Хүлэмжийн хийн ялгарал
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенц (Конвенц гэх)-ийн гол зорилго бол агаар мандал дах хүлэмжийн хийн агууламжийг тогтворжуулах ба түүнийг хүний буруутай үйл ажиллагаанаас болж уур амьсгалын тогтолцоонд сөрөг нөлөөлөл үзүүлэхээргүй түвшинд барих явдал юм. Конвенцийн 4 ба 12 дугаар заалт, мөн Талуудын бага хурал (ТБХ)- ын холбогдох шийдвэрийн дагуу Конвенцийн Хавсралт 1-ийн орнууд нь Монреалын Протоколоор хянадаггүй хүлэмжийн хийг шингээх замаар арилгах, мөн хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй эх үүсвэрүүдийн ялгарлын хүлэмжийн хийн үндэсний тооллого (ХХҮТ)-ыг тооцож, конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт өгч байх үүрэг хүлээсэн байдаг. Мөн түүнчлэн Хавсралт 1-ийн орнууд конвенцид хүлээсэн үүргийнхээ дагуу ХХҮТ-ын мэдээллийг өөрсдийн 4 жил тутмын үндэсний тайлан-илтгэлдээ товч дүгнэлт маягаар тусгаж байхаар тогтсон байдаг. Конвенцийн 17 дугаар ТБХ-аар Хавсралт 1-ийн бус орнууд нь хоёр жил тутмын шинэчилсэн тайлангаа ХХҮТ-ын үр дүнгийн хамт хүргүүлэх шийдвэр гарсан (UNFCCC, 2014). ХХҮТ нь тухайн улс орны нутаг дэвсгэрт хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй анхдагч эх үүсвэрээс ялгарсан ба шингээсэн (ой мод, тариалангийн газар гэх мэт) хүлэмжийн хийг тодорхойлж, тооцох зорилготой юм.