Хөвсгөл аймгийн музей
Хөвсгөл аймгийн Төв музей 1949 онд Аймгийн намын 6-р бага хурлын шийдвэрээр “Орон нутаг судлах кабинет” нэртэй байгуулагдсан, 1967 оны 10-р сарын 5-ны өдрийн БНМАУ-ын Соёлын Яамны Сайдын тушаалаар “Орон нутгийг судлах музей “ болж өргөжсөн. 1987-1993 онд дэргэдээ амьтны хүрээлэн, 1994-2021 он хүртэл "Хөвсгөл аймгийн Орон нутгийг судлах музей", 2022 оноос Хөвсгөл аймгийн Төв музей хэмээн нэрээ өөрчилөн үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнөөдөр тус музей Хөвсгөл аймгийн Түүх, угсаатаны зүй, шашин, археологи, урлаг, уран сайхан, байгалийн ач холбогдол бүхий 4000 орчим үзмэртэй. Нийт цуглуулгын 40 орчим хувийг байнгын үзүүллэгийн 3 танхимд дэглэсэн соёлын үйлчилгээг олон нийтэд хүргэдэг бөгөөд мэргэжлийн судалгааны байгууллагатай хамтран ном бүтээл гаргах, судалгаа хийх, музейн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж түр болон нүүдлийн үзэсгэлэнгээр тогтмол үйлчилдэг. Орон нутгийнхаа байгаль, түүх, соёл , угсаатны зүйн Шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйлсийг цуглуулан сан хөмрөгөө тогтмол баяжуулж ирсэн бөгөөд нийт цуглуулгын 60 орчим хувь сан хөмрөгт хадгалагдаж байдаг тул байнгын үзүүллэгийн танхимд төлөвлөгөөний дагуу жилд 2-3 удаа шинээр үзмэр гаргаж дэглэн үзэгчдэд музейг олон удаа давтамжтай үзэх боломжийг хангадаг.
Монгол Улсын Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, үл хөдлөх дурсгалт зүйл, соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчийг бүртгэн баримтжуулж улсын нэгдсэн Боловсролын мэдээллийн санд дамжуулдаг.
Чулуун зэвсгийн үеэс эхлэн 20-р зууны сүүл үе хүртлэх аймгийн түүх, угсаатны зүй, байгалийн холбогдолтой үзмэрийг үзүүллэгийн 3 танхимд дэлгэн үзүүлж байна.