Хүлээ, намайг хүлээ (шүлэг)
Хүлээ, намайг хүлээ (шүлэг) - Зөвлөлтийн алдарт яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Константин Симоновын хайрт бүсгүй Валентина Серовад зориулсан алдартай яруу найраг.
Энэ шүлгийг эх орны их дайны хүнд хэцүү үе болох 1941 оны 7-8-р сард бичжээ. Энэ шүлэг тухайн үеийнхэнд ялах, хүлээхийн аугаа их итгэл найдварыг өгч байсан гэдэг.
Шүлэг бичсэн түүх
[засварлах | кодоор засварлах]Константин Симоновын уншигчдад бичсэн захидлаас (1969): "Хүлээ, намайг хүлээ" шүлэгт ямар ч онцгой түүх байхгүй. Би зүгээр л дайнд явсан бөгөөд миний хайртай эмэгтэй ар талд үлдсэн байсан. Тэгээд би түүнд шүлэглэсэн захидал бичсэн..."
Уг шүлгийг анх хэвлүүлэх зорилготой байгаагүй, хэтэрхий хувийн шинжтэй гэж үзсэн учраас. Гэхдээ Симонов шүлгээ найзууддаа олон удаа уншиж өгсөн байна. Анх 1941 оны 10-р сард Хойд фронтод хамт ажилладаг гэрэл зургийн сэтгүүлч Григорий Зельмад уншиж өгсөн. Зохиолч түүнд зориулж шүлгээ дэвтрээсээ хуулж, огноог нь "1941 оны 10-р сарын 13, Мурманск" гэж нэмж бичжээ. 1941 оны 12-р сарын 9-нд К.Симонов шүлгийг радиогоор өөрөө уншжээ. Харин анх 1942 оны 1-р сарын 14-нд "Правда" сонины гуравдугаар нүүрэнд нийтлэгдсэн байна.
Дайны үед "Хүлээ, намайг хүлээ" шүлэг нь дайчдын дунд маш их алдартай байсан бөгөөд залбирал, шившлэг мэт байсан.
Монгол орчуулга
[засварлах | кодоор засварлах]Хүлээ, намайг хүлээ
Би эргээд
Хүрээд ирнэ гэж хүлээ
Хүлээхийн дээдээр хүлээ.
Харанхуй үдшээр ч хүлээ
Хайруу үүрээр ч хүлээ
Цасан шамарга бүхнийг хулдаж
Цан хүүрэг бүхнийг царцаасан ч
Хүлээ, намайг хүлээ
Хүрээд ирнэ гээд хүлээ
Хүлээхийн дээдээр хүлээ.
Сураг тасарсан ч хүлээ
Азарган бороо шавхуурдсан ч
Аагим халуун мансууруулсан ч
Огт эргэлзэлгүй хүлээ
Өөр юунд итгэж найдалгүй хүлээ
Түүдэг тойрон суугаад хатуу дарс сөгнөх
Төө зайгүй дайчин нөхөд минь намайг дурсаж
Гашуудлын хундага өргөсөн ч хүлээ,
Гарцаагүй намайг ирнэ гээд хүлээ.
Ээ, одоо март даа гэж бүгдээр чамайг ятгаж байсан ч
Ээж минь, хүү минь намайг ирэхгүй нь дээ гэж
Итгэлээ алдан цөхөрсөн ч хүлээ,
Эргээд ирнэ гээд хүлээ.
Эргээд намайг амьд очиход минь
Эргэлзэн гайхаж, аз таарчээ гэж хэн нэгэн хэлбэл
Сум асгарч, бөмбөг дэлбэрсэн тэр үхлийн орноос
Хүлээж чадсан чиний минь сэтгэл л авчирсан юм гэж
Хүн бүхэнд сонсогдохоор би хашгирна аа.
Хүн хүнээс илүү чи минь
Хүлээхийн дээдээр хүлээсэн учраас л
Бидэн хоёр хамтдаа байгааг
Бүгдээр тэгээд мэдэх болно оо.
Хүлээ, намайг хүлээ
Хүрээд л ирнэ гэж хүлээ
Хүлээхийн дээдээр хүлээ…