Хүний эрхийн тухай Европын конвенц
Хүний эрх, суурь эрх чөлөөг хамгаалах тухай Европын конвенц(түгээмэл:Хүний эрхийн тухай Европын конвенц эсвэл ECHR) нь Европ даяар хувь хүний эрх, улс төрийн эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн олон улс хоорондын үндэстэн дамнасан гэрээ юм. Уг конвенцыг шинээр байгуулагдсан Европын зөвлөлийн гишүүн улсууд 1950 оны 11-р сарын 4-ний өдөр гарын үсэг зурахад нээлттэй болгосон бөгөөд 1953 оны 9-р сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Европын зөвлөлийн бүх гишүүн улсууд уг конвенцын оролцогч талууд болох ба шинэ гишүүн бүр боломжит хамгийн богино хугацаанд үүнийг соёрхон батлах үүрэгтэй.
Хүний эрхийн тухай Европын конвенц нь 1948 оны 12-р сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалаас шууд санаа авсан юм. Эдгээрийн гол ялгаа нь гаргасан шийдвэрүүд нь Европын Хүний Эрхийн Шүүхийн гишүүн орнуудад хуулийн хүрээнд үйлчилдэгт оршино. Ингэснээрээ конвенцод дурдагдсан эрхүүд нь дан ганц суурь зарчим бус хувь хүний болон улс хоорондын гомдлын журмаар бодитойгоор хэрэгжиж болохоор болдог.
Эдгээр шүүхийн үйл явцыг хэрэгжүүлэхийн тулд уг конвенцоор Европын зөвлөлийн сайд нарын хороо болон Европын Хүний Эрхийн Шүүхийг үүсгэн байгуулсан ба тус шүүх нь 1959 онд байгуулагдсан цагаасаа хойш Страсбург хотод үйл ажиллагаа явуулж байна. Хэрвээ конвенцод оролцогч улс тус конвенцын 56-р зүйлийг дагаж мөрддөг бол эрх нь зөрчигдсөн гэж үзэж буй аливаа этгээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.