Jump to content

Хөрсний доройтол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хөрс үржил шимт чанараа алдах үйл явцыг хөрсний доройтол гэнэ. Хөрс доройтолд орсноор хөрсний хамгийн гол шинж чанар болох ургамлын ургах нөхцөл, шим тэжээлийн бодисоор хангах чадвараа алддаг. Хөрсний доройтол нь дараах 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

а. Хөрсний үржил шимийн бууралт: Хүний үйл ажиллагаанд удаан хугацаанд ашиглагдсан, эсвэл уур амьсгалын хуурайшилтын нөлөөгөөр хөрс нь эрдэсжиж хөрсний ерөнхий үржил шимийн бууралт болдог.

б. Хөрсний бохирдол: Хөрсний бохирдол болон элэгдэл эвдрэл нь өөр хоорондоо салшгүй холбоотой байдаг. Бохирдолтод өртсөн хөрс ихэнх тохиолдолд тодорхой хэмжээгээр мөн эвдрэлд ордог. Гэхдээ эвдрэлд ороогүй хөрс бохирдож болно. Бохирдлын түвшин нь бохирдуулагч бодисын шинж чанар, тархалт, нэвчилтийн гүн, хөрсний шинж чанар, хур тунадас, газрын байрлал зэрэг олон үзүүлэлтээс хамаарна.

в. Хөрсний эвдрэл: Хөрс байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр элэгдэж эвдрэх үйл явцыг хөрсний эвдрэл гэнэ. Газрын эвдрэл гэдэг нь хөрсний эвдрэлээс арай илүү өргөн ойлголт бөгөөд хөрс болон түүний доод үеийн хурдас чулуулаг элэгдэл эвдрэлд орохыг хамтад нь газрын эвдрэл гэнэ.

Хөрсний эвдрэлээр хөрсний үржил шимт чанар алдагддаг учраас хурдас чулуулгийн эвдрэлийг бодвол арай илүү экологийн хохирол учирна. Ургамал ургахгүй, амьд организмын амьдрах орчин алдагдах, хөрсөн бүрхэвч элэгдэл эвдрэлд хурдан орох гэх мэт сөрөг үйл явц ажиглагдана.

Монгол орон нь газарзүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөөд байгаа 10 орны нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдаж байна.

2020 оны байдлаар Монгол орны цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76.9% буюу 120.3 сая га талбай доройтсон. Үүнээс цөлжилт сул илэрсэн 31.5%, дунд зэрэг илэрсэн 22.1% нь, хүчтэй 18.6% нь, нэн хүчтэй 4.7%-ийг эзлэх бөгөөд Засаг захиргааны нэгжийн хувьд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь-сүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нийт газар нутгийн 50-70% цөлжилт, газрын доройтолд өртсөн байна.