Хүний эрхийн төлөө тэмцэгч Э.Чулуунзүрх
Овог, нэр: Э.ЧУЛУУНЗҮРХ
Ажил, мэргэжил: Малчин, Байгаль хамгаалах иргэдийн бүлгийг үүсгэн байгуулагч
Олонд танигдсан үйл:
Малын бэлчээр, төрж өссөн газар шороо, тулж түшдэг нутгийн зон олныхоо эрхийг хамгаалахад тууштай тэмцсэн тэмцлээрээ олны хүндэтгэл, талархлыг хүлээсэн хүний эрхийн хамгаалагчдын нэг юм.
Товч танилцуулга:
Э.Чулуунзүрх нь байгаль эх дэлхий, газар шороо, булаг усаа бохирдуулахгүй байх, эх дэлхийгээ хайрлахын төлөө иргэдийг уриалан, үлгэрлэж тууштай ажиллаж байгаа залуусын төлөөлөл юм.
Хөдөө орон нутагт уул уурхай, хайгуулын ажил их хийгддэг учир малчдын эрх ашиг нилээдгүй зөрчигдөх болсон. 1997 оноос Уул уурхайн лизенц олголт нэмэгдсэнээр байгаль орчинд сөрөг үр дагавар багагүй гарах болж, түүгээр ч зогсохгүй малчдын эрх ашиг ч зөрчигдөж эхэлсэн. Энэ бүхнээс шалтгаалан тэрээр 2012 оноос хойш уул уурхай, байгаль орчны асуудлын хүрээнд дуу хоолойгоо өргөж эхэлжээ.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын газар нутаг ашигт малтмал ихтэй гэдгээрээ бусад газраас онцлог, давуу талтай. Лиценц олголтоор нэгд явдаг. Жишээ нь, нүүрс, цемент шохой, жонш, гөлтгөнө, хайрга, дайрганы бүх төрөл, төмрийн хүдэр зэрэг баялаг ихтэй. Гэсэн ч тэр хэрээр сумын уугуул, суугууль иргэд, малчдын эрх их зөрчигдөх болсон. Уул уурхайн компаниуд тус сумын 404.5 мянган га газар нутгийн 70 гаруй хувьд нь 1990-ээд оноос хойш хайгуул, олборлолт явуулж иржээ. Үүний улмаас 150 мянган малчин малаа бэлчээх бэлчээргүй болсон байна.
Иймд тэрээр “Байгаль хамгаалах иргэдийн бүлэг”-ийг 2017 онд байгуулж, өнөөдрийг хүртэл идэвхтэй тэмцэж, шат дараатай арга хэмжээ авсны эцэст их биш ч чамлахааргүй үр дүнд хүрч чадсан юм. Байгаль хамгаалах иргэдийн бүлэг нь 27 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд үүнд сум, орон нутгийн удирдлагаар ажиллаж байсан хүн, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, өрх толгойлсон эцэг, эх, малчин зэрэг нийгмийн бүхий л давхаргын төлөөллүүд байдаг.
Тэд Засгийн газар, УИХ-ын дарга, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Ашигт малтмал, газрын тосны газарт 900 гаруй малчин, иргэдийн гарын үсэгтэй албан бичиг хүргүүлж, тууштай тэмцсэний үр дүнд бодлогын түвшинд нөлөөллийн арга хэмжээ авч, нааштайгаар шийдүүлж байв.
Энэхүү нөлөөллийн ажлыг хийж чадаагүй бол 10 гаруй мянган га талбай эвдэгдэж, гурван багийн 50 орчим айл өрхийн 30 гаруй мянган мал бэлчих газаргүй болох эрсдэлтэй байжээ.
Эх сурвалж: Хүмүүс сонин 2020.05.13 №093