Хээрийн экосистем
Монголын хээр нь Евроазийн хээрт хамаарах боловч цөм хэсэг нь хялганат хээр хэмээх давтагдашгүй өвөрмөц нутаг байх нь дэлхийн ургамал-газар зүйн судалгаанд онцгой байр суурь эзэлдэг байна. Хээрийн ургамлын бүрдэл нь
нэгдүгээрт: үе үе тохиолдох ганг тэсвэрлэх чадвартай ургамлан нөмрөгтэй;
хоёрдугаарт: газрын дээрх хэсгээсээ хэдэн арав дахин их хүчирхэг үндэсний системтэй (зарим судлаачид “уруугаа ургасан ой” гэж тодорхойлсон байдаг);
гуравдугаарт: органик массыг түргэн бүрдүүлэх юм уу, түргэн задардаг онцлогтой байна. Хээрийн экосистемд өвсөн тэжээлтэн амьтны зүйл зонхилон тархаж амьдрах бөгөөд олонх нь экосистемийн газрын доорх үелэлтэй нягт холбоотой оршин амьдардаг байна.
Энэ нь хээрийн экосистемийн амьдрал тэтгэх үнэ цэнэ нь газрын хэвлийд байдгийг харуулж байгаа бөгөөд нөхөн сэргэх боломжоороо ойн экосистемээс ихээхэн дутмаг биотоп болно.