чиглэлээр хийгдсэн мэргэжлийн байгууллагын судалгааны дүгнэлт, эвдрэлийн байдалд нийцүүлж, байгаа мэдээллийн хүртээмж боломжийг ашиглах бөгөөд шаардлагатай үед нэмэлт геотехникийн судалгааг хийлгэж, мэргэжлийн экспертийн дүгнэлт гаргуулах замаар тогтооно.

Эвдрэл, талхагдлын эзлэх талбайн зураглал: Хээрийн судалгааны хэмжилт, тогтоосон байршлын өгөгдлийг ARCGIS программаар боловсруулан зураглал үйлдэнэ. Зураглал нь газрын эвдрэл, талхагдлыг зэрэглэн үзүүлж талбайн аль хэсэгт ямар эвдрэлтэй байгааг харуулсан 2D зураг байна. Зурагт эвдрэлийн талхагдлын зэрэг бүрээр талбайн хэмжээг тодорхойлсон байх бөгөөд энэ нь эдэлбэр газрын үнэ цэнийн бууралтын итгэлцүүрийг сонгох үндэслэл болно.

Эдэлбэр газрын эдийн засгийн үнэ: Байгаль орчны хохирол, нөхөн төлбөр тооцох аргачлалыг шинэчлэх ажлын хүрээнд эдэлбэр газрын экологи-эдийн засгийн үнэлгээг нөөцийн хандлагын үүднээс, үнэ цэнийн өөрчлөлтөөр тооцох аргыг үндэслэл болгосон. Тодруулбал, байгалийн нөөцийн эдийн засгийн үнэ цэнэ, экосистемийн үйлчилгээний өөрчлөлтийн хэмжээ, экосисмемийн үйлчилгээний алдагдсан, эсвэл өссөн үнэ цэнээр тодорхойлох бөгөөд газрын нөөцийн эдийн засгийн үнэлгээг Засгийн Газрын 182-р тогтоолын хавсралтуудад заасан үнийг суурь үнэлгээ (Үland) болгон авна.

Уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа газрын суурь үнэлгээг аймгийн төв болон ойр орших суурин газрын ХАА-гаас бусад үйлдвэрлэлийн нэг га газрын суурь үнэлгээгээр тооцно.