Jump to content

Хөрсний нөхөн сэргэлтэд ашиглах үе давхарга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хөрс нь газрын гадаргын дээд хэсэгт химийн болон физик шинж чанарын хувьд тодорхой ялгарах хэд хэдэн үеэс тогтоно. Хөрсний үе давхаргууд нь тухайн хөрсний үүсэх онцлог шинж чанараас хамаарч янз бүр байх боловч ерөнхийдөө A, B, C, D гэсэн үндсэн давхаргуудад ангилдаг. “A” давхарга нь хамгийн өнгөн хэсгийн үе бөгөөд хар бараан өнгөтэй, ялзмаг агуулсан, органик бодисын үхсэн амьтан, ургамлын гаралтай хуримтлалтай бөгөөд хөрсний шимт чанарыг тодорхойлогч гол давхарга юм. “B” давхарга нь органик хуримтлалын давхаргаас хурдас чулуулагт шилжих завсрын шинж чанартай. Харин “C” хөрс үүсгэгч хурдас, “D” чулуулаг давхарга болно.

Монгол орны байгалийн бүс бүслүүр бүрээр хөрсний дээрх үе давхаргуудын зузаан харилцан адилгүй байна. Ялангуяа хамгийн үржил шимтэй ялзмагт “А” үе давхаргын зузаан ууланд болон тал хөндийд, хангайд болон говьд тархсан хөрсөнд ихээхэн ялгаатай байдаг.

Эвдэрсэн газрын нөхөн сэргээлтэд шимт хөрс буюу “А”, “В” давхарга, суурь хөрс буюу “В, С” болон “С” давхаргыг ашиглана. Хөрс олон төрлийн нэртэй бөгөөд эндээс тухайн хөрсний тархсан газарзүйн мужлалын талаарх мэдээллийг авч болно. Жишээлбэл: тундрийн хөрс нь туйлын бүсэд орших бөгөөд түүний зузаан 2-3 см байдаг тул уг хөрсөнд үүссэн эвдрэл маш удаан хугацаанд нөхвөрлөгдөхгүй эмзэг тогтоцтой байдаг.