Хүнсний үйлдвэр
Монгол оронд хүнсний аж үйлдвэрийн салбарын гал голомт ардын хувьсгалын анхны жилүүдэд гар ажиллагаатай жижиг цех тасгуудаас үүсч, 1930 онд Худалдаа Аж Үйлдвэрийн Яам байгуулагдаж, түүний удирдлагад Идэш тэжээлийн трест, талх чихэр, боовны цех, мал нядалгааны газар, архин завод зэрэг нэлээд аж ахуйн нэгж нэгдсэн бодлого, зорилготой ажиллах болжээ. Энэ үеийг Монгол улсад хүнсний аж үйлдвэрийн салбар үүссэн түүхэн үе гэж тооцдог.
Салбарын түүхийг хураангуйлбал 1930 он хүртэл салбарын шинж төрх бүрдэж, 1960 он болоход эх орны мал аж ахуй, газар тариалангийн нөөц боломжид тулгуурлан цар хүрээ нь тэлж, 1990 он хүртэл шинжлэх ухаан, технологийн ололт эрчимтэй нэвтэрч, 1991 оноос зах зээлийн эдийн засгийн зарчмын дагуу эрэлтэд суурилсан үйлдвэрлэл түүхий эдийн тархац, хэрэглэгчийн байршлыг баримжаалан хөгжиж, бүтээгдлэхүүний нэр төрөл олшрон, чанар, сав баглаа боодол нь улам сайжирч байна.
Хүнсний үйлдвэрлэлийн технологи нь биологи, хими, физикийн техникийн шинжлэх ухааны олотод тулгуурлах нь түүний түвшинг түүхий эдийн шимт бодисын ашиглалтын зэрэг бүтээгдэхүүний найрлага хүний биед үзүүлэх эерэг үйлчилгээ, эрүүл ахуйн хэм хэмжээг хангасан байдлаар үнэлдэг. Ийм учраас хүнсний үйлдвэр бүрт чанар, технологийн хяналтын алба, хими микробиологийн лаборатори ажиллаж, түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалтыг баталгаажуулдаг.
Энэ салбарт Монгол улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 10 гаруй %, боловсруулах үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 60 гаруй %-ийг үйлдвэрлэж байна.